Х.Билгүүн: Хүчирхэг үндэстэй бортоглогдсон модыг хэдийд ч тарьж болно

“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “UBT Gardan” компанийн Бизнес хөгжүүлэлтийн менежер, ой судлаач Х.Билгүүнийг урьж ярилцлаа.

-Мод үржүүлгийн компани  ирээдүйд үр өгөөжөө өгнө гэдгийг тооцсон нь таны бизнесийн ухаан байх. Үүнээс яриагаа эхэлье?

 

– Манай компани  одоогоос 12 жилийн өмнө 2005 онд байгуулагдаж барилга, такси үйлчилгээ,жаазны үйлдвэрлэл зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байлаа. Харин 2012 оноос эхлэн мод үржүүлэг, уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Аливаа бизнесийг эхлэхэд шалтгаан хэрэгтэй. Монгол оронд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан нөхөн сэргээлтийг технологийн дагуу өндөр чанартай хийдэг мэргэжлийн байгууллага дутмаг байсан. Мөн манай орны газар нутгийн наймхан хувийг ой мод эзэлдэг боловч хулгайгаар мод бэлтгэх, тарьц суулгац бэлтгэж байгаа нэрийдлээр мэргэжлийн бус хүмүүс нялх модыг гэмтээн зөөвөрлөж байсан. Түүнчлэн орчин тойрноо цэцэрлэгжүүлэн, ногоон байгууламжтай болох хүсэлтэй хувь хүмүүс болон албан байгууллагын тоо нэмэгдсэн.

Мэргэжлийн баталгаатай суулгац худалдан авахад бэрхшээлтэй тулгарч байсан. Бид энэ зах зээлээ мэдэрч эдгээр шалтгаанаар бизнесээ эхлүүлсэн юм.

 

-Бизнесийн анхны хөрөнгө оруулалт хэрхэн хийгдэж байв?

 

-Ирээдүйд ногоон байгууламж, мод бидний мөнх амьдралын баталгаа болно гэдгийг тэр үед тооцож, энэ хугацаанд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Канад технологиор хүлэмжээ  байгуулсан.  Ойролцоогоор хоёр га газарт зургаан хүлэмжид мод үрслүүлж, тарьж ургуулж байна. Том хүлэмжид тусгай үр, элс, мод борлуулах үйл ажиллагааг явуулдаг. Нөгөө хүлэмжид үрээ үрслүүлж тодорхой хугацааны дараа үрслүүлсэн тарьцаа бойжуулалтын талбай буюу Биокомбинатад байдаг талбайдаа байгаль цаг ууртай зохицуулах зорилгоор  ургуулдаг. Ингээд эрс тэс уур амьсгалтай Монгол орны хаана ч шилжүүлэн тарихад  дасан зохицож ургахад бэлэн болсон модоо буцааж тусгай хүлэмжиндээ авчирч  технологийн дагуу хамгаалагдсан хөрсөөр бордож бортоглодог. Бортоглогдсон мод бортогондоо үржиж,  хүчирхэг үндэстэй том мод болдог. Ийм мод өвлийн тэсгэм хүйтнээс бусад ямар ч цаг үед ургадаг. Түүнчлэн маргааш бороо орох юм байна гээд өнөөдөр тарьсан ч ургана. Зөвхөн хавар мод тарьдаг гэсэн ойлголт үгүй болсон. Үрээр тарьж бойжуулсан хүчирхэг үндэстэй бортлогдсон мод хаана ч ургадагаараа мод үржүүлгийн компаниудаас давуу. Энэ системээр ажиллаж буй мод үржүүлгийн  компани манайд  байдаг ч хүртээмж, хүчин чадал, мэргэжлийн боловсон хүчнээр манайх хамгийн том нь.

 

-Иргэд мод тарьж ургуулах мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас шалтгаалж, тэр бүр тарьсан мод нь ургахгүй байна. Иргэдийг мэдээллээр хангахад хэр анхаарч ажилладаг вэ?

