Л.Пүрэвдорж: Ямар ч нөхцөлд Төвбанк хийх ёстой ажлынхаа жанжин шугамыг алдахгүй байх нь чухал
- 2019-05-28
- Эдийн засаг
- 1
Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Монгол Улсад банкны салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Та Монголын банк, санхүүгийн салбарын өнөөгийн хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монголын ард түмний сүүлийн 100 орчим жилийн хугацаанд буй болгосон их ололт, амжилтын нэг хэсэг нь банкны салбар юм. Монголчууд банк гэхээсээ илүү төлбөрийн хэрэгсэл, мөнгөн тэмдэгтийг ашиглаж байсан түүхийг харвал Хүннүгийн үеэс ярих байх. Харин яг банкны салбарын хувьд Ардын засгийн үеэс эхлэн ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн өнөө цагийг хүртэл хөгжлийг түүчээлсээр ирж, их ололт амжилтыг бий болгосон гэдэг нь хэнд ч эргэлзээгүй юм.
Өнөөдөр Монголын эдийн засаг хэчнээн бэрхшээлтэй, унаж, босож яваа ч банкны салбар Монголын эдийн засгийг авч явж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.
Ийм хамт олны 95 жилийн ойн баяр болж байна. Тиймээс би юуны өмнө Монголбанк, Монголын банкны салбарын нийт хамт олонд 95 жилийн ойн баярын мэндийг хүргэж, түүхэн уламжлалаа хадгалж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх бодлого, зорилтыг санхүү, эдийн засгийн талаас хангаж өгөх үүргээ амжилттай биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.
-Таныг Төвбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал ямар байв. Түүнд тохируулсан мөнгөний бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байсан бэ?
-Товчхондоо хэлэхэд мөнгөний бодлогод нэлээд шийдвэртэй алхмууд хийсэн. Ажлаа авснаас хойш хоёр сарын дараа бодлогын хүүг 4.25 хувиар огцом нэмэгдүүлж байлаа. Дараа нь валютын зах зээлд эрс шинэчлэлтийн алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Валютын захад дуудлага худалдаагаар валют нийлүүлдэг болсон. Мөн гадаад валютын своп хэлцэл хийх зэргээр мөнгөний бодлогын хүрээнд дөрвөн жилийн хугацаанд нэлээд шинэчлэл хийж, үр дүнгээ өгсөн. Бид эдийн засгийн хямралыг богино хугацаанд давж, эдийн засгийн өндөр өсөлтөд хүрсэн. Намайг ажлаа авснаас хойшх эхний жилүүдэд мөнгөний болон төсвийн бодлого хосолж, зөв чиглэлд явж чадсан. Харин сүүл рүүгээ эдийн засаг сайжрахын хэрээр төсвөөс их мөнгө зарлагадаж, бэлэн мөнгө тарааж эхэлсэн. Энэ нь мөнгөний бодлогыг хүнд байдалд оруулснаар Төвбанкны зүгээс дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн халалт, инфляцийн өсөлтийг алдахгүйн тулд мөнгөний бодлогыг чангаруулсан. Ерөнхийд нь дүгнэвэл бид тухайн үед Монголын мөнгөний бодлого, валютын зах зээлийг шинэчлэх боловсронгуй болгох чиглэлд нэг алхам урагшилж чадсан гэж бодож явдаг.
-Цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодлогын ямар асуудлуудыг та өөрийнхөө хувьд хэрэгжүүлж амжаагүй вэ?
-Мэдээж бодлогын шинэчлэлийн алхмууд цаашид үргэлжилсэн. Бас нэг зүйлийг онцлоход банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор бид нэлээд шийдвэртэй алхам авч хэрэгжүүлсэн. Хоёр ч банкийг татан буулгасан. Тэгэхээс ч өөр арга байгаагүй. Тухайн үед банкуудын удирдлагын алдаанаас гадна макро эдийн засгийн бодлого, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх хяналтын бодлогод алдаа гарсантай холбоотой. Тиймээс бид үүнээс сургамж авч, Банкны тухай хуулийг шинэчлэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, зохистой харьцааг хангуулах чиглэлээр бодлогын тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлж ирснийг хэлэх нь зүйтэй.
