Монголчуудын сүрьеэтэй тэмцэхэд Хятадын тэргүүн хатагтай гараа сунгажээ

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ оныг “Иргэний санаачилгын жил” болгон зарласан байна. Дээрх уриалгыг дэмжиж тус дүүргийн иргэн, “Энхрий эрдэнэ” сангийн тэргүүн, мисс Э.Энхриймаагийн санаачилга, хүчин чармайлтын үр дүнд “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал” төслийг хэрэгжүүлэхээр болж, нээлтийг нь өчигдөр хийлээ.

 

Манай улс сүрьеэгийн тохиолдлын түвшнээр ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн 37 орноос эхний дөрөвт багтаж байгаа бөгөөд энэ нь нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар болон вируст гепатитын дараа гуравдугаарт эрэмбэлэгддэг бол нас баралтын түвшнээр нэгдүгээрт жагсч буй аюулт өвчин юм.

 

Зөвхөн өнгөрсөн онд сүрьеэ өвчний 3500 орчим тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь нийслэлд, 1400 гаруй нь хөдөө орон нутагт, 44 нь хорих байгууллагад илэрсэн байна. Манай улсад сүрьеэгийн өвчлөл болон нас баралт залуу насны эрчүүдийн дотор давамгайлж байгаа бөгөөд жилд дунджаар 200 гаруй хүн сүрьеэ өвчнөөр нас бардаг гэх харамсалтай тоо байдаг аж. Сүүлийн үед сүрьеэ өвчний тархалт нэмэгдэж, залуужих хандлагатай байгаагийн бодит жишээ нь саяхан нийслэлийн 15 дугаар дунд сургуульд гарсан өвчлөл юм.

Энэ өвчний талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах хэлэхдээ, зөвхөн манай улсад төдийгүй бусад хөгжилтэй улс оронд ч тулгамдсан асуудал болоод байгааг онцолж байлаа. “Манайд жил бүр бүртгэгдэж байгаа 4000 тохиолдлын цаана хэдэн хүн халдвар авсныг тогтооход хүндрэлтэй. Монголын нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвартай байх магадлалтай. Гэвч энэ нь далд хэлбэртэй байдаг бөгөөд өөрөө өвчлөхгүй, бусдад халдаахгүй яваад байх боломжтой байдаг. Харин тухайн хүний дархлалын систем алдагдаж, биеийн эсэргүүцэл суларсан нөхцөлд ил гарч, өвчлөл эхэлдэг. Тиймээс аль болох эрт илрүүлэх, үзлэг оношилгоог сайжруулах шаардлагатай байгаа юм” гэж Д.Энхмандах дарга ярьж байлаа.

Сүүлийн үед нийслэлийн дунд сургуулиудад илэрч буй хавтгайрсан халдварын байдал болон орон нутагт хийж буй үзлэг, оношилгооны үр дүнгээс харахад сүрьеэгийн өвчлөл өргөн тархацтай хэвээр байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гурван аймагт зөөврийн рентген аппарат хүлээлгэж өгсний дараа үзлэг оношилгоо хийхэд 40-50 хүн сүрьеэгээр өвчилсөн болох нь тогтоогдсон тухай мэргэжлийн эмч нар хэлсэн. Тиймээс ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас Тлобадь" сангийн төрлийн хөрөнгөөр худалдаж авсан “Жене-эксперт” зөөврийн аппаратыг дахин дөрвөн аймагт олгохоор болжээ. Сүрьеэ төдийгүй бусад өвчнөөр өвчлөхгүй байх нь хувь хүнээс ихээхэн шалтгаалах боловч нэгэнт өвчилсөн иргэдээ эмчилж илааршуулах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал” төслийн санаачлагч, мисс Э.Энхриймаа харуулж чадлаа. 

 

Тэрбээр, Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байхдаа дээрх төслийн санааг олж, бичиж боловсруулсан бөгөөд Хятадын дарга Си Жинпиний гэргий, тэргүүн хатагтайд захидал илгээсэн байна.

Түүний энэ төсөл, санаачилгыг Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань хүлээн авч дэмжсэнээр тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор болжээ. Мисс Э.Энхриймаа Баянгол дүүргийн иргэний хувьд өөрийн оршин сууж буй газраас төслийн ажиллагаагаа эхэлж, сүрьеэ өвчний талаар олон нийт, хүүхэд багачуудад сурталчлан таниулж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтын ажлыг хийж, тараах материалаар хангахаар төлөвлөсөн байна.

