Хөвсгөл нуур болон Онон-Балжийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 38 сая доллар зарцуулна

Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа.

Энэ нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт болж байна.

Хөнгөлөлттэй зээлээр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулна. Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүдийг байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжуудыг суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулах зэрэгт зарцуулах аж.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт орших Хөвсгөл нуур нь Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур юм. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Монголын түүхэн удирдагч болох Чингис хааны төрсөн нутаг.

Аялал жуулчлалын салбар 2017 онд улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байдаг. Тус төслийг хэрэгжүүлснээр гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)