З.Бадамхатан: Үлэг гүрвэл хөхтөн болон мөлхөгч амьтны шинжийг давхар агуулдаг
- 2019-07-31
- Үнэн
- 0
Дэлхий дахины папеонтопогийн шинжлэх ухааныг 1800-гаад оны үеэс эхтэй гэж үздэг. Манай улс энэ чиглэлийн судалгаа шинжилгээ, олдвороор АНУ, БНХАУ-ын дараа гуравт жагсаж, 2013 онд байгуулсан Азийн үлэг гүрвэлийн холбооны ууган гишүүн орон болсон юм. Тус холбооноос зохион байгуулдаг Азийн динозаврын олон улсын симпозиумыг монголчууд эх орондоо хүлээн авч, IV чуулга уулзалтыг амжилттай явууллаа. Энэ сарын 26-29-ний өдрүүдэд тус симпозиумд оролцсон гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид динозаврын олдвороор баялаг Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг, Төгрөгийн ширээд хээрийн сургалт, судалгааг зохион байгуулжээ. Тус симпозиумын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, үлэг гүрвэлийн судлаач, доктор З.БАДАМХАТАНТАЙ ярилцлаа.
-Манай улсад анх удаа зохион байгуулж буй Азийн динозаврын холбооны ээлжит симпозиумд хэчнээн орны эрдэмтэн судлаачид оролцож байна вэ?
-Тус холбоо /The Asia dinosaur association/-г Азийн бүс нутагт үлэг гүрвэлийн судалгаа явуулж байгаа олон орны мэргэжлийн эрдэмтэн судлаачдын ажлыг уялдуулж, хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, залуу судлаачдыг дэмжих зорилгоор 2013 онд Японд байгуулсан юм. Түүнээс хойш Япон, Тайланд, Хятад улсад гурван удаагийн симпозиумыг зохион байгуулж, манай эрдэмтэн судлаачид тэргүүлэх байр суурьтай оролцож байлаа. Харин энэ удаа Монгол Улсдаа бид зохион байгуулахад 14 орны 80-аад үлэг гүрвэл судлаач өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь манай орны эртний амьтан, ургамлын чулуужиж хадгалагдсан , олдвор бусад улсын судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаагийн нотолгоо болов уу гэж ойлгож байна. Бас судлаачийн хувьд үнэхээр баяртай байгаа.
-Олон улсын энэхүү симпозиумын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Үлэг гүрвэлийн олдвор өмнөд туйлаас бусад бүх тивээс олддог. Тэдгээрийн судалгаанаас харахад бараг 60-70 сая жил дэлхийд ноёрхож байсан амьтан гэдгийг аль эрт тогтоочихсон юм. Гэтэл яагаад Ази тивийг онцлоод байдаг юм бэ гэхээр эндээс олддог үлэг гүрвэлийн олдворууд нь энэ бүс нутгийнхаа онцлогийг бүрэн дүүрэн харуулж, бас хөгжлийн арай өөр түвшинд байснаараа гайхалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, индоник амьтад гэж манай салбар шинжлэх ухаанд нэрлэдэг. Үүнийг бид нарийвчлан судалснаар үлэг гүрвэл гээч амьтан хэрхэн өсч үржиж, хэд насалдаг байсан, идэш тэжээл нь ямар байв гээд илүү их мэдээллийг олж мэдэх боломжтой болох юм. Нарийндаа, палеонтологи гэдэг маань энгийнээр хэлбэл эвлүүлдэг тоглоом шиг сонирхолтой шинжлэх ухаан л даа.
-Дэлхийн хэмжээнд үлэг гүрвэлийн хамгийн эртний олдвор нь хэдэн настай байдаг юм бэ?
-Одоогоос 230 сая жилийн өмнө амьдарч байсан, хойд хоёр хөл дээрээ явдаг Хераразавр гэж үлэг гүрвэлийг Бразилаас олсон байдаг. Үүнийг палеонтологийн шинжлэх ухааны хамгийн эртний олдвор гэж үздэг. Энэ нь хожуу үеийн буюу Терасын галав гэсэн үг л дээ. Түүнийг геологи, палеонтологийн шинжлэх ухааны судалгааны элдэв аргаар тодорхойлдог учиртай. Тийм ч учраас манай хүрээлэнг геологи, палеонтологийн гэж нэрлэдэг юм. Энэ хоёр ухаан хоорондоо эрс тэс ялгаатай мэт боловч харилцан шүтэлцээтэй, уялдаа холбоотой байдаг онцлогтой. Тэдгээрийг хагас задралын буюу радио метрийн' аргаар нарийвчлан судалдаг. Өмнө нь хими, математикийн аргыг ч ашигладаг байх жишээтэй.
-Монголчууд өөрсдөө бие дааж хэдий үеэс үлэг гүрвэлийн судалгааг хийж эхэлсэн юм бэ. Бидний уншиж сонссоноор бол 1920-оод оны үед Эндрюс нарын судалгааны экспедиц Монголд ирсэн шиг байдаг юм?
