Он гарсаар 62 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна
- 2019-05-28
- Байгаль орчин
- 0
Он гарсаар улсын хэмжээнд 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 42 суманд нийт 62 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 49,7 мянган га ой, 250,8 мянган га хээрийн талбай, нийт 299,5 мянган га талбай түймэрт өртөж, 13 байшин, 3 гэр шатжээ.
Харин Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хил давж нийт 7 удаа ой, хээрийн гал түймэр орж ирсэн байна.
Түймрийн улмаас байгаль экологид 23.8 тэрбум, түймрийг унтраахад 449.7 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Энэ хугацаанд Улсын онцгой комиссын шийдвэрээр ой, хээрийн гал түймрийг унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, цагийн байдлыг үнэлэх, бие бүрэлдэхүүнийг түймрийг голомтод хүргэх, буцаах болон шаардлагатай техник, багаж хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн хүргэх зорилгоор нийт 9 удаа Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргийг дайчлан ажилласан.
Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, орон нутгаас нийт 3372 хүн, 8 нисдэг тэрэг, 434 техник хэрэгсэл, 93 морьтойгоор ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
Сэтгэгдэл (0)