C.Гантуяа: Үнсээд гарсан хань минь үхэх сэхэхийн заагт байгаа нь даанч харамсалтай
- 2019-06-21
- Өөр өнцөг
- 1
Хүний амьдралд өвчин зовлон хийгээд гэнэтийн осол гэмтэл хэлж биш хийсч ирдэг. Хоёр нялх үрээ үнсээд хайрт ханьдаа “Ажилдаа яваад ирье” гээд гэрээсээ гарсан залуу тэр өдрөө эргэж ирсэнгүй. “Халуун наранд барилга дээр ядартлаа ажиллаж байгаа даа” гэж бодон ханийнхаа оройн хоолыг бэлтгэж байхад утас нь дуугарч харамсалтай мэдээг дуулгажээ.
Өглөөхөн инээгээд гарсан хань нь “Хангай” хотхоны хойд талд байрлах дахин төлөвлөлтийн таван давхар барилгын дээврийн хэсэгт гүйцэтгэл хийж байгаад унаж, хүнд бэртэл авч ГССҮТ рүү хүргэгдсэн байна. Яарч сандран залбирсаар их хотын түгжрэлийг арай гэж туулан очиход биеийн байдал нь хүнд, ямар ч ухаангүй байжээ. Нурууны яс бяцарч, нугасны хальс задарсны дээр цуллаг эрхтнүүд нь няцарч цус хурсан хавсарсан гэмтэл авсан Г.Хүрэлсүхийг хагалгаанд оруулж, эмчилгээ хийсэн ч биеийн байдал төдийлөн сайжрахгүй байгаа аж.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцыг барьж буй “Рапид архитектур констракшн” ХХК-ийн ажлын талбарт наад захын аюулгүй байдлыг огт хангаагүйг тухайн үед хэвлэлүүд хөндөж байсан. Ер нь мөнгөтэй л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бэртэгчин бодолтой, төсөвт ажил авчихаад хямд өртгөөр гүйцэтгүүлж “цавчаа” хийгээд сурчихсан барилгын компанийн эзэд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажилласан бол эрүүл саруул байсан залуу эмнэлгийн орон дээр шаналж хэвтэхгүй байлаа. Гэр бүл зохиож, хоёр хөөрхөн охинтой болоод удаагүй, дээр нь өндөр настай аав,ээжийгээ дэргэдээ авч асарч халамжлан амьдралын захад дөнгөж хөл тавьж явсан идэр залуу ийнхүү эрэмдэг болсон нь даанч харамсалтай.
Хоёр нялх үр нь аавыгаа санаж “Хэзээ ирэх вэ. Аавтайгаа тогломоор байна. Хамт үлгэрийн кино үзье л дээ” гэж ээжийгээ шалж, цаг тутамд нэхэх нь сэтгэлийг нь шаналгаж байгааг эхнэр С.Гантуяа нулимс дуслуулан ярьж суугаа нь өр өвдөм. Үнсээд гарсан ханийгаа үхэх сэхэхийн заагт байгааг харж, өвдөлтийг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа түүнд залбираХаас өөр хийж чадах зүйл одоохондоо алга.
Баянхонгор аймгийн төвд, ахмад барилгачин С.Гончигдорж; Д.Долгор нарт үр нь болж мэндэлсэн Г.Хүрэлсүх багаасаа л барилгачдын дунд өсч торниж, дунд сургуулиа төгсөөд МСҮТ-ийг барилгын чиглэлээр төгсчээ. Энэ цагаас өнөөг хүртэл тэрбээр барилгын салбарт ажиллаж иржээ. Гэвч хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хэдхэн секундын хугацаанд хүнд бэртэл авч, хөл дээрээ босох эсэх нь эргэлзээтэй хэвтэж байна.
Эхнэр С.Гантуяа нь “Бид хоёр хамт амьдраад зургаан жил болж байна. Хоёр охин маань том нь гурав, бага нь ой гарантай. Хань минь барилгын чиглэлээр сурч төгсөөд л ажиллаж эхэлсэн. Би ч бас барилга дээр ажиллаж байгаад хүүхэд төрүүлэн тэднийгээ асраад байж байна.
