Х.Алтанцацрал: Хятадын компани Улаанбаатарт хүлэмж баривал Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид дампуурна
- 2019-05-20
- Өөр өнцөг
- 0
Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 гаруй компани нэгдэн үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдэн өнөөдөр мэдээлэл хийлээ
"Асрал агро парк" ХХК-ийн төлөөлөл Х.Алтанцацралт "БНХАУ-ын "Тяньжин фүүдс" гэх компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгаа гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байна.
Бид хоёр сар орчим энэ үйл явцыг анхааралтай ажигласан. БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан манай төр, засгийнхны зүгээс 10 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүний нэг болох Улаанбаатар хот Тяньжин хоттой хамтран 50 га газарт хүлэмжийн аж ахуй эхлүүлэх асуудал удаа дараа яригдлаа. Тиймээс бид ийм их хэмжээний газрыг гадны компанид өгч болохгүй талаар хүсэлт, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ хугацаанд хотын дарга хэвлэлийн хурал хийж "Ерөөсөө ийм асуудал яриагүй" гэж мэдэгдсэн. Ингээд бид тайвшраад байж байтал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт ХХААХҮЯ-наас сайдын гарын үсэгтэй албан бичиг ирүүллээ.Уг албан бичгээр дамжуулан хятадын компани импортын хүнсний ногооны 6.5 хувьтай тэнцэх хэмжээний ургац хураах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь та бүхний орлогод нөлөөлөхгүй хэмээн тайлбарласан байна.
Хүнсний асуудал маш чухал. Хятадаас хэзээ хаана ургасан, генийн өөрчлөлттэй эсэх нь тодорхойгүй ногоо орж ирдэгт манайх хяналт тавьж чаддаггүй. Тиймээс бид үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
60 сая малтай хэр нь гурван сая иргэн маань мах авч идэж чадахгүй байгаа нөхцөл хэдхэн хоногийн өмнө үүссэн. Үүний цаана Хятадын худалдаачид байсан. Үргэлжлүүлээд хүнсний ногоогоо гадны наймаачдад алдах нь байна.
Хятадын төрийн өмчит, дээрээс нь манай төрийнхнөөс дэмжлэг авч буй компани Монголд 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлбэл ямар ч дэмжлэггүй Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид болон өрхийн тариаланчид дампуурна" хэмээв.
Монгол Улсын хэмжээнд 2018 онд 27.7 га өвлийн, 63.9 га зуны нийт 91.6 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж 5,705 тонн нарийн ногоо хураан авжээ.
Зөвхөн Улаанбаатар хот орчимд 135 аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, өрхийн тариаланч хүлэмжийн аж ахуй эрхэлж, жилийн турш 40 гаруй төрлийн нарийн ногоо тариалж, нийслэл болон хөдөө орон нутгийн иргэдэд нийлүүлдэг аж.
"Грийн сити гарден" ХХК-ийн төлөөлөл Ж.Эрхэмбаяр "Бидний сонссон мэдээллээр "Тяньжин фүүдс" компанийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт ирж, хүлэмж барих газраа үзэж, танилцсан байна лээ. Тэгээд одоо судалгаагаа хийж, зургаадугаар сарын 5-наас хүлэмжийн суурийн ажилдаа орох гэж байгаа гэсэн.
Бидэнд өвлийн халаалтын улиралд тариалалт хийхэд өртөг өндөртэй байдаг. Гэхдээ ойрын таван жилдээ Улаанбаатар болон улсын хэмжээнд өвлийн хэрэгцээг хангадаг болохоор зорин ажиллаж байна. Энэ үед хятадын компани 50 га-д хүлэмж барьчихвал бид болон өрхийн тариаланчид ямар ч өрсөлдөх боломжгүй болж байгаа юм" хэмээн тайлбарлалаа.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс доорх шаардлагуудыг тавьж байна.
- Хятадын төрийн “Тяньжин фүүлс” компанийн хүлэмжийн төслийг зогсоох
- Нийслэлээс олгох гэж байгаа 50 га газрыг монголын тариаланчдад олгох
- Уг төсөл хэрэгжсэн тохиолдолд Монголын тариаланчдад БНХАУ-д нарийн ногоо тариалах 50 га газар олж өгөхийг шаардаж байна.
ХХААХҮ-ийн сайдаас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд хүргүүлсэн албан бичиг:
/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/
Сэтгэгдэл (0)