Ерөнхийдөө нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ гэхээр 2012 оны үед гадаадын хөрөнгө оруулалт Монголоос зугтах хандлагатай болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалтын ид үе дууссан, дахин хөрөнгө оруулалт орж ирэх хугацаа нь болоогүй байсан. Мөн гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ буурах хандлагатай болчихсон байсан. Энэ үед юу чухал байсан бэ гэхээр мөнгөний бодлогыг хугацаа алдахгүйгээр нэлээд хатууруулах, төсвийн бодлогыг засах, банкны салбарын тогтвортой байдлыг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байсан. Гэвч улс төрийн уур амьсгал үүний эсрэг чиглэлтэй байсан. Намууд сонгуульд оролцохдоо нэлээд том том амлалтууд өгсөн. Тухайн үед Ардчилсан нам сонгуульд ялсан. Улмаар мөнгөний болон төсвийн бодлогод нэлээд тэлсэн бодлого хэрэгжүүлэх шинжтэй болсон байдаг. Ингэж болохгүй гэдгийг би тухайн үед хэлж л байсан. Хэрэв зөв бодлого явуулсан бол 2012 оноос эхлэлтэй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар богино хугацаанд даван туулах боломжтой байсан. Яах ёстой байсан бэ гэхээр өмнөх жилүүдэд бий болоод байсан эдийн засгийн өсөлт, төсвийн тэлсэн бодлогын хөөсрөлтийг богино хугацаанд шахаж, “хагалаад”, эдийн засгийн сууриа тогтворжуулах хэрэгтэй байсан. Эдийн засгийн сууриа тогтворжуулж аваад цаашаа явсан бол тэгж ихээр валютын нөөцөө шавхаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа алдахгүй л байсан болов уу.
-Тухайн үед олон улсын байгууллагууд ч бас энэ чиглэлийн зөвлөгөө өгч байсан байх?
-Олон улсын санхүүгийн байгууллагууд болон Монголбанкны мэргэжлийн хамт олон үүнийг харж л байсан. Өнөөдрийн бидний давж гарах гээд байгаа хүндрэлүүдийн нэлээд хэсэг нь үндсэндээ бодлогын алдаанаас болж бий болсонд харамсаж явдаг.
-Тиймээс Төвбанкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр цаашдаа ч анхаарах, хууль эрх зүйн хүрээний шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх шаардлагатай байна. Төвбанкны удирдлагыг улс төрөөс хараат бусаар ажиллах боломжийг хуулиар илүү баталгаажуулах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй болов уу. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хуулиар Төвбанкны ерөнхийлөгч улс төрөөс хараат бусаар ажиллах боломж бүрэн бий. Өмнөх хуулиар ч бас боломжтой л байсан. Монголбанкны мэргэжлийн хамт олон зөв бодлого, зөв чиглэлийг гаргаж ирнэ гэдэгт би эргэлздэггүй. Гагцхүү Төвбанкны ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Хуулийнхаа дагуу л ажиллах ёстой. Сонгууль дөхөж байна. Түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байна. Энэ үед Монголбанк руу чиглэсэн дайралт, шүүмжлэл, дарамт, шахалтууд ирнэ. Тэр бүхнээс үл хамааран Монголбанк яаж ажиллах ёстой вэ гэдэг чиг шугамандаа л зогсох ёстой. Монголбанкны ерөнхийлөгчийн Монголын ард түмэн, Монголын эдийн засгийн өмнө хүлээсэн үүрэг нь “Ямар ч үед Монголбанкны хийх ёстой ажлыг л хийгээрэй. Түүнээс битгий хазаагаарай” л гэж байгаа юм.
Монголбанкны хийх ёстой ажлыг чадлынхаа хэрээр хэрэгжүүл. Улс төр, төсвийн бодлого тогтворжиж, сахилга баттай болно гэдэгт би итгэхгүй байна. Засгийн газраа дагаад төсөв өөрчлөгдөж болно.
Ямар ч нөхцөлд Монголын эдийн засгийг хүнд байдалд оруулахгүй байх эцсийн найдвар нь Монголбанк л байх болно. Түүхэн хөгжлийн хугацаандаа ийм л байсан. Яг энэ жанжин шугамаа битгий алдаарай гэж Монголбанкны хамт олонд захимаар байна.
