С.Заяадэлгэр: Үндсэн хуульдаа үнэтэй хандаасай

Хуульч, судлаач С. ЗАЯАДЭЛГЭРТЭЙ ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв эсэх дээр хуульч, судлаачийн хувьд юу хэлэх вэ?

-Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Харин үүнээсээ өмнө ард түмнээсээ чиг шугамаа асуух нь зүйтэй байсан болов уу. Ямар асуудлыг хөндөх, хөндөхгүйгээ эхлээд тодорхойлоогүйгээс эцэс төгсгөлгүй маргаан руу орох шинжтэй болчихлоо. Бид нүүдлийн болон суурин соёл иргэншлийг хослуулан хөгжих замыг сонгоод яваа, энэ ч үүднээс дэлхийн аль ч улсад байхгүй онцлог зохицуулалт Үндсэн хуульд маань бий. Гэтэл үүнийг тооцохгүйгээр дан ганц суурин иргэншилтэй улсад тохирдог заалтуудыг тулгах гэж оролдохоор бүтэхгүй болчихож байгаа юм. Энэ нь уул уурхай, баялгийн хуваарилалт, бэлчээр, нутгийн удирдлагын асуудалд түлхүү илэрч байна. Урьдчилж зарчмын томоохон асуудлаа хайрцаглаагүй болохоор, тулгуур суурь харилцаагаа хөндөхгүйгээр жижиг засвар өөрчлөлтийг хийвэл амжилттай болох байсан болов уу. Тухайлбал, олон жил ярьсан дордуулсан долоон өөрчлөлт гэгддэг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх, УИХ-ын гишүүний хариуцлага, хотуудын асуудал гэх мэтчилэн. УИХ-ын 60 гишүүний өргөн барьсан төслөөр Үндсэн хуулийн 29 зүйл, 48 заалтыг хөндөж байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл нэмж орж ирлээ.Эхний төслөөр Үндсэн хуулийнхаа агуулга, үзэл санаатай зөрчилдсөн асуудал ч орж ирж байсан бол Үндсэн хуулиар биш ердийн хуулиар зохицуулах боломжтой асуудлууд нэлээд хавтгайрч байна.

 

-Үндсэн хуулийн агуулгатай харшилсан заалтуудаа тодруулна уу?

 

-Үндсэн хууль бол ердийн хууль биш улс төр эрх зүйн бичиг баримт гэж явдаг. Энэ бол үзэл санаа. Үүгээр бол төлөөллийн байгууллага болох сумын ИТХ, ардчиллын үндсэн хэлбэр болох багийн иргэдийн Нийтийн хуралд дээрээс нь заавар зөвлөгөө, чиглэл өгч болохгүй. Гэтэл энэ үзэл санааг шууд зөрчсөн “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана” гэсэн заалт оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн  шатанд харин засаад явж байна. Мөн Улс төрийн намын талаарх Арван ес гэсэн зүйл нэмэх нь ихээхэн маргаан дагуулж байна. Нам бол иргэний нийгмийн байгууллагын нэг л хэлбэр. Үндсэн хуулиар зохицуулагдах субьект огт биш. Намыг төрийн дээр гарлаа гэсэн асуудлыг ярьдаг бол энэ заалтыг жинхэнэ утгаар баталгаажуулж өгөхөөр байна.Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж зааснаар орон даяар үүр, хороотой байх, намын нүсэр тогтолцоог нөхцөлдүүлнэ. 

 

Улс төрийн намын зардал улам өсч, улстөржилтийг улам дэвэргэнэ. Мөн жижиг болон шинэ намуудын хөгжил төлөвшилтийг хязгаарлана. Мөнгө олохын тулд эргээд нэг компанийн юм уу, мөнгөтэй хувь хүний халаасанд орох эрсдэлтэй. Орон даяар нэгжтэй болсноор улс төрийн нам хариуцлагатай болчихгүй. Бид 1996 оноос хойш улс төрийн намын хуулиа огт шинэчлэлгүй, ужигруулсан. Энэ хуулиа л шинэчил.