-П.Эндрюсийн ахалсан Төв Азийн экспедиц 1920-оод оны үед Монголд орж ирсэн байдаг. Тэд уг нь эртний хүн буюу алмас хайж ирсэн гэдэг юм билээ. Тэгээд 1922-1925 онд дундаа нэг жилийн завсарлагатай, Монголын говиор явахдаа геологи палеонтологийн судалгаа хийж, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг бүхий үүр зэргийг олсон байдаг. Ийм олдвор хадгалж байсан Баянзаг маань одоо ч Монголын нэрийн хуудас болж байна. Түүнээс өмнөхийг бол мэдэхгүй юм, би сонсоогүй.
Монголчууд Зөвлөлтийн /хуучнаар/ ШУА-ийн нөхөдтэй хамтарч судалгаа хийхээр ярилцаж тохироод хөрөнгө мөнгийг нь батлуулсан байсан ч дэлхийн II дайн эхлээд хойшилсон тухай манай салбарын ахмадууд ярьдаг юм. Дайны дараа 1946 оноос үлэг гүрвэлийн судалгааны хамтарсан экспедицүүд ажилдаа орж, Р.Барсболд, Х.Пэрлээ нарын ахмад эрдэмтэн судлаачид оролцож эхэлсэн байдаг.
-Монгол орны говиос олддог үлэг гүрвэлийн яс, өндөг, олдворын онцлог нь юу байдаг юм бэ?
-Дэлхийн өнцөг булан бүрээс үлэг гүрвэлийн олдвор олддог тухай дээр дурдсан. Тэдгээрийг эвлүүлж босгоно гэдэг маш хэцүү. Хэлхээ холбоо муутай гэх юм уу даа. Гэтэл манай орноос олдож байгаа үлэг гүрвэлийн ясны 80 хувь нь хэлхээтэй хадгалагдсан байдаг давуу талтай. Тухайн үед яг ямар байдалтай байсан, тэр хэвээрээ буюу гурван хэмжээст хэлбэрээрбайжбайдагюм. Миний судалж буй амьтдын дотор гэхэд 7-8-уулаа явж байгаад үерийн усанд автаж, шороо чулуунд дарагдаад үрэгдчихсэн олдвор байх жишээтэй. Манай хүрээлэнд үлэг гүрвэлийн цөөнгүй зулзага бөөндөө дарагдаж чулуужчихсан олдвор байдаг. Иймэрхүү олдвор дэлхийн өөр ямар ч оронд байхгүй. Би үүгээр маш их бахархдаг.
-Таны хувьд үлэг гүрвэлийн ямар төрөл зүйл дээр судалгаа хийж байна вэ?
-Би уг нь ШУТИС-д геологийн инженер мэргэжлээр суралцаж байсан ч төгсөх жилдээ палеонтологийн хичээлээр хэдэн цагийн сургалт авсан маань намайг энэ салбар руу эргэлт буцалтгүй оруулсан. Манай профессор багш ч санал тавиад улмаар гүнзгийрүүлэн суралцаж, АНУ-ддокторын зэрэг хамгаалаад ирсэн дээ. Одоо тоть хошуутай үлэг гүрвэлийн судалгаан дээр ажиллаж байна. Дунд зэргийн нохойтой ойролцоо биетэй, хойд хоёр хөл дээрээ явдаг, 100 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэл. Манайхан түрүү цэрдийн үе гэж цаг хугацааг нь тодорхойлсон.
Манай орны нутаг дэвсгэрт олдвор нь элбэг байх боловч бусад тивийн аль ч улсаас олдож байгаагүй өвермөц амьтан юм. Өвөрмонголын хойд хэсэг, Оросын Сибирийн багахан нутаг дэвсгэрээс цөөхөн олдсон тохиолдол бий.
-Аль ч төрлийн динозавр буюу үлэг гүрвэлийн олдвор говиос дандаа олддог нь газрын гадарга, түүнээс дооших тогтоцтой хамааралтай байдаг юм болов уу гэж ойлгодог юм. Мөн үү?
-Яг тийм. Геологийн тогтоцтой шууд холбоотой. Тэдгээр олдворыг агуулж хадгалж чадах тунамал хурдцууд нь манай говь юм. Энгийнээр хэлбэл, түүнийг хадгалах хамгийн тохиромжтой сав, хөргөгч гэсэн үг. Баруун, зүүн, хойд зүгт яваад үзэхэд маш хатуу хөрс, чулуулаг ихтэй ч юм уу том хад асгатай уул нуруудад үлэг гүрвэлийн яс байтугай малын сэг зэм ч хөрсөн дор орох боломжгүй, ил л хэвтэж байдаг шүү дээ. Тэгэхээр тэнд үлэг гүрвэлийн олдвор байх ямар ч боломжгүй.
-Эргээд таны судалгааны ажлаас сонирхъё. Тоть хошуутай үлэг гүрвэлийн судалгаанаас эхний үр дүн харагдаж байна уу. Сонирхолтой зүйл юу байна вэ?
