Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй

Зуншлага сайхан байгааг ч хэлэх үү нүд алдам номин тал, цэцэгт нугаар давхисаар нар шингэсэн хойно Мөрөн хотод хүрлээ. Булган хангайн байгалийн сайхныг биширч, замын хүн заавал буугаад морддог Түлүүгийн даваанд багахан саатав. Дэлгэр цагийн нэгэн илрэл уруул чимчигнүүлсэн “Сайхан”-ы айраг амтлангаа тааваараа явсаар хоймор нутагт очсон даруйдаа зорьсон айлдаа дөрөө мулталлаа. Хэдийгээр харуй бүрий болсон ч Дэлгэрмөрөн голын хөвөөг эмжээд явахад л манай нийтлэлийн баатрынхыг төвөггүй олно. Бидний зорьж очсон айл эгэл жирийн атлаа ажил үйлс, олонд тустайгаараа бусдаас онцгой. Тэр дундаа Ж.Оюунмаа бол ярилцсаны дараа сэтгэл дүүрээд ирдэг, түүний талаар илүү ихийг мэдэх хүсэлд хөтөлсөн гайхалтай бүсгүй юм. Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл нуурыг хамгаалахаас гадна нуурын эргэн тойрны ургамлыг судалж арчилж тойглоход нэг насны амьдралаа зориулж яваа  “хос морьтой” энэ бүсгүйг Хөвсгөлийнхөн гэлтгүй андахгүй.

 

Ж.Оюунмаа нуурыг сахиж үлдсэн цөөн хүмүүсийн нэг төдийгүй Далай ээжийг хамгаалахад дуу хоолойгоо хүргэдэг идэвхтэн байгаль хамгаалагчдын тэргүүн эгнээнд явдаг. Мөн Хөвсгөл нуурыг түшиглэсэн өнөөгийн аялал жуулчлалын эх суурийг тавьж Далай ээжийг гадаад ертөнцөд анхлан нээсэн. Нэг ёсондоо Чингисийн  Монголыг дэлхийд таниулсан өвөрмөц гэр бүлийг сурвалжлахаар хоймор нутгийг зорьсон хэрэг.

 

Тусгай хамгаалалттай газрын анхны шанг татаж, аялал жуулчлалыг эхлүүлжээ

 

 

Зун нь ургамал судлахаар хээрээр явчихдаг бол бусад үед нь дүгнэлт тайлангаа бичнэ.

 

Хөвсгөлийг аялал жуулчлалд хөтөлсөн эдний гэр бүлийн түүх сонирхолтой хэрнээ адармаатай. 1986 онд Ж.Оюунмаа Монгол Улсын их сургуулийн биологийн ангийг ургамал судлаачаар төгсөөд Хатгалд ажиллахаар саналаараа иржээ. Тусгай хамгаалалтын газрыг анхлан байгуулахаар ангийнхаа хүүхэдтэй гэр ачиж ирсэн гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Оройтчихоод гэрээ барьж амжилгүй туургандаа орж унтаж байлаа. Тэгээд л  бичгийн машинаас эхлээд бага сага эд хогшилтой болж эхэлсэн. Манай дарга Даш гэж мундаг хүн байсан. Тусгай хамгаалалттай газар байгуулна гээд хоёр га газар бэлтгэчихсэн байсан. Тусгай хамгаалалттай газрыг байгуулах анхны шанг нь татсан болохоор ч тэр үү Хөвсгөл нуурыг, ус ургамлыг нь хамгаалах нь миний үүрэг юм шиг санагддаг. Тиймээс 1986 оноос хойш л нуураа хамгаалахаар бүхий л аргаар тэмцэж байна” гэлээ.

