Өнгөрсөн онд экспортолсон нийт махны 80 гаруй хувь нь адууны мах байна

Манай улс өнгөрсөн онд 66.7 сая толгой мал тоолуулсан. Үүний 30 гаруй сая нь хонь, 27.5 сая нь ямаа байна. Өөрөөр хэлбэл нийт мал сүргийн 80 гаруй хувийг бог мал эзэлж байгаа юм.

Харин үхэр 3.9 сая, адуу 3.5 сая, тэмээ 478 мянган толгой байна. Хавар нь бид 20.5 сая төл хүлээн авсан гэж тооцохоор манай улсын нийт мал сүргийн тоо 80 сая гаруйгаар тоологдож байгаа юм.

ШУ-ны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Цэрэндашийн удирдан явуулсан судалгаагаар 60 сая гаруй толгой малтай байхдаа Монгол Улсын нийт газар нутгийн бэлчээрийн даац 75 хувиар хэтэрсэн байна. Харин одоо 80 саяар тоологдож байгаа энэ үед энэ тоо өссөн нь тодорхой юм.

Тэгвэл монголчууд бид энэхүү буянт сүргээсээ жилд дунджаар 10 сая гаруй толгой малыг л хүнсэндээ хэрэглэдэг байна. Өнгөрсөн онд 52 мянган тонн махыг БНХАУ руу, 20 мянган тонн махыг ОХУ, Иран зэрэг бусад  орон руу экспортолжээ.  Гадагшаа экспортолсон махыг амьдын толгойд шилжүүлбэл 3.5 сая толгой мал болдог аж.

Ингээд бодоход Монгол Улс жилд 13.5 сая малыг хүнсэнд хэрэглэж, экспортолж байна. Үүнийг жилд хүлээн авдаг төлийн тоотой харьцуулбал, 9 сая мал эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр, бэлчээрийг  талхалж байна гэсэн үг юм.

Хамгийн харамсалтай нь өнгөрсөн онд экспортолсон 72 мянган тонн махны 82 хувийг адууны мах эзэлж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Адууны мах ингэж олноор экспортлогдож буйн гол шалтгаан нь битүү туурайтай мал элдэв төрлийн халдварт өвчин тээдэггүй учраас олон улсад саадгүй авдаг байна. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжилбэл 4 сая орчмоор тоологдож буй адуун сүргийн тоо толгой цаашид  эрс буурах аюул нүүрлээд байна.

Төрийн сүлдэндээ хүртэл адуугаа дээдэлдэг монголчуудын хувьд адууг олноор экспортлохыг эрс эсэргүүцэж байна. Түүний оронд нийт мал сүргийн 80 гаруй хувийг эзэлж байгаа бог малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй байгаа юм. Учир нь ноолуурын үнээс шалтгаалан эрс өссөн ямаа л гэхэд хамгийн шим тэжээллэг өвс ногоог сорчлон, үндэстэй нь сугалан иддэгээс Монгол Улсын нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн даацгүй болж, цөлжилт эрчимтэй явагдах шалтгаан болж байгаа юм.

Манай улсын хувьд малын түүхий эдийг 100 хувь боловсруулж, ашиглаж чадахгүй байгаа энэ үед бог малыг тодорхой тоогоор олон улсад экспортолсноор байгаль орчноо хамгаалаад зогсохгүй эдийн засгаа солонгоруулах боломжтой гэж эдийн засагчид үзэж байна.

Хэдийгээр манай улсын эдийн засгийн үзүүлэлт энэ оны эхний улирлын байдлаар 8.6 хувийн өсөлттэй гарсан ч энэ нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс цаашид Монгол Улсын эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлж, хүн амын 40 гаруй хувь нь амьжиргаагаа залгуулдаг хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын хөгжлийг хангахад төрийн тууштай бодлого зайлшгүй үгүйлэгдэж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Тоо (1.197.177.94)

    2019-07-30

    Амаар тоолдог тооллого худалаа тоо гарч байгаа 20 сая оссон мал нудэнд харагдахгуй хаана бнаа !!!! Хурэлсух адууг экспортлохгуй гэсэн 70 80 н худалч уу?!?!