Ази тив сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна
- 2019-06-12
- Эдийн засаг
- 0
Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтийн бараг гуравны хоёр хувийг Ази тив эзэлж байгааг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас /ОУСЭХА/ гаргасан тайлан харууллаа гэж Токио хотод төвтэй “Никкей” сонин мэдээллээ. Азийн улс орнууд хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нь дагаад өссөөр байна.
Үнийн хэлбэлзэл, байгаль орчны асуудал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр тус тивийн улс орнууд сэргээгдэх эрчим хүч, тухайлбал ус, нар, салхи, био энерги, газрын гүнийн дулааныг ашиглан эрчим хүчний хэрэглээгээ хангахад илүү анхаарал хандуулж байна. АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод төвтэй ОУСЭХА-ийн мэдэгдсэнээр, 2017 онд дэлхийн улс орнууд 2179 ГВт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэсэн нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээнээс давсан, өмнөх оныхоосоо 8 хувиар өссөн үзүүлэлт аж. Төв Азийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл бараг хоёр дахин нэмэгдсэнээр 2017 онд 918 ГВт-д хүрчээ. Азид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд хамгийн их хувь нэмэр оруулагчид нь Хятад болон Энэтхэг юм.
Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн бараг 50 хувийг Хятад улс дангаараа эзэлж байна. Тус улс одоо таван жилийн өмнөхтэй харьцуулахад 36 дахин их нарны эрчим хүч үйлдвэрлэж байна. Тус улс 2020 он гэхэд 130 ГВт нарны эрчим хүч үйлдвэрлэх зорилтыг хэдхэн жилийн өмнө дэвшүүлсэн бол өнөөдөр энэ зорилтдоо хэдийнээ хүрээд байгаа ажээ. Мөн тус улсын усан цахилгаан станцуудын хүчин чадал 2012 оноос хойш 36 хувиар нэмэгдээд байна. Агаарын бохирдолтой тэмцэх, ялангуяа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ялгаруулж буй утааны хэмжээг багасгахын тулд Хятад улс нарны эрчим хүчний үнийг 2013 оноос нэмэгдүүлж эхэлсэн юм. Ингэснээр нарны цахилгаан станцуудад бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийх нь эрс нэмэгджээ.
Хятадын Аньхуй мужид 150 МВт-ын хүчин чадал бүхий дэлхийн хамгийн том “хөвөгч” нарны цахилгаан станц ашиглалтад орсон тухай өнгөрсөн оны 12 дугаар сард тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Хятад улс нь нарны зай хураагуур үйлдвэрлэлийн салбарт маргаангүй дэлхийд тэргүүлэгч билээ. Парис хотод төвтэй Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Хятадын компаниуд дэлхийн нарны зай хураагуурын салбарын 60 хувийг дангаараа эзэлж байна. Энэтхэг улс мөн сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Тус улс өнгөрсөн онд өмнөх оныхоосоо 18 хувиар их сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэжээ. Тус улсын нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2016 оноос хойш хоёр дахин нэмэгдэн 19 ГВт болсон байна.
Японы “СофтБанк Групп” компани Энэтхэгт нийтдээ 20 ГВт-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний станцууд барихаар төлөвлөж байгаа ажээ. Энэтхэгийн Андра Прадеш муж дахь 350 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц өнгөрсөн сараас эрчим хүч арилжаалж эхэлсэн байна. Энэтхэгийн нарны эрчим хүч үйлдвэрлэгч “Азуре Пауэр” компани 2017 онд хэд хэдэн нарны цахилгаан станцууд нээжээ. Тухайлбал, тус компани баруун өмнөд нутгийн Карнатака муждаа 130 МВт-ын хүчин чадал бүхий станц нээсэн байна. Энэтхэгийн салхины эрчим хүчний хүчин чадал 2017 онд өмнөх оныхоосоо 15 хувиар өсөн 33 ГВт болжээ. 2015 онд ердөө 5 ГВт-аар хэмжигдэж байсан нарны эрчим хүчний хүчин чадлыг 2022 он гэхэд 100 ГВт болгож нэмэгдүүлэх зорилтыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэвшүүлээд байгаа билээ. “Н.Модиг ийм зорилт дэвшүүлж байхад хүмүүс түүнийг “үлгэр” гэж ярьж байна гэцгээж байсан. Харин одоо түүний дэвшүүлсэн зорилт "биелэгдэх боломжтой" гэдэг нь харагдаж байна” гэж Японы Эрчим хүчний эдийн засаг судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Ясүши Ниномия ярьжээ.
Азид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр Япон улс гуравдугаарт орж байна. Японы сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2017 онд өмнөх оныхоосоо 7 ГВт-аар өсөн 82 ГВт болсон байна. Харин сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт орж буй Вьетнам улс нь усан цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Вьетнамын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ одоогоор 18 ГВт-аар хэмжигдэж байна. Монгол болон Камбожид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байна.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал өнгөрсөн онд өмнөх оныхоосоо бараг хоёр дахин нэмэгдсэнээр 155 МВт-д хүрсэн байна. Монгол Улс 2017 оны нэгдүгээр сард Дархан хотдоо анхны нарны цахилгаан станцаа /10 МВт-ын хүчин чадал бүхий/ ашиглалтад оруулсан юм. Мөн өнгөрсөн оны 10 дугаар 50 МВт-ын хүчин чадал бүхий “Цэций” салхин цахилгаан станцыг /хоёр дахь салхин цахилгаан станц/ ашиглалтад оруулсан билээ. Монгол Улс ард иргэдээ хангалттай дулаан, эрчим хүчээр хангахыг эрмэлзэж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг “хамгийн боломжит хувилбар” гэж үзэж байна. Монгол Улсад 1100 ГВт хүртэлх хэмжээний цахилгаан эрчим хүчийг салхинаас гарган авах боломж бий ажээ. Төрлөөр нь авч үзвэл, өнөөдөр дэлхийн сэргээгдэх эрчим хүчний 53 хувийг усан цахилгаан станцууд, 24 хувийг салхин цахилгаан станцууд, 18 хувийг нарны цахилгаан станцууд үйлдвэрлэж байнагэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)