 

Улс төрийн нам үндэсний хэмжээнд үйл ажиллкгаа явуулахгүй бол яах вэ гэдэг асуудал ч маргаан дагуулна. Нөгөө нэг ноцтой асуудал нь Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлнэ гэж байгаа. Улс төрийн хүсэл зориг гэдэг үг яг юуг хэлээд байна. Үндсэн хуулийн нэр томьёо гэж тусдаа ойлголт байдаг. 1992 оны Үндсэн хуульд “нийт ард иргэдийн ашиг сонирхол" гэдэг нэр томьёо байдаг. Тэгвэл энэ шинээр орох гэж байгаа "хүсэл зориг" нь одоо хуульд байгаа ашиг сонирхол гэдгээс юугаараа ялгаатай вэ. Үндсэн хуулийн нэр томьёоны тайлбар шаардаж байна. Иргэдийн улс төрийнхөөс бусад хүсэл зоригийг нам илэрхийлэхгүй юм уу. Улс төрийн хүсэл зориг илэрхийлээгүй намтай хэн хариуцлага тооцох вэ. Улс төрийн нам Цэцийн хяналтад байдаг субъект биш. Улс төрийн нам байгуулах, татан буулгахыг Дээд шүүх шийддэг.

 

Үндсэн хуульд хэрэв энэ заалт орвол Дээд шүүх үүнийг иш болгоод танай нам иргэдийнхээулс төрийн хүслийг илэрхийлсэнгүй гээд намыг татан буулгахад Үндсэн хуулийг эшилж шийдвэр гаргаж байгаа гэх утгаараа хоёр дахь Цэц болчихож байна гэсэн үг. Улс төрийн намын талаарх зөвхөн энэ өгүүлбэрээс улбаалаад Монгол Улс Үндсэн хуулийн хоёр шүүхтэй болчихмоор харагдаж байна. Гинжин хэлхээгээр хөөж үзвэл, Үндсэн хуулийн нэг үг л ийм нөхцөл байдал, үр дагавар руу түлхдэг.

 

-Байгалийн буюу газрын хэвлийн баялгийн талаарх зохицуулалт олны анхаарлыг татаж байна?

 

-Газрын хэвлийн баялгаа улсын буюу нийтийн өмч гэж тодорхой заахаас эхэлж баялагтаа эзэн болох үндэслэл бүрдэнэ. Одоогийн Үндсэн хуулийн 6-ын 1-д зааснаар газрын хэвлийн баялаг "Ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад" байна. Харин 6-ын 2-т нь "төрийн өмч" гэсэн буй. Гэтэл 5-ын 2-т Төр "нийтийн болон хувийн" өмчийн аливаа хэлбэрийг хуулиар хамгаална гэж буй. Энэ утгаар авч үзвэл "ард түмний мэдэлд" гэсэн нь “нийтийн өмч” буюу “улсын өмч” гэсэн санааг илэрхийлж байна. Манайд "төр" нь хууль зүйн нэр томьёоны хувьд одоо ч тодорхой болоогүй. State гэдэг үгийг нэг төр гээд, нэг бол улс, ( гэж холиод хэрэглэж байгаагаас болж дээрх баялаг улсын биш төрийн өмч болчихсон юм. Эхлээд нэр томьёогоо тодорхой болгоё. Хүн бүхэн өөрөөр ойлгож ярьж, хэрэглээд байгаа нь тодорхой болоогүйгээс юм. Наад зах нь улс төр, засаг, нийтийн өмч, төрийн өмч гэж юуг хэлэх, улс өмчтэй байх уу, үгүй юу гэдгээ эхлээд ялгаж, салгах шаардлагатай байна. Өөрчлөлтийг хийвэл сууринаас нь харах хэрэгтэй.