 

Тухайн үед Ж.Оюунмаа Тусгай хамгаалалттай газрын захиргаанд ургамал судлаач, байгаль орчны ажилтан. Хань Д.Лхагвацогт нь Хатгалын захиргаанд ажилладаг. Хоёулаа ажилтайн дээр мал маллах гээд зав чөлөө хомс. Гэтэл 1994 онд тэднийд хоёр франц хүн ирсэн нь Хөвсгөл нуур, цаатны амьдралтай анхны гадаад хүмүүс танилцсан үе юм. Ж.Оюунмаа “Хатгалд байрлах газар, үйлчилгээ байсангүй. Би дөрөв дэх хүүхдээ гаргачихаад гэрт суухдаа зурагтаас Англи хэл бие даан сурч байсан учраас гадаад хүнтэй ганц нэг үг сольж, хэл нэвтрэлцсэн. Тэр хүмүүс манайд 2-3 сар амьдарчихаад нэг өдөр цаатан үзэхээр боллоо. Газар мэдэхгүй учраас манай хүн замчлаад ирье гээд явсан чинь тэр чигтээ баруун тайга руу хамт яваад сар гаруйн дараа ирсэн. Тэр үед холбоо харилцаа байсан биш. Захиа үлдээсэн байсан. Баруун тайгаар морьтой 1000 гаруй км яваад ирэхдээ цаатан гэж гайхалтай хүмүүс, тэдэнд туслах хэрэгтэй гэсээр ирсэн.

 

Тухайн үед эзгүй тайгын цаатанд цааны сүүнээс өөр идэх уух зүйлгүй их хэцүү байсны дээр ан хийх боломжгүй. Урц нь амьтны арьс үсээр хийсэн. Харин франц хүмүүс хоёр жилийн дараа дөрвүүлээ 2-3 хөтөлгөө морьтой, цаатангуудад тусална гээд берзинт, хоол хүнс аваад ирсэн. Түүнээс  хойш баруун тайгад гадныхан их ирдэг болсон доо. Харин манай хүнийг хамгийн анх баруун тайгад хөл тавьж амьдралтай залгуулсан хүн гээд хөшөө хүртэл босгосон байдаг. Тухайн үед аялал жуулчлал эхлүүлж байна гэдгээ ч мэдээгүй” гэсэн юм. Ингэж л англи хэл, зочломтгой зангийнхаа буянаар аялал жуулчлалын анхдагч гэр бүл болсон аж. Харин өнөөх гадаад хүмүүс нутагтаа очиж Дархадын хотгорыг туулсан тухайгаа бичсэн нь гадныхныг Хөвсгөл рүү авчрахаас гадна гэр бүлийн хүн Д.Лхагвацогтыг нутагтаа урьсан байна. Нөхөр нь Францад очоод Монголын тухай, Чингис хааны тухай лекц уншсан нь Монголын талаар чамгүй сурталчилгаа болсон гээд бас л онцлогтой гэр бүл.

 

 

“1999 онд Мөсний баяр гээд манай гэр бүл олон ч зүйл санаачилсан”

 

Эдний гэр бүл олон зүйлд анхдагч. Ж.Оюунмаа Хатгалыг цэвдэг хөрстэй гээд ногоо тарьдаггүй байхад нь нутгийнхныг хамгийн анх хүнсний ногоотой золгуулж, нарийн ногоо тарих аргачлалыг бичжээ. Тэрээр “Хөрсийг нь судалж ногоо тарихад сайхан амттай болсон учраас аргачлал бичиж, айлуудад хөрс сонгож өгдөг байсан. Тухайн үед хэн хүнгүй картын бараатай амьдрал тарчигхан байсан болохоор ногоо л амьдралд багагүй дэм болсон” гэж даруухан өгүүлж сууна.