Түүнчлэн би Монголын банкны салбарын удирдлага, эздэд нэг зүйлийг захимаар байна. Монголын улс төр оновчтой байж чадахгүй. Улс төр нь эдийн засагтаа эрсдэл бий болгодог нь сүүлийн 20-оод жилийн хөгжлийн нүүр царай. Хэдийгээр Монголын эдийн засаг тодорхой мөчлөгтэй, гадаад зах зээл өсч, буурч байдаг хэдий ч тэр бүх хугацаанд улсын эдийн засгийг тогтвортой авч явах үүрэг улстөрчдөд бий. Гэвч Монголын улстөрчид багахан орлого олохоороо бүгдийг нь цацаад, хүндрэхээр юу ч үгүй сууж байдаг. Мэдэх мэдэхгүйгээр эдийн засаг руу хэт их оролцож, эрсдэл бий болгодог. Улмаар банк, санхүүгийн салбарт хүндрэл учруулдаг. Монголын эдийн засагт улс төрийн эрсдэл их учраас банкны салбар мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлмээр байна. Эдийн засаг өсч байх үед нэлээд болгоомжтой хандаж, дараагийн хүндрэл бий болоход даван туулах нөөцөө бүрдүүлж байх хэрэгтэй юм. Сонгууль ойртож байна. Монголын улс төр ойрын хэдэн жилдээ засагдаад, мундаг болчихно гэдэг найдвар маш бага харагдаж байна. Тиймээс банкны салбар мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх нь чухал шүү.
Бас нэг хэлэх гэсэн зүйл нь зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Энэ нь Монголын аж ахуйн нэгж, иргэдэд учирч байгаа том дарамт мөн. Намайг ажил авч байх үед зээлийн хүү 23-24 хувь, зарим тохиолдолд 29 хувьтай байсан. Бид зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд 14-15 хувь руу буурсан. Дараа нь зөв бодлого хэрэгжүүлж чадаагүйгээс эдийн засаг унаад, зээлийн хүү эргээд 20 хувьд хүрсэн. Сүүлийн 2-3 жилд зөв бодлого явуулсан учраас зээлийн хүү дахин буурч эхэлж байна шүү дээ. Тэгэхээр зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ёстой. Тогтвортой өсөлтийг хангая гэвэл мөчлөг сөрсөн бодлого явуулах ёстой. Зээлийн хүү буурахгүй байгаа гол шалтгаан нь улс төрд байна. Улстөрчид бодлогын алдаа гаргаад байгаа учраас эдийн засаг савлаад, зээлийн хүүг өсгөөд байна. Тиймээс өнөөдөр Монголбанк болон банкуудын хэрэгжүүлж буй бодлого дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах, улмаар зээлийн хүүг бууруулах чиглэлтэй байх ёстой. Тэр өнцгөөр нь харвал өнөөдрийн Монголбанкны бодлогыг би зөв гэж харж байгаа. Гол шалтгаанаа олж харахгүйгээр зээлийн хүүг бууруулна гэдэг бол улстөржсөн, хий дэмий лоозонгоос хэтрэхгүй. Эдийн засаг тогтворжоод, хэлбэлзэл багатай байвал зээлийн хүү аажмаар буурах л ёстой. Мэдээж үүнээс гадна Монголбанкнаас хэрэгжүүлэх бодлогын нөлөө бий л дээ. Гэхдээ энэ нь голлох нөлөө биш юм.
-Төвбанк өнөөдөр үнийн тогтвортой байдлыг хангах ёстой. Гэвч хуулиар Төвбанкны үндсэн зорилтыг “төгрөгийн тогтвортой байдал” гэж томъёолоод, ханшийн тогтвортой байдлыг ч бас хангах ёстой гэж хандах тал бий. Төвбанкны хуулийг өөрчлөхдөө хуулийн энэ хэсгийг “Үнийн тогтвортой байдал” гэж өөрчлөхийг зорьсон ч УИХ-аар дэмжигдээгүй. Улмаар улстөрчид Төвбанкнаас ханшийн тогтвортой байдлыг шаардах хандлага байсаар л байна. Үе үеийн Ерөнхийлөгч нарт улс төрөөс ирэх хамгийн том дарамт нь ханштай л холбогдож байсан болов уу. Ер нь ханш Төвбанкны хариуцах ёстой зүйл мөн үү?
-Сүүлийн 2-3 жилд явж байгаа бодлогыг харахад валютын ханшийн талаар зөв бодлого баримталж байна гэж харж байгаа. Ерөнхийдөө ханш зах эээлийн зарчмаар өсөх, буурах трендийг хүлээн зөвшөөрөөд, бас хэт алдахгүйн тулд тэрбум орчим ам.долларын интервэнц хийсэн байна. Үүнээс илүүгээр Монголбанк оролцож болохгүй. Үүнээс илүүгээр улс төр оролцож болохгүй. Хэрэв тэгвэл дараагийнхаа уналтыг л бий болгосон хэрэг болно. Ер нь ямар ч нөхцөлд Монголбанк хийдэг ажлаа л хийх ёстой. Үүнээс болоод улс төр нь тэр хүнийг халах, солих бол дараагийн асуудал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
зочин (66.181.169.108)
банкны байгууллага бүгд мөнгөхүүлэгч нар хөөрхийлтэй ард түмэн итгэж амьдардаг байхгүй юу