 

-Бидний бэлтгэж байгаа тарьц, суулгацуудыг мэргэжлийн хэллэгээр “Өндөр үр өгөөжтэй мод” гэж нэрлэдэг. Ямар ч модыг сайн ургуулж, үр өгөөж нь өндөр байх боломжтой. Харин үүнд ямар нэгэн химийн бодис ашигладаггүй, зөвхөн органик аргаар бойжуулалтыг хийдэг. Модыг ургах эхний сард арчилгааны тусгай технологи хэрэглэж, тарьц суулгацаа бэлтгэдэг. Ингэснээр хурдан ургаж биежихээс гадна арчилгааны үнэ өртөг, хөдөлмөр зарцуулалт багатай болдог.

 

-Одоо танай  хүлэмжинд ургахад бэлэн хэдэн мод байна?

 

-Одоо манайд 200 нэр төрлийн модноос 17-18 төрлийн янз бүрийн насны  нэг тэрбум орчим төгрөгийн худалдахад бэлэн мод байна. Сүүлийн жилүүдэд монголчуудын мод тарих, ногоон, эко байх сэтгэлгээ сайжирч манайхаас мод худалдаж авах хандлага эрс нэмэгдсэн. Мод тарих талаар зөвлөгөө авч, асууж сургалаад, бие биедээ мэдээлэх, туршлага солилцох нь идэвхитэй болсон. Мөн цахим орчинд мод тарих сургалт мэдээллээ байнга мэдээллэдэг.Ингэснээр тэдний мэдлэг мэдээлэл, туршлага жил бүр сайжирч хашаандаа ой байгуулсан иргэд олон. Түүнчлэн уул уурхайн компаниуд, хөдөө орон нутгаас нөхөн сэргээх чиглэлээр үрслүүлж бойжуулсан мод байнга авч байна.

 

-Аль ч бизнест үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаа хандлага чухал байдаг. Танайх үйлчлэгчиддээ зөвлөгөө хэр өгч байна?

 

-Цахимын “ubtrii.mn” веб сайт Facebook.com-ын “ubtree”фэйж хуудасны тандалт судалгаагаар манайхаас авсан мод сайн ургасан талаар харилцагч байгууллага, иргэдтэйгээ эргэж  мэдээллээ солилцдог. Саяхан “sponsорuud” хэмээх бортоглосон мод буюу хүчирхэг үндэс гэж юу болох талаар зөвлөгөөг өгсөн. Цаашдаа модны нүхийг хэрхэн ухах, бортоглосон модыг яаж ургуулж, услах арга технологийн талаар цуврал хичээл явуулна. Энэ бүгд иргэдийн мэдлэгийг тэлэх зорилготой юм. Ингэснээр иргэдийн  мод худалдан авах нь нь сайжирч тэр чинээгээр бидний бизнест ашигтай. Гэхдээ ашиг гэж харахаас илүүтэй ард түмэнд модоо хэрхэн арчилж ургуулах мөн өрх бүрийг хашаагаа ойжуулах аянд нэгдүүлж, дэлхийн дулааралтай тэмцэх, агаарын бохирдлыг бууруулахад л хувь нэмэрээ оруулах нь бидний гол зорилго юм. Аливаа бизнес үеийн үед хэн хэндээ ашигтай байх. Бүтээгдэхүүн  чанартай байснаар л бизнес амжилттай байх  шалтгаална. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний ажлыг олон нийтэд түгээх нь нэмэгдсэнд баярлаж урам ордог.Удахгүй манайх зуслангийн чиглэлийн зам дагуу модны үзэсгэлэнг зохион байгуулж борлуулалтын цэгээ нэмэгдүүлэхээр бэлтгэж байгаа.

 

-Үрээр ургуулж, бойжуулаад эргүүлж авчирч бортоглоод зах зээлд нийлүүлнэ гэхээр зардал нэлээн өндөр байдаг байх?

 

-Модны үрийг түүхээс эхлээд нарийн ажилагаатай. Хадгалалт, талбайд үрсэлгээнд гаргахаас өмнө цас, мөсний усанд 14 хоног дэвтээх гэх зэргээр модны үр болгон технологитой. Технологийн дагуу мод ургуулах өндөр өртөгтэй. Өөрийн өртөгөө удаан хугацаанд нөхдөг. Гэхдээ модны үр  бага талбайд хэдэн зуун мянга, сая үржиж бойжиж байгаа учраас нэг модонд ногдох өртөг харьцангүй бага. Нөгөөтэйгүүр манайд олон жил ажилласан мэргэжлийн мастер багш Эрдэнэчимэг ажилладаг. Мастер маань модоо борлуулахаас гадна мод авсан хүн болгонд зөвөлгөөг  газар дээр нь очиж өгдөг. Мөн шаардлагатай бол тодорхой тарифаар модны нүх ухахаас эхлээд тарих хүртэлх бүх үйлчилгээг үзүүлдэг. Манайх дэлгүүрийн лангууны араас мод худалдах биш нэг ширхэг мод авсан ч бай хоёрыг ч авсан  хүн болгонд заавар аргачлалыг нь  өгдөг. Мод болгон өөр өөрийн усалдаг, ургадаг технологитой.