 

Ургамал  дэлхийн амийг бүрэлдүүлдэг

 

Ж.Оюунмаа Монголд хамгийн их явсан судлаач. Тэрээр Тусгай хамгаалалттай газар хэрхэн ажиллах жишиг байгаагүй үед судалгаа хийж энэ загварыг тогтоосон. Мөн  Хөвсгөл нуур, Дархадын хотгороос эхлээд Увс, Баян-Өлгий, говь гээд яваагүй газар үгүй. Судлаагүй ургамал ч цөөн. Ургамлыг эмийн, тархац, нөөц гээд төрөл бүрээр нь судлахын зэрэгцээ байгаль цаг уурыг ургамлаар шинжсэн 20 жилийн ажиглалт судалгаагаараа 2009 онд доктор хамгаалжээ. Тэрээр судалгааныхаа талаар товчхон хэлэхдээ “Ургамал дэлхийн амийг бүрэлдүүлдэг. 20 жилийн ажиглалтаас харахад ургамлын цэцэглэдэг хугацаа уртассан мөртлөө олон ургамал зэрэг цэцэглэх нь ховордсон. Хөвсгөлд 2002 онд 30 хэм дулаарахад бүх ургамал шарлаж хагдарснаас хойш ургац нэмэгдээгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Хөвсгөлд хамгийн их нөлөөлж байна. Дээр нь ургамал аялал жуулчлалын нөлөөгөөр талхлагдсан” хэмээн сэтгэл зовниж явдгаа хэлсэн юм.

 

Түүний судалгааны дүнгээс харвал, Хөвсгөлд улаан номонд орсон 42 зүйл ургамал, нэн ховор 26, ховор 24 байгаа бол эмийн ургамал 300 гаруй, цэцэг 800 гаруй байгаагийн дээр хаг, хөвд, замгийг оролцуулбал 2300 гаруй ургамал байгаа аж. Мөн ховордсон ургамлын нөөцийг сум сумаар нь судлахаас гадна цайны нөөцийг тогтоож байгаа гэнэ. Ж.Оюунмаа тэмдэглэгдээгүй байсан 33 зүйлийг шинээр нэмж, дахиад арав гаруй зүйлийг илрүүлэн судалж байгаа юм. Тэр дундаа Вансэмбэрүүг олон наст ургамал төдийгүй амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид ганцхан удаа цэцэглэж үрээ өгдөг ургамал Монголоос олдоогүй байсныг анхлан тогтоожээ.

 

Вансэмбэрүүний талаар сонирхолтой баримт дурдахдаа “Өндөр уулын тагад, далайн түвшнээс дээш 2600 метрт ургадаг.Хөвсгөл нуурын эргэн тойронд хоёрхон цэгт бий. Дархадын хотгор руу арай илүү тархацтай. Вансэмбэрүүг ургахаас нь эхлээд хоёр сарын хугацаанд өдөр болгон очиж судалгаа хийсэн.  50 Вансэмбэрүү тэмдэглэлээ гэхэд өдөр бүр очиж үзнэ, олно гэдэг бэрхшээлтэй. Хоногт 3-6 см өсдөг” гэсэн юм. Ийнхүү Хөвсгөлийн ховор ургамлуудыг тарьж ургуулж, ургамлын хувьсал өөрчлөлтийн ажиглалт хийсэн гээд түүний санаачилсан, хөдөлмөрийн үр дүнг тоочиж барамгүй.

Хатгал тосгон анх гадаад худалдааны дамжлага өртөө байсан гэдэг. Сүхбаатар онгоцоор шатахуун ачдаг нефть хангамжийн баазтай. Мод боловсруулах цех, ноос угаах үйлдвэр гээд хөгжил дэвшил ид цэцэглэж байжээ. Гэвч эдгээр нь Хөвсгөл нуурт аюул учруулж мэдэхээр болж 1986 онд Оросууд байгаль нуурыг хамгаалах хөдөлгөөн өрнөхтэй зэрэгцээд Монголд Хөвсгөл далайг хамгаалах ажлыг эхлүүлсэн байна. Тэр үед тусгай хамгаалалттай газрыг хамгаалахаар ирсэн залуухан байгаль хамгаалагч байсан тухайгаа Ж.Оюунмаа “Бид Хөвсгөл далайд фосфоритын орд ашиглах, нууран дээгүүр шатахуун тээвэрлэх, ноос угаах үйлдвэр нуурыг бохирдуулах зэргээр цөөнгүй асуудлыг гаргаж тавьсан. Сөрөг нөлөөллийг нутгийн иргэдэд ойлгуулахын тулд жил гаруй өглөө, оройн сонсгол хийсэн. Харин төрийн шийдвэр гаргуулахын тулд сонины нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлэг хийж эхэлсэн. Түүний нэг нь нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийн мөрөөр Хөвсгөл далайг хамгаалж чадсан. Гэвч үйлдвэр, тээврүүд зогсоод ирэхээр иргэдийн амьжиргаа муудаж хүмүүс нүүж эхэлсэн.

