Б.Батсүрэн: Зээлийн хүү 2012 оноос хойш хамгийн доод түвшинд буюу 16.9 хувьд хүрсэн

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэнтэй сүүлийн үеийн статистик үзүүлэлтийн талаар ярилцлаа.

-Таны ажил үүрэг статистик мэдээлэлтэй холбоотой байдгийн хувьд өнөөгийн макро эдийн засгийн байдлын талаар статистик тоон мэдээллээс танилцуулна уу.

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшинд 2018 оны эцэст 6.9 хувьд, 2019 оны эхний улирлын байдлаар 8.6 хувьд хүрсэн. Энэ өсөлтөд нийлүүлэлт талаас уул уурхай, боловсруулах, үйлчилгээ, эрчим хүчний салбар голлох эерэг нөлөөг үзүүлсэн, харин эрэлт талаас зах зээлд оролцогчдын итгэл сайжирснаар хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн. Эдийн засгийн өсөлтийн эерэг үр дагавар өнгөрсөн онуудтай харьцуулахад дундаж цалингийн өсөлт, зээлийн эргэн төлөлтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь харагдаж байна. ҮСХ-ноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс харахад өрхийн дундаж нийт мөнгөн орлого 2019 оны I улиралд 1.147.5 мянган төгрөг, үүнээс цалингийн орлого 10.5 хувиар тэлж 615.34 мянган төгрөгт хүрчээ. Эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн салбаруудын хувьд дундаж цалин 729.9-2.825.1 мянган төгрөгийн интервалд байна. Боловсрол,  эрүүл мэнд, барилга, төрийн захиргаа, уул уурхай,  ХАА, худалдаа, боловсруулах салбарын цалин 10.8-22.7 хувиар өссөн байна.

 

Эдийн засгийн өсөлт, идэвхжил нэмэгдэхийн хэрээр иргэдийн хэрэглээ, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өмнөх жилүүдээс өсч байна. Банкны салбараас олгосон нийт зээл 2019 оны тавдугаар сарын байдлаар 20 хувиар өсч 17.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 60 хувь нь бизнесийн зээл, үлдсэн нь иргэдийн ипотек, цалин, тэтгэвэр гэх мэт хэрэглээний зээл байна.

 

-Эдийн засгийн сэргэлтээ дагаад зээл өсч байгаа ч зээлийн хувьд чанарын асуудал ямар түвшинд байгаа вэ. Мөн зээлийн хүүний талаар мэдээлэл өгнө үү? 

 

-Энэ оны тавдугаар сарын байдлаар үйл ажиллагаа явуулж буй банкуудаас нийт олгосон зээлийн 9 хувь нь чанаргүй зээлд ангилагдсан байгаа өмнөх оны үеэс хоёр нэгж хувиар нэмэгдсэн байна. Аж ахуйн нэгж, байгууллагын чанаргүй зээл 16.2 хувьтай байна. Харин иргэдийн зээлийн чанар сүүлийн хоёр жил орчмын хугацаанд харьцангуй тогтвортой буюу хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 3.1 хувиас, чанаргүй зээл 3.8 хувиас бага байна. Зээлийн хүү (тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ)) 2012 оноос хойшх хамгийн доод түвшиндээ буюу 16.9 хувьд 2018 оны эцэст хүрсэн. 2019 оны 5 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар буурч 17.3 хувь байна. Иргэдийн зээлийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүү 18.6, гадаад валютаар олгосон зээлийн хүү 12.7, хувийн байгууллагад олгосон зээлийн ЖДХ 15.6, гадаад валютын зээлийн ЖДХ 10.6 хувь байна.

 

-Монголбанк гадаад секторын статистикийг боловсруулан гаргадаг, гадаад секторын хувьд ямар дүр зурагтай байна?

 

-Төлбөрийн тэнцлийн хувьд, урсгал ба хөрөнгийн данс 2019 оны I улиралд 373 сая ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 530 сая ам.долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын ашигтай гарлаа. Мөн 2018 оны эцэст төлбөрийн тэнцэл 334 сая ам.долларын ашигтай гарч байсан. Монгол Улсын нийт гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2018 онд 12.9 тэрбум ам.долларт хүрч, 2017 оноос 22 хувиар нэмэгдсэн. Энэ оны эхний таван сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 10 хувиар өсч 5.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 13, импорт зургаан хувиар өссөн нь нөлөөлөв. Экспортын өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн болон биет хэмжээний өсөлт нөлөөлсөн. Дэлхийн зах зээл дээрх нэг унц алтны дундаж үнэ энэ оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.5, төмрийн хүдэр 51, чулуун нүүрсний хилийн үнэ долоон хувиар өссөн байна. Импортын хувьд өсөлтийн дийлэнх хувийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт бүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импортийн өсөлтөд эдийн засгийн эрчимжилттэй холбоотойгоор машин тоног төхөөрөмжийн импорт гол нөлөө үзүүлж байгаа бол хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлтөд автомашин, сэлбэг хэрэгслийн импорт 30 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Энэ нь иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж байгаагийн нэг илрэл гэж үзэж болохоор байна.

Түүнчлэн Монгол Улсаас гадаадад аялах иргэд, жуулчдын тоо болон нөгөө талаасаа гадаадын жуулчид Монгол Улсад аялах нь өссөөр байна.