Тэр цагаас хойш нөхөр маань ганцаараа ажиллаж, гэр бүлээ тэжээсээр ирсэн. Тэр өдөр ажил тарахыг нь дөхүүлээд утсаар ярихад “Удахгүй очно” гэсэн юм. Гэтэл 18.00 цагт ах маань залгаад “Осолд орчихлоо. Та хэд Гэмтлийн эмнэлэгт яаралтай хүрээд ир” гэсэн. Бид ч яарч сандраад яваад очиход ямар ч ухаангүй, маш хүнд бэртсэн тул ухаангүй байсан. Эмч нар зөвлөлдөж байгаад хоёр өдрийн дараа яаралтай хагалгаанд оруулж, эмчилгээг эхлүүлсэн. Ер нь ажил гүйцэтгүүлэх гэж аваачсан “Рапид архитектур констракшн” ХХК-иас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ямар ч хэрэгсэл өгөөгүй. Өөрийнхөө хуучин каскыг өмсөөд явсан. Хуучин каскаа өмссөндөө өндрөөс унахад тархи толгой нь айхтар гэмтээгүй байх гэж бодож байна. Биеийн байдал маш хүнд байгаа. Нэг хөл нь мэдээ орохгүй байж мэдэхээр байна. Хань маань төрөлхийн өрөөсөн бөөртэй, гэтэл бөөр, элэг няцарч цус хурсан гэсэн онош гарсан” хэмээн ярьж байна. Г.Хүрэлсүхийн сэтгэл санааны байдал ч тун муу байгаа гэнэ. “Хоёр охиноо асууж, бодолд дарагдан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэвтэж байгааг нь харахаар элэг эмтэрч зүрх шимшрэх юм. Заримдаа эргээд очиход хөнжлөө нөмрөөд мэгшиж байхаар нь орохоосоо халгаад гадаа хүлээдэг” гэж аав, ээж хоёр нь хэлж байлаа. Хүүхдийн баяраар хоёр охиныг нь эмнэлэг дээр аваачиж аавтай нь уулзуулахад “Би сууж, явж чадахгүй болчихвол яана. Миний хоёр охиныг хэн тэжээх юм бэ” гэж сэтгэл нь ихээхэн хямарсан гэнэ. Бага охин нь ой гарантай учир аавыгаа бэртсэн талаар мэдэхгүй байгааг С.Гантуяа хэллээ. “Харин том охин аавын бие нь өвдчихсөн. Эмнэлэгт хэвтэж байгаа. Удахгүй зүгээр болоод гэртээ ирнэ гэдэг” гэлээ. Г.Хүрэлсүхийг Солонгос улсад эмчлүүлэхээр холбогдох эмнэлэгт шинжилгээний бичгийг явуулж, хариу ирэхийг хүлээж байна. Одоогоор нэг өдрийн эмчилгээний зардалд 300 мянган төгрөгийг зарцуулж байгаа аж. Түүнчлэн ойр дотныхон нь нэгдэж хандивын аяныг эхлүүлжээ. Барилгын компани хариуцлагагүй үйлдэлдээ гэмшихгүй, харин ч хэвлэлд ярилцлага өгвөл эмчилгээний зардал өгөхгүй гэж байгаагаас хүн чанарын хэлтэрхийгүй эзэнтэй гэдэг нь харагдаж байгааг нуух юун. Эрүүл саруул, ид хийж, бүтээж явсан залуугийн хувь тавиланг өөрсдийн хайнга ажиллагаа, аюулгүй байдлаа хангаагүйн буруугаас бусниулчихаад хэнэг ч үгүй байгаа тэднийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч шалгаж байгаа байх. Гэмтэл, бэртэл нь хэчнээн эдгэрлээ ч барилгачин залуу өмнөх шигээ хийж бүтээж чадахгүй. Хоёр охиноо өргөөд эрхлүүлж чадахгүй, алив аавдаа ир гээд тэврээд үнсч чадахгүй. Ойролцоо худгаас усаа зөөж, гэрээ буулгаад дулаалж чадахгүй. Нүүрсээ тэргэн дээр түрээд ирж чадахгүй. Амьдралын ямар ч баталгаагүй болсон ч ядаж хоёр хөл дээр нь босгочих юмсан гэсэн бодол адилхан залуу хүний хувьд төрж байна. Бас Монголынхоо залуусыг уриалъя гэж бодогдсон юм. Монголчууд задарснаа өмгөөлдөг төртэй ч, ядарснаа өмөөрдөг ард түмэнтэй билээ. Залуу гэр бүлд амьдрал хайрлаж, барилгачин Г.Хүрэлсүхийг хөл дээр нь босгохын төлөө халуун сэтгэл, өглөгийн гараа сунгахыг та бүхэндээ уриалж байна.
ХАНДИВ ХҮЛЭЭЖ АВАХ ДАНС: Гончигдоржийн Хүрэлсүх 5035443606, аав С.Гончигдорж, Хаан банк -5246244373, Төрийн банк 232100450639 Холбоо барих: 88138576, 884462638, 88147817, 88865698
У.Орхон
Сэтгэгдэл (1)
Д (66.181.160.44)
Энэ салбарын сайд нь гэж нэг тэнэг хасаг. Монголд зөвхөн барилгаас болж хичнээн айл ингэж өнчирч гансрах юм бол. Зөвшөөрөл энэ тэрийг нь бүрмөсөн цуцлаад өгөхөөр наад малууд чинь нөгөө ХАБ -лаа ном дүрмээр нь ажиллуулна шүү дээ Ийм юман дээр ямарч дуу чимээ байхгүй Наад хасагаа огцруулаад өгөө Энэ Хүрэлсүх энэ хэдийгээ өмөөрсөөр байгаад нэгл өдөр тэр чигээрээ огцорно шүү...Тэгсэн мөртлөө манайхан мэдээллийн сайт бүрт л Энхсайхан гэж хужааг эвий минь хөөрхий минь гэх нь холгүй л байх юм. аргагүй л нэг үхрээрээ дуудуулахаас өөр яахав даа хөөрхийс