Ц.Дуламсүрэн: Засгийн газрын тогтоолоор Их тэнгэрт газар авсан гэхээр жирийн компани биш гэдэг нь тодорхой

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн газар авсан “Шинэхэн групп” компанийн талаар тодрууллаа.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ Их тэнгэрийн аманд газар олгосон байна гэж ярьсан?

-Дархан цаазат газрыг онгон,  хамгаалалтын, хязгаарлалтын  гэж гурван бүсэд хуваагддаг. Үүний хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид   тав, таван жилийн хугацаагаар сунган  газар ашиглах эрх үүсдэг. Энэ эрх иргэн бүрт нээлттэй. Харин өмчлөх, эзэмших асуудал огт яригдахгүй, ганцхан ашиглах эрхтэйгээр зөвшөөрөл олгодог.

- “Шинэхэн" групп хэзээ газар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан юм бол?

- “Шинэхэн групп”-ийн Ерөнхий захирал Ж.Сансарын гарын үсэгтэй газар олгох дэмжлэг хүссэн  албан бичиг манайд 2015 оны 04-р сарын 20-нд  анх  ирсэн юм билээ. Тухайн үед Ц.Ширэндэв гэж хүн энэ байгууллагын даргаар ажиллаж байсан. Ц.Ширэндэв дарга хариу илгээхдээ “ Энэ газар нь төрийн тусгай хамгаалалттай газрын хашаанд багтсан байна ” гэсэн албан бичиг явуулсан байсан. 

-Их тэнгэрт болон дархан цаазат газарт газар авахдаа танайхаар дамжина биздээ?

-Ер нь бол тийм. Манайхаас бусдад олгогдоогүй газар,  давхцалгүй, эсвэл усны, бусад хууль тогтоомж зөрчөөгүй байна, хуулийн дагуу ашиглаж болно гэж дэмжих бичиг гаргаж өгдөг. Үүний дараа газрын нарийвчилсан төлөв байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр сайд газар олгодог. Гэтэл 2015 оны 06-р сарын 02-нд  Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор барих “Шинэхэн групп” –ийн саналыг дэмжиж Их тэнгэрийн аманд газар ашиглах гэрээ байгуулж ажиллахыг ЗГ-аас үүрэг болгосон тогтоол гарсан. Шууд Засгийн газрын тогтоол гарсан гэхээр жирийн компани биш гэдэг нь тодорхой байна, тийм үү. Нэгэнт л Засгийн газраас зөвшөөрөөд газрыг нь олго гэж байхад хэн хориж чадах вэ.

-Тэгээд хэзээ Засгийн газрын тогтоолыг цуцлах асуудал сөхөгдөв?

-АСЕМ болсоны дараа Төрийн тусгай хамгаалалтын газар дотор газар ашиглаж болохгүй гээд цуцалсан.  Энэ бүгдээс харахад Богд хан уулын хамгаалалтын захиргаа шийдчих асуудал биш байгаа биз.

-Засгийн газрын тогтоол гараад тус компани тодорхой хэмжээний мөнгө гаргаад ажлаа эхлүүлээд явж байсан шүү дээ?

-“Шинэхэн” групп АСЕМ-аас өмнө Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолборыг Японы хөрөнгө оруулалттайгаар барина гэж газар авсан юм билээ.

-Одоо энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?

-“Шинэхэн групп” шүүхэр явж байгаа.

-Хэдэн төгрөг нэхэмжилж байгаа юм бэ?

-Мэдэхгүй. Яамнаас асуух хэрэгтэй.

-Ер нь ганц Их тэнгэрийн ам гэлтгүй. Богд уулыг тойрсон амуудад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газар авчихаад өөр зориулалтаар ашигласан байгууллага хувь хүмүүс олон байх шиг байна?

-Тийм. Богд уулыг тойрсон 33 ам бий. Гэхдээ зарим газар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Зарим нь газар авчихаад Орон сууц барьсан асуудал бий. Тухайлбал Зайсангийн ам суурьшлын бүс болчихлоо.

-Тэгэхээр ийм асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Зарим аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээг цуцлах зэргээр арга хэмжээ авдаг. Гэтэл "Шинэхэн" группийн нэг адил тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг гээд асуудал их үүсдэг дээ.

-Зайсангийн амыг суурьшлын бүс болчихсон гээд Дархан цаазат газраас гаргах асуудал яригдаж байна уу?

-Тийм. БОАЖЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад судлаж байгаа.

-Бусад амуудад ч бас ийм зүйл болохгүй гэх баталгаа алга. Зарим амуудад бас хотхон шиг байшин барилга баригдаж байна шүү дээ?

-Бусад амуудад хяналт тавиад ажиллаж байна. Зарим нэг газрын үйл ажиллагааг цуцлах арга хэмжээг авсан.

-Тав, таван жилээр хугацааг нь сунгадаг гэхээр бараг өмчлөх, эзэмших болчих юм биш үү?

-Нэгэнт тэнд хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа газруудын хугацааг сунгахаас өөр аргагүй.

-Тэгвэл “Шинэхэн” групп ч бас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар авсан биздээ?

-Их тэнгэрийн ам чинь бусад амаас өөр. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн байрладаг. Тухайн үед ЗГ-аас тогтоол гаргачихсан байсан.

Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

 Манай сурвалжлах баг энэ асуудлыг цувралаар  сурвалжлага бэлтгэн хүргэсээр байх болно. Дараагийн удаа тухайн үед “Шинэхэн групп”-ийн Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ж.Сансартай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)