 

Дан ганц цалин харахаас өөр зүйл хийдэггүй хүмүүс өлбөрч байсан тохиолдол ч бий. Хатгалынхан нуур хамгаалалтынхан байгуулагдсан цагаас бүх үйлдвэрүүд зогсч амьдрал доройтсон гээд дургүйцдэг. Бид ч  гэм хийсэн юм шиг санагддаг байсан. Харин одоо бодоход Хөвсгөл нуур өдий зэрэгтэй байгаа нь тэр үед төрийн шийдвэрийг гаргуулж чадсаны ач.

 

“Таван хүүхдийн гурав нь байгаль орчны мэргэжил сонгосон нь багаасаа л аав, ээжийгээ дагаж хээр хөдөөгүүр судалгаанд явсан нь илүү ойр санагдаж, нөлөөлсөн байх”

Жимс самар, загасаар амьдралаа болгож нуураа сахиж үлдсэн цөөн хүмүүсийн нэг нь манайх. Нөхөр маань “Нүүе” гэж ятгахад нь “Би эндээс явахгүй” гэж зүтгэсээр байгаад үлдсэн. Тухайн үед амьдрал хэцүү байсныг ч хэлэх үү гэр бүлээ тэжээх хүүхдүүдээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахын тулд их зүтгэсэн дээ. Бараг л хоолны төлөө амьдарч байсан үе. Ногоо тарина, мал маллана, албан ажлаа хийнэ, сарлагийн хөөвөр, хонины ноосоор гутал хувцсаа бүгдийг нь оёно. Өдөр шөнөгүй ажилласан. Хээр хөдөөгүүр ургамлын судалгаагаар явахдаа янз бүрийн ургамал авчирч хүүхдүүдээ хооллоно. Ёстой л нөгөө Өүлэн эхийн үлэрс мойлоор тэжээсэн хөвгүүд гэдэг шиг элдэв ургамлаар хүүхдүүдээ хооллосон. Тухайн үед голыг нь зогоож байгаа юм шиг хэрнээ одоо бодоход их эрүүл, баян өсгөсөн юм билээ. Хүүхдүүдийн хамгийн том нь арван настай. Гэтэл үнээгээ саагаад, таргаа бүрээд, ногоогоо усалж, шараа хөтлөөд түлээндээ явна. Завиараа очиж загас шүүж хоол хийж иддэг. Дөрвөн настай охин ахтайгаа завь сэлүүрддэг байсан гээд бод доо. Хүмүүс их холоос жимс түүж 70-80 км алхаж ирнэ. Тэднийг манай хүүхдүүд голоор завиар гатлуулж өгөөд мөнгө авна. Өдөржин зав сэлүүрдээд гар, хөл нь янзын чангарна. Намар болоход хичээлийн хэрэглэл, хувцасныхаа мөнгийг олчихно. Яг энэ үед гадаадын сэтгүүлч ирээд Монгол эмэгтэй ямар гайхамшигтай байдаг юм. Ийм жаахан хүүхдүүд яаж ингэж бие дааж өсдөг байна гээд манай гэр бүлийн амьдралыг харуулсан баримтат кино хийж байлаа” гээд инээмсэглэн ярьж байв.