Тодруулбал, гадаад улсад аялагчдын тоо 2018 оны эцэст сүүлийн найман жилийн хамгийн дээд цэг буюу 282 мянгад хүрчээ. 2019 оны эхний таван сарын байдлаар уг үзүүлэлт 107 мянгад хүрч сүүлийн таван жилийн дунджаас 16 хувиар нэмэгдэв. Цаашид жуулчдын орох, гарах урсгал өсөх хандлагатай байна.

 

-Та хэрэглээний импорт өссөн гэж хэллээ. Гэтэл Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого хэрэглээний бүтээгдэхүүний импортыг хязгаарлах зорилготой байсан.

 

-Тийм ээ, макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого хэрэглээний бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, өрхийг өрийн дарамтаас сэргийлэх зорилготой. Энэ нь эдийн засагт эрсдэл үүсэхээс сэргийлэх, цаашид тогтвортой өсөлтийн орчныг бий болгохыг зорьж байгаа юм. Хэрэглээний зээл нэмэгдэхийн хэрээр хэрэглээний барааны импорт өсдөг. Банкуудаас олгож буй зээлийг иргэдийн хэрэглээний зээлээс илүүтэйгээр бизнесийн зээл рүү чиглүүлснээр бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэж, эдийн засаг дахь нийт эрэлт нэмэгдэх нь цаашид ажлын байр, үйлдвэрлэл нэмэгдүүлэх чухал түлхэц болно. Энэ бодлогын үр дүн гарч байгааг тоон статистикаар тайлбарлавал, 2018 оны эцэст 50-аас дээш хувьтай байсан иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт 2019 оны тавдугаар сард өнгөрсөн онтой харьцуулахад 27 хувь болон буурсан байна. Харин 2017 оны сүүлээр агшиж -3 хувьд хүрч байсан хувийн байгууллага буюу бизнес эрхлэгчдэд олгож буй зээл 2018 оны дундаас эрчимжих болов. Тодруулбал, 2018 оны зургадугаар сараас 2019 оны тавдугаар саруудын хувийн байгууллагын зээлийн жилийн өсөлт 12.2-19 хувьтай байна. Хэрэглээний барааны импорт 2018 онд 30 орчим хувиар өсч байсан бол 2019 он гарсаар өсөлт саарч 5 дугаар сарын байдлаар 10 хувьд хүрээд байна.

 

-2019 оны эхний гурван сард банкны систем ашигтай ажиллаж байсан бол дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар тухайн жилийн ашиг, алдагдал -137 тэрбум төгрөг гарсан гэж Монголбанкнаас мэдээлсэн. Алдагдалтай гарахад ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?

 

-Монголбанк олон улсын аргачлалын дагуу мөнгө, санхүүгийн статистик мэдээллийг нэгтгэн олон нийтэд түгээдэг. Уг аргачлалаар татан буугдсан банкуудын мэдээллийг банкны салбарын нэгдсэн мэдээлэлд тусган оруулж байхыг зөвлөдөг. Иймд Монголбанкнаас олон нийтэд түгээж буй банкны системийн нэгдсэн балансын үзүүлэлтийг татан буугдсан банкуудын мэдээллийг оруулснаар болон үйл ажиллагаа явуулж буй банкуудаар нэгтгэн олон нийтэд зарлаж байгаа юм. Татан буугдсан банкны үзүүлэлтийг оруулснаар буюу 16 банкны үзүүлэлтээр дөрөвдүгээр сарын байдлаар банкны салбарын алдагдал 137 тэрбум төгрөг байгаа юм. Уг алдагдалд саяхан татан буугдсан Капитал банкны алдагдал голлон нөлөөлсөн. Харин үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны нэгдсэн дүнгээр авч үзвэл банкууд эхний дөрөвдүгээр сарын байдлаар 80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.

 

-Монгол Улс ОУВС-гийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ гэсэн мэдээл­лийг Монголбанкнаас гаргасан. Энэ хүрээнд Монголбанкны зүгээс хийсэн ажил юу байв?

 

-Улс орнууд статистик мэдээллээ ОУВС-гаас гаргасан стандартын дагуу боловсруулан, олон нийтэд түгээдэг. ОУВС улс орнуудын онцлог, статистикийн чанараас хамааран гишүүн орнуудаа ангилдаг. Манай улс өмнө нь “Мэдээлэл тархаалтын ерөнхий систем”-д багтдаг байсан. 2019 оны дөрөвдүгээр сард албан ёсоор статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг загвар болж буй “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжсэн. Мэдээж дэлхийн жишиг загвар стандарт гэхээр улс орнуудын статистикийн боловсруулалт нэг загвар стандарттай боловруулагдаж байна гэсэн үг. Энэ утгаараа статистикийн чанар сайжирч, тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, олон улс дахь улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлөх, бусад улстай харьцуулсан судалгаа шинжилгээ хийх гээд олон талын ач холбогдолтой. Монголбанкны хувьд мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг уг стандартын дагуу гаргаж байна. Уг стандартад шилжихэд хийсэн гол ажил бол Монгол Улсын гадаад өр, гадаад валютын албан нөөцийг холбогдох стандартын дагуу зарлаж эхэлсэн.

 

Д.Ариунаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)