Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр боллоо
- 2019-07-31
- Эдийн засаг
- 0
Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая ам. долларыг баталсан болохоо өчигдөр буюу 2019 оны 7-р сарын 30-ны өдөр Вашингтон хот дахь өөрийн төв оффисоос гаргасан хэвлэлийн мэдээгээрээ мэдэгдлээ.
Уг санхүүжилтийг Дэлхийн Банкны Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих хөтөлбөр (ЭЗУДХ) нь цуврал хөтөлбөрийн хүрээнд олгохоор шийдвэрлэсэн байна. 2017 оны 11 дүгээр сард эхний хөтөлбөр (ЭЗУДХ-1) нь батлагдаж байсан ба энэ удаагийн хөтөлбөр (ЭЗУДХ-2) нь өмнөх хөтөлбөрийн үргэлжлэл ажээ. ЭЗУДХ нь өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаагаа Дэлхийн банк хэвлэлийн мэдээнийхээ эхэнд дурджээ.
Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн хурлын үеэр Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан Дэлхийн Банкны захирал Мартин Рэйзэр “Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байгаа гол бодлогын шинэчлэл нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг улам бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй. Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь тэдний эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн тууштай хийх бодлого баримталж байгаагийн тод илрэл юм. Дэлхийн Банк цаашид Засгийн Газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэж онцолсон байна.
Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (0)