Үндсэн хуульд улс гэдэг үг 321, төр гэдэг үг 81, засаг гэдэг үг 36, улс төр гэдэг үг 5, засаг төр гэдэг үгийг нэг удаа хэрэглэсэн байдаг. Тэр болгон онож уу гэдгийг хэл шинжлэл болон хууль зүйн нэр томьёоны үүднээс нухацтай авч үзэх хэрэгтэй. Ард түмэн гэдэг үгийн хувьд, “ард” гэдэг нь алив юмны ар талд гэдэг утга агуулна. Нийт гэвэл нийт олны тухай ойлголт. Нийт гэдэгт магадгүй Монгол Улсаас хальсан ч утга байж болох. Үндсэн хуулиар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо тунхаглачихсан тул бусад олон булаацалдахгүй болов уу. Гэвч ард иргэд маань үүн дээр болгоомжилж байх шиг.

Харин “Улс” гэдэг маш сайхан үг. Улс нь төр, газар нутаг, хүн амаа бүхэлд нь багтаасан ойлголт. Эндээс байгалийн баялаг “улсын өмч” байх нь зүйтэй гэсэн утга шууд харагдаж байх шиг.

 

Иймд 6.2-т өөрчлөлт оруулахдаа одоогийн Үндсэн хуулийнхаа агуулга, 5.2-т заасныг тодруулж, “төрийн өмч" гэсний тайлбар тодорхойлолт зайлшгүй шаардлагатай. Төр эрх зүйн онолын хувьд нийтийн сайн сайхны тулд ашигладаг, хэн нэгэн тухайлан өмчлөх боломжгүй өмч баялгийг ‘‘нийтийн өмч” гэж ойлгодог. Нийтийн өмч гэдэгт улсын, төрийн, орон нутгийн өмч хамаарах болов уу. Нэгэнт баялаг нь улс, нийтийн өмч юм бол тэгш шударга хуваарилах нь тодорхой, үүнийг салбарын хуулиар нарийвчлан зохицуулах боломжтой. Зөвхөн баялгийн сангаар дамжуулж хуваарилах тухай заах гээд байгааг зөвшөөрч боломгүй. Учир нь, баялгийн сан бол нэг л хэлбэр. Хүний хөгжил сангаа яах вэ. Өөр хэлбэр байж болохгүй юу. Хувьцаа эзэмшдэг хэлбэр нь харин ч шударга, хүртээмжтэй, хамгийн сайн хувилбар. Харин ч өнөөдөр Баялгын сан хоосорчихсон. Дуртай үедээ зарцуулчихаад байгаа шүү дээ. Байгалийн баялгийг төрийн өмч гэж үзсэнээс хэн нэг албан тушаалтны дур зоргоос хамааралтай асуудал болоод байх шиг.

 

Монголд нийтийн өмчийн харилцаа огт зохицуулалтгүй, эзэнгүй байна. Төрийнх гэхээр төрийн байгууллагууд тус тусын өмчийг л бүртгэдэг. Улсын буюу нийт ард түмний өмч хөрөнгө бүртгэлгүй, эзэнгүй байна. Нийтийн өмчийг анхан шатны суурь нэгж дээр бүртгэж, баланс гаргаж, дарга нар тамгатайгаа хамт ажил хүлээлцдэг жишиг Скандиновын орнуудад бий.

 

-Сонгуулимн тогтолцооны асуудлыг чухлаар хөндөж байна?

 

-Сонгуулийн хуулиа тогтвортой байлгахын тулд Үндсэн хуульд тогтолцоог нь маш тодорхой тусгаад өгвөл сайн. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох эрхийн үндсэн дээр сонгоно гэсэн заалтыг хөндөөгүй атлаа сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн агуулгатай зохицуулалт оруулаад ирэхээр зөрчил үүсгэж байна. Энд хэлснээр шууд сонгоно гэдэг нь можаритор, үгүйдээ холимог хэлбэрийн тогтолцоотой байхыг хэлж байна гэж үзвэл тогтолцоог хуулиар өөрөөр тогтоох боломжгүй.

