П.Соронзонболд: Сибирьт гарсан түймэр манай улсын нутаг дэвсгэрээс 700 орчим километрийн зайд байна

 

Сибирьт гарсан түймэртэй холбоотойгоор Монгол Улсыг бүрхсэн утааны асуудлаар Онцгой байдлыг ерөнхий газар өнөөдөр мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн П.Соронзонболд "Манай улсын хэмжээнд он гарснаас хойш 88 түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд долоодугаар сарын 11, 12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан ой хээрийн түймрийг энэ сарын 19-ны өдөр бүрэн унтраасан. Түүнээс хойш одоогоор улсын хэмжээнд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй. Хиймэл дагуулын мэдээллээс харахад Сибирьт гарсан түймэр манай улсын нутаг дэвсгэрээс ойролцоогоор 700 орчим километрийн зайд байна. Мөн Байгаль далайн цаана гарсан түймрийн наад талд Улаан-Үд, Эрхүү гэсэн хотууд байгаа учраас өнөөдрийн байдлаар ОХУ-ын хилийн бүсээс гарсан түймэр байхгүй байна. Нийслэл хотод тус түймрийн утаа энэ сарын 28-ны өдрөөс ажиглагдаж эхэлсэн бөгөөд салхины чиглэл, агаарын урсгалаас шалтгаалж манай улсад зөвхөн утаа нь л орж ирж байна. Он гарснаас хойш манай улсын хилээр ОХУ-аас нийт таван удаагийн ой хээрийн түймэр Дорнод болон Хэнтий аймгийн сумдаар давж орж ирснийг бид цаг тухайд нь арга хэмжээ авч, даруй унтраасан" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)