 

“Аялал жуулчлал талаас нь авч үзсэн ч Хөвсгөл нуурт зориулсан тусдаа хууль хэрэгтэй”

 

Өнгөрсөн 30 гаруй жилд Хөвс­гөл нуурыг хамгаалж ирсэн түүний тэмцэл, судалгаа өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр. Мөн 2001 онд Далайван дээд сургуульд газарзүйн аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч хийхдээ анхны аялал жуулчлалын онолын мэдлэгийг үндэслэсэн гавьяа бас л түүнийх. Ж.Оюунмаа нуурын эрэгт жуулчны бааз байгуулагдсан ца­гаас эхлээд амьтан ургамал, экологи, нуурын ус, нийгэм эдийн засгийн бүх талын судалгаа дүгнэлтийг гаргаж үе үеийн салбарын сайд, сүүлдээ бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн тухайгаа “1997 оноос жуулчны баазууд байгуулагдсан. 2005 оноос олширч бохир усаа далай руу цутгах эрсдэл бий болсон. Хөвсгөлийн байгаль цэвдэг хөрстэй сул чулуулагтай учраас бохир ус нуур руу орох магадлалтай гэж нэлээдгүй тэмц­сэний үр дүнд бохирын ёонкосыг га­зар ухаж байгаад цементэлдэг бол­госон. Харин гэр буудлуудын асуудал одоо болтол шийдэгдээгүй.

 

Жуулчны бааз гэр буудал нийлээд 3000 гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай ч одоо бол баяраар өдөрт л 90 мянган жуулчин ирдэг. Байрлах газаргүйгээс болоод ил задгай бие засч, хогоо хаях энүүхэнд. Төр засаг шийдвэр гаргахдаа судалгаан дээр суурилдаггүй нь сонин. Хатгалаас цааш Жанхай хүртэл сайжруулсан зам тавьсан. Олон машины тоос босч ойр тойрны мод, нуурын мандлыг гамшиг болгож байна. Нуур руу тоос орж цэнгэг байдлаа алдаж байна. Хөвсгөл нуурт 2013 онд судалгаа хийж жуулчны бааз, гэр буудлыг нэг бүрчлэн бүртгэхэд 268 байсны 95 нь гэр буудал. Гэтэл яамнаас зөвшөөрөл өгсөн 117 жуулчны бааз бий гэдэг. Жуулчны баазын хоорондох зай км-ээс доошгүй байна гэсэн стандарттай ч одоо бол нэг км-т 10 жуулчны бааз бий. Нуурын эрэгийн 50 метрт барилга барихыг хориглодог ч газар олгосон.

Жуулчны баазуудыг стандарттай болгож цэгцлэх хэрэгтэй. Эргийн ургамлыг талхлахаар цэвдэг хайлж бо­хир орох зэргээр сөрөг нөлөө их гар­д­аг. Хөвсгөл бол ядмаг шимт нуур. Нуурыг хэрхэн хамгаалах вэ гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй хан­дах ёстой. Нуурын эргийн бүсийн урга­мал бол нуурын амин зүрх. Энэ янзаар явбал дэлхийн хамгийн цэнгэг устай нуур гэдэг шинж чанараа алдана. Нуурын эрэг бол цэвэрлэгээ, шүүл­түүр. Ургамал, эрэг хоёртойгоо л ажил­лах ёстой. Аялал жуулчлал талаас нь авч үзсэн ч Хөвсгөл нуурт зориулсан тусдаа хуультай болох хэрэгтэй. Хөвсгөл нуурын 400 гаруй км нь битүү ой, цавчим хад. Хүн ашиглаж болох цоорхой нь 40 км. Ийм бага газарт менежмент хийж, зөв ашиглаж ча­дахгүй байна. Хүчтэй мотортой завины дуунд ямар ч ургамал, амьтан тэсэхгүй. Хөвсгөл нуурыг хамгаалах ямар л арга байна тэр бүрээр нь зүт­гэнэ. Хөвсгөл нуурт судлаагүй нөөц их бий.  Харин шинжлэх ухаанчаар хан­даж зөв бодлогоор явбал маш их ирээ­дүй байна” гэлээ.