Мөн нэг жилийн хугацаанд үргэлжлэх төслийн хүрээнд хороодын өрхийн эмнэлгүүд сар бүрийн сүүлчийн долоо хоногийн пүрэв гарагт сүрьеэгийн үзлэг оношилгоог хийж байхаар болжээ. Төслийн нээлтэд оролцсон БНХАУ-аас Монол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Ли Ян Жунь үг хэлэхдээ, манай хоёр орны харилцаа бүх түвшинд иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжиж байгаад талархаж, энэ төслийг санхүүжүүлж буйдаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн захирал М.Тунсагтай ярилцлаа.

-Та эмч хүний хувьд сүрьеэ гэж ямар төрлийн өвчин юм бэ. Түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар товчхон зөвлөмж өгнө үү?

-Юуны өмнө “Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе” уриан дор хэрэгжүүлэх төслийн ажиллагаа Баянгол дүүргээс эхэлж байгаад баяртай байна. Сүрьеэ бол агаар дуслын замаар халдварладаг, хэн ч өвчилж болзошгүй өргөн тархацтай өвчин. Энэ өвчний нян -40 хэмийн хүйтэнд ч олон жил хадгалагдах тэдвэртэй учраас залуу хөгшин хэн боловч нус цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх нь хамгийн энгийн бөгөөд эхний дадал зуршил байх ёстой. Нөгөө талаар үр хүүхдээ олон нийтийн газарт зөв ханиалгаж сургах хэрэгтэй. Ханиалгахдаа ядаж л ам хамраа алгаараа таглах, хэрэв ханиадтай байгаа бол амны хаалт, хамрын алчуур хэрэглэж сургах нь чухал.

-Үүнийг дээхнэ үед дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулсан байсан санагдах юм. Одоо тийм юм байдаг болов уу?

-Энэ бол зайлшгүй хэрэгтэй. Дунд сургуульд “Эрүүл мэнд” гэж хичээл ордог байлаа. Эцэг эхчүүдээс хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, ханиад шуухинаа хүрсэн нөхцөлд нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Олон хоног ханиалгаад явбал сүрьеэ болох магадлалтай. Манай томчууд ч ханиадаа хүндрүүлэх явдал их байдаг. Тиймээс сошиалаар эрүүл мэндийн боловсрол олгох боломж их болсон гэж санал бодлоо хуваалцсан юм. Сүрьеэ өвчин нь хэдийгээр агаар дуслын замаар хурдан тархах магадлалтай боловч нэгэнт халдвар авсан хүн эрт оношлуулж, мэдрэг үед нь эмчлүүлбэл 270-300 мянган төгрөгийн эмчилгээгээр илааршиж болдгийг эмч нар хэлж байлаа.

 

Эдгээр зардлыг 100 хувь төрөөс даадаг байтал өвчтөн эмчилгээг дyндаас нь хаях, хайхрамжгүй хандах зэргээс шалтгаалан өвчин нь хүндэрдэг байна. Ийм тохиолдолд нэг өвчтөнд 5-6 сая, цаашлаад 40 сая төгрөгийн зардал ч гаргах шаардлагатай болдог аж.

Тиймээс нийгмийн халдварт сүрьеэ өвчинд өртсөн этгээдийг албадан эмчлэх тухай хууль боловсруулж баталсан ч болохгүй гэх газаргүйг мэргэжлийн хүмүүс санал болгодог юм билээ. Үүнээс гадна сүрьеэ өвчнийг эмчлэх эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ дутмаг байдаг. Тухайн чиглэлээр улсын хэмжээнд 450 гаруйхан хүн ажиллаж байгаагийн 40-өөд хувь нь 45-аас дээш насныхан байдаг бол энэ салбарт ажиллагсдын нийгмийн халамж, цалин хөлс төдий л сайнгүй байгааг ч бодолцох цаг болсон байна.

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Suhkbaatar (160.13.218.125)

    2019-05-17

    Ardiin Baatar Tsagaan deelt Damdinuu huugiin hushuug daisan baisan Hujaa Uls ruu zuuj avaachaad hurelduulsen bizdee.

  • (119.40.99.30)

    2019-05-17

    Ичмээр юм аа , манайхан ....