Идлэг шонхор шувууг гадаадад гаргахгүй
- 2019-07-09
- Байгаль орчин
- 0
Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгав. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн хугацаанд шонхор шувууг хууль бусаар гаргахгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, өндөр хүчдэлд цохиулж хорогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан тоо толгой, тархац, идэш тэжээлийн өөрчлөлтийг тогтоох урт, дунд хугацааны судалгаа мониторинг, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний дүнд 2010 онд 6800 байсан шонхор шувуу 2018 оны байдлаар 10380 болоод байна.
Гэхдээ тоо толгойн өсөлт нь ашиг олох зорилгоор барих хэмжээнд хүрэхгүй төдийгүй, олон улсын хэмжээнд эмзэг ангилалд багтдаг шувуу учир хориглосон хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)