 

“Миний хань “Нисдэг таваг” л хүн байсан”

 

Түүний амьдрал байгаль хамгаалал, судалгаа шинжилгээтэй салшгүй холбоотой. Өдгөө “Хөвс­гөл далай ээж” ТББ-ыг байгуулж үн­дэсний хэмжээнд хүртэл удирдсан.  Зун нь ургамал судлахаар хээрээр явчихдаг бол бусад үед нь дүгнэлт тайлангаа бичнэ. Гэр бүлээрээ байгуулсан байгаль орчны чиглэлийн зөвлөх үйлчилгээ үнэлгээний компаниа ажиллуулна. Тэрээр ханийнхаа тухай дурсахдаа “Манай хүн их ажилсаг, олон зүйлийг зэрэг амжуулна. 1999 онд Мөсний баяр гээд манай гэр бүл олон ч зүйл санаачилсан. Хатгалын захиргаанд орлогч, модны цехед мас­тер, Залуучуудын эвлэлийн хороон дарга, Соёлын төвийн эрхлэгч гээд ёстой л “Нисдэг таваг” шиг хүн байсан. Намайг хол, ойр судалгаанд явахаар ажлаа зохицуулаад  хамт явдаг байлаа. Бид хоёр 2017 онд хос Алтангадасаар энгэрээ мялаасан” гэлээ.

Харин Ж.Оюунмаа Шинэ-Идэр сумынх. Түүний бага нас малчин айлын хүүхдүүдийн нэгэн адил өнгөр­сөн ч өнөөгийн зөв амьдрах, бусдад тус­лах арга ухааныг  хэрхэн сурсан ту­хайгаа “Дөрвөн настай байхад ээж минь өнгөрсөн учраас авга эгч дээрээ, олон хөгшчүүдийн дунд өссөн. Орой болгон манайд цугларч оньсого худал­дана, газар орны үүх, түүх, хэрхэн зөв амьдрах тухай ярилцана. Гурил элдэ­хээс эхлээд оёдол  хийхийг заана. Дараа нь бүгд орж ирээд тойруулаад үзнэ. Дутуу дулимагийг нь хэлж өндөр шүүл­түүрээр орно. Тухайн үед жаахан дургүй хүрдэг байсан ч одоо бодоход ямар гайхамшигтай хүмүүсийн дунд өссөн юм бэ. Үг сургаал бүхэн нь фило­софи болсон тийм гэгээрсэн хүмүүсээс л амьд­ралын ухаан, зөв явахыг сурсан даа. Тэр төлөвшил маань л зөв мөртэй явах, хүний төлөө амьдрахыг надад сургасан”гэлээ.

 

Таван хүүхдийн гурав нь  байгаль орчны мэргэжил сонгосон нь багаасаа л аав, ээжийгээ дагаж хээр хөдөөгүүр судалгаанд явсан нь илүү ойр санагдаж, нөлөөлсөн байх гэж  Ж.Оюунмаа хэлж байна. Том хүү Л.Эрдэнэсайхан, дунд хүү Л.Өгөөмөр, охин Л.Өрлөгмаа нь ээжийнхээ мэр­гэж­лийг өвлөсөн бол хоёр дахь хүү нь уншигчдын сайн танил жүжигчин, дуучин Л.Сөрөлт. Харин бага хүү Л.Дөлгөөн нь сантехникийн инженер мэргэжилтэй. Охин Хятадад мастерт суралцдаг бол дунд хүү Л.Өгөөмөр нь ээжтэйгээ хамт нутагтаа ажиллаж байна. Ийнхүү шинийг санаачилж, зөвхөн өөрсдийнхөө бус олон хүнд тустай амьдарч ирсэн хөдөлмөрч бүсгүйтэй шөнө хугаслан ярилцсан нь энэ. Биднийг өглөө эртлэн хөдлөхөд ээж­тэйгээ наадамлахаар зорьж ир­сэн хүүхдүүд, ач зээ нартайгаа бужиг­налд­саар үлдлээ. Тэрээр удахгүй морио унаад ургамлаа судлахаар ой тайгадаа гарна.

 

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)