2016 онд Үндсэн хуулийн Цэц "шууд сонгоно" гэдэг үгийг "можаритор тогтолцооны сонгуулиар УИХ-ын гишүүнийг сонгоно" гэж үзсэн шүү дээ. Мэдээж Үндсэн хуулийн хоёр заалт нэг нэгийгээ үгүйсгэсэн байж болохгүй. Хууль, эрх зүйн орчин ямар байхаас үл харгалзан можаритор тогтолцоо, цэвэр пропорционал гэхээсээ илүү холимог тогтолцоо манайд тохирно гэж үздэг шүү дээ.

 

-Үндсэн хуулиар зохицуулах асуудал мөн биш гэдэгт ямар зарчим баримтлах ёстой вэ. Нийгэмд тулгамдаж байгаа асуудал бүрийг Үндсэн хуульд тусган шийдвэрлэх арга зам хайж байна шүү дээ?

 

-Үндсэн хуулиар нийгмийн суурь, тулгуур харилцааг л зохицуулна. Энэ оруулж ирж буй асуудлын дийлэнх нь ердийн хуулиар зохицуулах асуудлууд харагдаад байна. Жишээ нь, Улсын төрийн намын, УИХ-ын Түр хянан шалгах хороо байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, Төрийн албанд холбогдох гээд олон асуудал байна. Ямар байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд заавал заах ёстой, ямрыг нь салбарын хуулиар заах вэ гээд өөрөө онолтой. Энэ ялгаагаа хармаар байна. Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл дутаагүй бөгөөд Үндсэн хуулынхаа нөөц боломжийг бүрэн ашиглаж чадахгүй явж ирлээ.

 

Ерөнхий сайд хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө бүрэн хариуцна гэж одоогийн Үндсэн хуульд бий. Гэтэл хэрэгжүүлэх төсвийн эрхээ задлаад алдчихсан байна. Зөвхөн томилгоогоор асуудлыг шийдэхгүй. Ерөнхий сайд улс төрийн хүчийг төвлөрүүлэх гэж зүтгэх биш харин эдийн засаг ахуйгаа засаглах эрх мэдлээ бүрэн бүтэн болгоход анхаарч байж, энэ хоосон улстөржилт хямралыг эцэслэнэ гэж ойлгож байна.

 

Үндсэн хуулийн Цэцийн хяналтыг сайжруулах тухай дорвитой ярихгүй байна. Уг нь Цэцээр хянан шийдвэрлэх асуудлын цар хүрээг өргөжүүлснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг хянах боломжийг нээх юм. Цэцийн эрхийг хэмжээг тэлснээр Үндсэн хуульд заасан иргэдийн үндсэн эрх зөрчсөн тохиолдолд түүнийг нь сэргээн эдлүүлэх боломжийг нээж, Цэц өөрөө Үндсэн хуулийн шүүхийн сонгодог хувилбарт дөхөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үндсэн хуулийг илүү хэрэгжүүлдэг болох, иргэнд илүү ойртох талаас ач холбогдолтой болов уу.

 

 

Л.Тулга

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ҮХЭРҮҮД (103.26.194.130)

    2019-07-27

    ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ХОЙШ ХУУЛААР ЯАХ ЮМ

  • Зочин (202.126.88.192)

    2019-07-27

    Үнэтэй цаашаа маш ашигтай юм хийнэ гишүүд

  • (59.153.114.212)

    2019-07-26

    Улсын, нийтийн, төрийн өмч гэдэг ойлголтуудын тодорхойлолтыг тодорхой болгох хэрэгтэй. Улс гэдэг ойлголтыг авч үзвэл тухайн улсын хил, хилийн доторхи бүх л зүйл хамаардаг. Хүн, мал, ан амьтан, газрын доорх болон дээрх. Тэгэхээр хувийн компаний хөрөнгө, хувийн болон төрийн байгууллагын хөрөнгө бас л орно. Өөрөөр хэлбэл Монгол улсын өмч нь дээл дурьдсан өмчүүдийн нийлбэр. Төр гэдэг ойлголт нь тухайн улсын дотоод, гадаад үйл ажиллагааг зохион байгуулж, удирдан явуулж байгаа бүтэц шүү дээ.....

  • (124.158.111.7)

    2019-07-26

    ZASS OLON DOLOON YUM YOONK YOONK GEED BAIDA