-Тэдгээр жижиг үлэг гүрвэлүүдийн хөгжлийн явцад ясны дотоод бүтцэд ямар өөрчлөлт гардгийг судалж, докторын зэрэг хамгаалсан.
Үлэг гүрвэлийн ясны дотоод бүтцийн судалгааг Монголд өмнө нь хийж байгаагүй, дэлхийн палеонтологийн салбарт хүчээ авч байгаа салбар юм.
Бидэнд яг энэ чиглэлээр хийх, судлах ажил маш их байна. Тухайлбал, одоо бидний судалж, мэдэж байгаа үлэг гүрвэлийн ясыг нарийвчилж үзвэл орчин цагийн хөхтөн болон мөлхөгч /хэвлээр явагч/ амьтны аль алиных нь шинжийг агуулсан байгаа нь тун сонирхолтой. Тэр хоёр маань уг нь бүлээн, хүйтэн цустай өөр төрлийн амьтан шүү дээ. Магадгүй, биологи болон физиологийн энэ өвөрмөц байдал нь тэднийг мөхөлд хүргэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Энэ бол миний бодол таамаг л даа.
-Таны судалгаа хийж байгаа тоть хошуут үлэг гүрвэлийн олдвор хэдийд олдсон юм бэ?
-Бидний дээр ярьсан 1920-оод оны үед Монгол орноос олдсон олдворуудын л нэг юм. Миний бие судалгааныхаа үр дүнд тэдгээр нь 11-13 насандаа бие гүйцдэг гэдгийг тогтоосон. Өсөлт нь зогсдог гэсэн үг. Харин яг хэд насалдгийг одоогоор тогтоож чадаагүй байна.
-Саяхан Японд болсон үлэг гүрвэлийн экспо үзэсгэлэнд манайхан оролцсон байна билээ.Тэнд ямар сонирхолтой үзмэр, олдвор толилуулав?
-Манай хүрээлэнгээс тэнд оролцохдоо 1970-аад оны үед Монгол, Польшийн хамтарсан экспедицийн олсон аварга том гарны олдворыг дэлгэж үзүүлсэн. Түүний эх бие болон толгой хэсгийг 2013 онд олсон. Тэр хүртэл аймаар төсөөлөлтэй байсан чинь нөгөөх нь нугасан хошуут үлэг гүрвэл шиг л амьтан байлаа. Үүнийг бид Япон, Солонгосын эрдэмтэн судлаачидтэй хамтарч хэлхэж босгоод судалгааг нь хэвлүүлчихсэн байгаа. Сая Японд анх удаа олон нийтэд үзүүлж сонирхууллаа. Удахгүй монголчууддаа үзүүлж харуулах байх гэж бодож байна.
-Манай улсад палеонтологийн олдвор хангалттай байна уу. Ер нь судалж шинжлээд барагдахгүй их юм бий гэж ойлгодог?
-Монголын палеонтологийн олдворын нөөц дуусч байгаа гэж ярих хүн байдаг л юм. Миний хувьд ‘Маш том хайрцагны тоосыг л арчиж байна" гэж хэлэх дуртай. Тэр хайрцагны тагийг онгойлгоод доторхыг нь уудлах ч юм уу ёроолд нь хүртэл гараа явуулбал асар их юм байгаа. Түүнд хүрэхэд нэг хүний байтугай амьдралын үе хүрэлцэхгүй гэдэгт би итгэдэг.
-Тэр их нөөцийг судалж шинжлэх, олдворыг илрүүлэхэд хөрөнгө мөнгө багагүй шаардлагатай. Энэ талаар хэр анхаарч байна вэ?
-Манай хүрээлэн төсвөөс санхүүждэг болохоор судалгаа шинжилгээний ажилд зарцуулдаг, төсөвлөдөг хөрөнгө мөнгө ч хэцүү дээ. Миний бодлоор суурь болон хэрэглээний шинжлэх ухааныг маш сайн хөгжүүлж, түүнд үндэслэн инновэцын асуудлыг ярьж, цаашлаад технологи, ноу-хауг дэлгэрүүлэх ёстой гэж үздэг. Улмаар хөгжлийн асуудлаа ярих нь чухал гэж боддог юм. Харамсалтай нь, манайд яг эсрэгээр инновац, дэвшилтэт технологи л гэж яриад байдаг юм. Уг нь шинжлэх ухаанаа хөгжүүлье гэвэл суурь шинжлэх ухаан, бүр дунд сургуулийн сурагчдын боловсролын асуудлаас л эхэлмээр санагддаг. Төсөв мөнгөний хувьд хүндрэлтэй болохоор бид судалгаа шинжилгээ хийх талаар бусад орны шинжлэх ухааны байгууллагатай хамтрах, төсөл хөтөлбөр боловсруулах, санхүүжилтээ хувааж гаргах гэдэг ч юм уу янз бүрээр л ажиллаж байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)