Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудыг шалгаж байна
- 2019-05-29
- Өөр өнцөг
- 0
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ө.Нармандахаас гэрээт харуул, хамгаалалтын албаны тухай болон тэдгээрт хийж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл авлаа.
-Цагдаагийн байгууллагаас МХЕГ-тай хамтран гэрээт харуул, хамгаалалтын албадад хийж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөөч?
-Цагдаагийн байгууллагаас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Уг арга хэмжээ 2019 оны гуравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд хяналт шалгалтын ажиллагааг ажлын 21 хоногт багтааж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд тусгай хяналт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналт гэсэн үндсэн гурван чиглэлээр шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.
-Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг хичнээн аж ахуйн нэгж байгууллага бий вэ?
-Нийслэлийн хэмжээнд 2018 оны байдлаар гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 246 байгууллага бий. Үүнээс 90 орчим хувь нь төвийн зургаан дүүрэгт бүртгэлтэй байна. Мөн Багануур дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт бүртгэлтэй хоёр аж ахуй нэгж байна.
-Шалгалтын явцад ямар зөрчил, дутагдал хамгийн ихээр илэрч байна вэ?
-Харуул хамгаалалтын байгууллагуудад шалгалт хийхэд нийтлэг хэд хэдэн зөрчил дутагдал илэрч байна. Нэгдүгээрт, Цагдаагийн байгууллагаас олгодог Харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дууссан. Сунгуулах хүсэлтээ холбогдох газарт нь тавиагүй мөртлөө зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Хоёрдугаарт, Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог харуул хамгаалалтын албанд ашиглагддаг Радио давтамжийн үелзэл ашиглах зөвшөөрлийн хугацаа дууссан байхад сунгаагүй мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Үүнээс гадна боловсон хүчинтэй холбоотой асуудлууд маш их байна. Боловсон хүчин, ажилтнаа сонгон шалгаруулж, судалж, ажилд аваагүйгээс үүдэн харуул, хамгаалалтын ажилчид ажлаа хаяж явдаг тохиолдлууд маш их гарч байна.
-Харуул хамгаалалтын алба хөлсөлдөг, хамтран ажилладаг байгууллага, аж ахуй нэгж цаашид юунд анхаарах шаардлагатай вэ?
-Харуул, хамгаалалтын үйлчилгээ авахаар гэрээ байгуулахаасаа өмнө тухайн компанийн боловсон хүчин, хүний нөөцийг сайн судлах хэрэгтэй. Мөн хичнээн тооны ажилтантай, харуул хамгаалалтын чиглэлээр хэдий хугацаанд үйл ажиллагаа явуулсан, танай байгууллагын эд хөрөнгийг хамгаалахад шаардагдах машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бий юу гэдгийг сайтар судлаж,дүгнэсний дараа гэрээ байгуулж ажиллах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй байна.
-Харуул болон хамгаалагч нартай холбоотой зөрчил дутагдал илэрсэн үү?
-Шалгалт эхэлснээс хойших хугацаанд харуул, хамгаалагч, ажилтнуудтай холбоотой зөрчил дутагдал илрээгүй байна. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу аж ахуйн нэгжүүд дотоод хяналт шалгалтын ажилтан томилсон тушаал, ажлын төлөвлөгөө, түүний гүйцэтгэлтэй байх ёстой байдаг ба энэ ажил хийгдэхгүй байгаад аж ахуйн нэгжүүд анхаарах хэрэгтэй байна. Цаашлаад харуул болон хамгаалагчид нь ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, унтсан, объектоо орхиж явсан эсэхийг өөрсдөө хянаж шалгаж, дотоод хяналтын дэвтэртээ тэмдэглэл үйлддэг байх нь маш зүйтэй. Шалгалтын ажлын хэсгээс энэ төрлийн ажлыг шалгаж байгаа.
-Гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын харуул болон хамгаалагчид ямар тусгай хэрэгсэл эзэмших эрхтэй вэ. Тусгай хэрэгсэлтэй холбоотой зөрчил илэрсэн үү?
-Гэрээт харуул, хамгаалалтын тухай хуульд зааснаар галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулах их сургуулийн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 21 хоногийн сургалтанд хамрагдаж, төгссөнөөр гэрээт харуул, хамгаалалтын ажилтан хуульд заасан тусгай хэрэгсэл, галт зэвсэг, хийн бууг ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа биедээ авч явах, шаардлагатай тохиолдолд хэрэглэх эрхтэй болдог. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын хөтөлбөрт ямар үед биеийн хүч хэрэглэх, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг тусгасан байгаа. Энэ сургалтад хамрагдаагүй тохиолдолд гэрээт харуул, хамгаалалтын албаны хамгаалагч, харуулууд тусгай хэрэгсэл хэрэглэх эрхгүй.
-Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж харуул болон хамгаалагч ажилд авахдаа ямар шаардлага тавих ёстой вэ?
-Гэрээт харуул, хамгаалалтын тухай хуульд заасан байгаа. Тухайлбал, харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг хамгаалалтын ажилтнаар авах ёстой.
Мөн Гэрээт харуул, хамгаалалтын аж ахуй нэгж байгууллага байгуулж буй хувь хүн, албан байгууллага Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/40 тушаалаар батлагдсан “Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг мөрдөж ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас зохих журмын хяналт тавьж, шаардлага хангасан тохиолдолд гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нэг жилийн хугацаатай олгодог. Мөн энэ чиглэлээр 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, компанийн зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай сунгадаг.
-Гэрээт харуул, хамгаалалтын аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалттай холбоотой хэлж ярих зүйл танд байна уу?
-Энэ хяналт шалгалтын ажиллагаа сүүлийн гурван жил зохион байгуулагдаагүй. Тиймээс энэ арга хэмжээг зохион байгуулснаар гэрээт харуул, хамгаалалтын хэчнээн компани үйл ажиллагаа явуулж буй бодит тоо, баримттай болно. Гэрээт харуул, хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.
Гэрээт харуул хамгаалалтын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагууд маань энэхүү шалгалтандаа идэвхтэй хамрагдахгүй дутагдалтай тал байна. Жишээ нь: цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн утасны дугаарууд нь ашиглалтанд байхгүй, холбогдох боломжгүй, эсвэл өөр хүнд дугаараа зарсан гэх мэт, мөн аж ахуйн нэгжүүд маань улсын бүртгэлийн гэрчилгээ болон цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн хаяган дээрээ байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй зэрэг шалтгаанаар шалгалтандаа хамрагдахгүй байна. Иймд ажлын хэсгийн зүгээс ямар нэг байдлаар шалгалтанд хамрагдаагүй аж ахуйн нэгж байгууллагуудтай хариуцлага тооцох саналыг хүргүүлж, шийдвэр гаргуулж ажиллана.
Сэтгэгдэл (0)