Зуун айлын үйлдвэрүүдийг хотоос 35 км-т нүүлгэнэ
- 2019-06-13
- Өөр өнцөг
- 1
Манай улс барилгын материалынхаа талаас илүү хувийг импортоор авдаг. Тэгвэл Налайх дүүрэгт Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсанаар импортыг 40 хувь бууруулна гэж тооцоолжээ. Тиймээс Налайх дүүрэгт парк байгуулж нийслэлээс барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэрийг Хотын захиргаа гаргаад байгаа юм. Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлно гэж төлөвлөсөн Барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркт дэвшилтэт технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчинг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос 35 км зайд буюу Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк руу Зуун айл орчимд үйл ажиллагаа явуулж байгаа зэс боловсруулах, бетон, цемент, чулуу гэсэн барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх юм байна. Одоогоор 15 аж ахуйн нэгж гэрээ байгуулаад байгаа бөгөөд хүнд даацын засмал замын ажлыг эхлүүлж энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Үйлдвэр технологийн парктай Ерөнхий сайд, Хотын дарга нар амралтын өдөр танилцсан юм. Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан “2017 онд барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ дагуу Зуун айлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчидтэй удаа дараа уулзсан. Дэд бүтэц, орчныг нь бүрдүүлээд өгчихвөл татгалзах зүйлгүй гэж байгаа. Үйлдвэрүүдийг нүүлгэчихвэл газар дээр нь орон сууц барина. Зуун айлд хашаан дотор үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй үйлдвэр бий. Эдгээр том оврын үйлдвэрийг паркт төвлөрүүлнэ. Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна.Үйлдвэр технологийн паркыг хуулийн хүрээнд ашиглалт менежмент, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркын захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны үйлдвэрлэлийн паркыг судалж байна” гэлээ.
120 га талбайг хамрах Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбогдож 1500-10 мянган ажлын байр бий болно гэж үзжээ. Энэ талаар Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Улаанбаатар хот дахь үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр агаар орчин, хөрсний бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна. Үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин өснө. Налайх дүүргийн хөгжил, эдийн засгийн үндэс суурь болно. Энэ онд авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авч, нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэхийг зорьж байна.
Ер нь хууль эрх зүйн зохицуулалт, паркт байршиж буй үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортлох, бүтээгдэхүүнээ экспортлоход гааль, татварын тогтсон хөнгөлөлт эдлүүлэх, тэдгээрт хамаарах дүрэм, журмын заалтуудыг баталж мөрдүүлэх шаардлагатай” гэлээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
Pooh (172.58.228.203)
Odoog hurtel nuulgaagui baisan yum uu?