“Босоо Хөх Монгол”-ынхон олигархиудаас шантрахгүй гэдгээ дахин илэрхийлэв

“Босоо Хөх Монгол”-ынхон саяхан хуран цугларч чуулав. Уул уурхайн нэрээр улангассан буруу сэтгэлтэнд өдрөөс өдөр сэглэгдэж, сүйтгэгдэж буй байгаль орчныхоо төлөө энэ төрийн бус байгууллагынхан сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй ажиллаж байгаа билээ. Тэдний тэмцэлийг монголчууд өнөөдөр бүгд мэддэг, үнэлдэг болж. Эртний Хүн гүрний үеэс улбаатай булш бунхан, эд өлгийн зүйлсийг хэвлийдээ хадгалсан Ноён уулаа харийнханд ухуулж сүйрүүлэхгүйн төлөө тэд уйгагүй зүтгэсээр амжилтанд хүрч чадсан юм.

“Босоо хөх Монгол” Төрийн бус байгууллагын салбар зөвлөлүүд аймаг, сум бүрд байгуулагдан улам хүчээ авч байна. Харийнхан болон дотоодын олигархиудтай үгсэж хуйвалдсан уул уурхайн компанийн  эзэд сүүлийн жилүүдэд ямар ч муу үйл хийхээс буцахаа больсон цөвүүн цагт эх байгалиа гэсэн элгэн халуун сэтгэлтэй монголчууд тус байгууллагыг түшиж, хүрээлэн нэгдэх нь арга ч үгүй биз.

Өнгөрсөн оны есдүгээр сард “Босоо Хөх Монгол” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн хурлаас тус байгууллагын тэргүүнээр  Монгол улсын Үнэн Зоригт Харцага Ганзоригын Ганхуяг сонгогдож, хот, хөдөөгүй үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь энэ удаагийн чуулганаас бэлхнээ харагдаж байна. Чуулганд оролцогчид газар шороогоо хамгаалах, байгалиа унаган төрхөөр нь хойч үедээ үлдээх талаар янз бүрийн шүүмж, санал бодлоо уралдуулж байлаа.Мөн тус төрийн бус байгууллага нь 27000 гаруй гишүүдтэй болсныг мэдэгдэв. Тост, Тосон Бумбын нуруу, тэндэхийн баян бүрдийг Худалдаа хөгжлийн банкны эзэн, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарын бүлэглэлүүд маш зальжин аргаар ухаж төнхөн юу ч үгүй болгохоос сэрэмжилж, тууштай арга хэмжээ авах зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярьж байв. Б.Чойжилсүрэнгийн 50 хувийн эзэмшилд байдаг “Сауд Гоби Коэл Транс” компани тэндэхийн булаг шандыг хэдийнээ устгаад эхэлчихжээ. Мөн бүйлсийн ой модыг үндсээр нь суга татан, тайрч хаяад зам тавьсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, тус компанид хууль үйлчлэхээ болиод удаж байгаа аж.

Хамгийн сүүлд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж бүхий газарт “Номин Холдинг” компани барилга барихаар зэхэж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарав. Тус компанийн эзэд ногоон байгууламжийг юман чинээ тоохгүй хүч түрэн оржээ. Иргэд энэхүү бусармаг үйлдлийг  таслан зогсоохоор өдөр шөнөгүй ээлжлэн жижүүрлэж манахаас аргагүйд хүрсэн байна. Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын үед “Номин Холдин” уг газрын зөвшөөрлийг авсан байлаа. Захирамжийг нь хүчингүй болгуулахаар иргэд, оршин суугчид нийслэлийн өнөөгийн удирдлагад хүсэлт гаргасан боловч одоогоор шийдэж өгөөгүй байгаа аж. Харин энэ хооронд  СӨХ-ийн дарга эмэгтэй рүү цаадуул нь заналхийлсэн мессеж илгээн элдэв янзаар дарамталж байна. Энэ бүхний эсрэг “Босоо Хөх Монгол”-ынхон л явж буй ажээ. 

Тус төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг санаархагчид харин сүүлийн үед мундахгүй олон болоод байна. Гэхдээ тэд хууль журмын дагуу тэмцэлээ зогсоосонгүй. Олигархиудаас шантрахгүйгээ дахин тийнхүү илэрхийлж, улам бат нягт эв нэгдэлтэйгээр эх орныхоо байгаль орчны төлөө тэмцэх ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • undraa (66.181.161.31)

    2019-05-28

    Demjij baina, ta nariig.Bosoo Huh Mongoliinhond Bayarlaj baina.