 

-Ойгоос мод авчирч тарих нь технологийн хувьд зөв үү. Нэг хэсэг ойгоос мод авчирч тариад ургаагүй хэмээн шүүмжлэл дагуулж байсан?

 

-Газрын зураг дээрээс харахад манай орон зөвхөн урд талаараа хэдхэн модтой юм шиг харагдаж байгаа боловч бусад оронтой харицуулахад харьцангүй модгүй. орон. Тиймээс хүн бүхэн нэг мод тарихыг уриалдаг ч төрийн  бодлогоор хийхгүй  бол амжилт олох нь удаан. Манайх гадны орноос авчирсан үрээр мод тарьдаггүй. Мөн ойгоос мод авчирч тарьдаггүй. Ижил төрлийн бизнес хийж буй компаниудад хүндэтгэлтэй ханддаг. Шигүү ургасан ойг цэвэрлэх нөхөн сэргээх үүднээс ойг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сийрэгжүүлэх зорилгоор технологийн дагуу мод авдаг. Ойдоо ч хэрэгтэй. Хамгийн гол нь яагаад хотод ирээд ургахгүй байна вэ гэвэл технологийн дагуу авахгүй байгаатай холбоотой. Хэзээ ямар цагт хэрхэн авах, үндэс нь ямар онцлогтой зэргээс шалтгаалахаас гадна тээвэрлэлтийн өөр өөр горимтой. Нар үзүүлэхгүй байх үндсийг нь хатаахгүй  тээвэрлэх зэргээс болж ургахгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр хэзээ яаж тарих, нүхээ хэрхэн ухах, услах зэргээр шилжүүлэн суулгасан модоо хэрхэн арчлахаас  хамаарна. Мод амьд ургамал учраас хотын дуу чимээ,тоос шороо, агаарын бохирдолд дасан зохицох зэргээр амьд амьтантай ижил учраас ялгаагүй арчилгаа шаарддаг. Энэ бүгд зөрчигдснөөс болж байна гэж мэргэжлийн бид ярьдаг. Түүнээс биш уулнаас авчирч тарьж байгаа нь буруу биш.

 

-Энэ төрлийн бизнесийг өргөжүүлэхэд цаашид юуг анхаарах вэ. Мод үржүүлэг бол улс эх орондоо ч, айл өрхдөө ч, хүндээ ч хэрэгтэй бизнес шүү дээ?

 

-Хамгийн гол нь ногоон байгууламж байгуулах гэж зорьж,  төрийн болон төрийн бусад байгууллага мэргэжлийн хүмүүсээр тууштай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Түүнчлэн ногоон байгууламж ойжуулалтад төрөөс нэг га-д дэмжлэг үзүүлдэг. Гэвч нэг га-д оногдох мөнгө төлбөр харьцангүй бага. Үүнийг нэмэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ногоон байгууламжийн тендерт манайх бүх шаардлагыг хангадаг ч нэг ч удаа тендер авч байгаагүй. Харин тендерт шалгарсан компаниуд манайхаас ирж суулгац, тарьц авдаг. Уг нь манайхыг тендерт шалгаруулбал нэг модны үнэ өөрийн өртөгөөр тооцогдоно. Манайхаас авсан модоо тээвэрлэлт, арчлалт хамгаалалт, тарихад гээд өртөг нэмэгдэнэ. Манайх түргэн ургалттай тэсвэрлэх чадвар өндөр, хүчирхэг үндэстэй систем бүхий олон улсын томоохон төслүүдэд ашиглагддаг шалгарсан технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн цорын ганц байгууллага. “Хурд”, “Боро гоулд”, “Оюу толгой”, “Монполимет” зэрэг байгуулагад 180 мянга орчим модыг 180 га газарт амжилттай тариалсан. 

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)