Хүмүүжилд суурилсан боловсролын тогтолцоо хэрэгтэй байна

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүхээс харахад өвөг дээдэс нь дараах үе, ураг удамдаа нөлөөлж, сайн сайхан бүхнээ удамшуулж үлдээхээр тэмүүлж ирсэн гайхамшигт түүхтэй. Энэ нь түүхэн хөгжлийн явцад хүмүүжил гэдэг нэр томьёоллыг шинжлэх ухаанд багтааж, хүнийг хүн болгон төлөвшүүлэх онол суртахууны хэрэглүүр болгож ирсэн нь ойлгомжтой. Хүмүүжил нь хүн төрөлхтний хөгжил, дэвшлийн явцад хуримтлуулсан шинжлэх ухааны мэдлэгийн өв сан, ёс суртахуунд суурилсан хувь хүний мэдлэг, чадвар төлөвшлийн нийлбэрийн цогц гэж ойлгож болно.

 

Бие хүний хөгжлийн түвшинг өөрийн нь ухамсартай холбон авч үзэхийн тулд эхлээд хүний тухай ухагдахууныг тодорхойлъё. Хүн гэдэг нь байгаль нийгэм, сэтгэхүйн түм түмэн холбоонд тодорхой орон зай цаг хугацаанд тус тус оршин “битүү, задгай, битүү” гэсэн асар нарийн нийлмэл бүтэц бүрэлдэхүүн бүхий шаталсан хөгжилтэй тогтолцоот үйл явцад үүсэн боловсорч, хүн дүрсээ олон төрж, өсөн бойжиж, хүмүүжин хөгжиж төлөвших дээд зэргийн уураг тархитай амьтан юм.

 

"Битүү" нь эхийн саванд эс бүрэлдэн боловсорч, эхээс төрж мэндлэх хүртэлх үе, "Задгай" нь хүүхэд эхээс төрөнгүүтээ биологийн хувьд хүн бөгөөд харин нийгмийн хувьд хүн гэсэн жинхэнэ бие болж чадаагүй гэр бүлийн нөхцөлд амьдарч ЕБС-д суралцах хүртэлх хугацаа, сүүлчийн "Битүү" нь хүүхэд насан туршдаа гадаад ертөнцийн юмс үзэгдэлтэй харилцаж, дотоод ертөнцийнхөө бодол санааны нэгдмэл бүтэц бүхий өөрийн ухамсартай бие хүн болж хөгжин төлөвших хүртэлх хугацаа гэсэн утга юм.

1-3 насны хүүхэд өөртөө хэрэгтэй зүйлийг танин мэдэж сурдаг, 4-5 насны хүүхэд "яагаад" гэж байнга асуулт тавьдаг. Энэ үед тэдний олон асуулттай холбоотой сургалтын агуулгыг боловсруулж оновчтой ажиллаж чадвал тав хүртэлх насны хүүхдүүд өөртөө үйлчлэх, эд зүйлээ арчлах, аливаа ажил үйлийг бие даан гүйцэтгэх эрмэлзэл, чадвартай болно гэж үзэж байна.

 

6-7 насны хүүхдүүд орчны юмыг ойлгож, тэдгээрийн хэлбэр хэмжээ, харьцаа хамаарлыг таньж учрыг олох, бодит юмыг хийсвэрлэн сэтгэх, уншиж, бичиж, тоолж сурах, юмс үзэгдлийн мөн чанар, харилцан хамаарлыг улам нарийвчлан ухаарч, өөрийн гэсэн бодлоор хандах хэрэгцээг бий болгодог.

 

12 нас хүртэлх хугацаанд томчуудын тусламжтайгаар зөв хөдөлгөөн хийх, хооллох, амрах, хүнтэй харилцах, төрөлх хэлээрээ зөв ярьж бичиж сурах гэх мэт хүмүүжилд суурилсан сурах, суралцах үйл явцад хөгждөг.

12-18 насны хүүхэд өөрийгөө танин мэдэж, өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй болох хэрэгцээгээ илрүүлж, өөртэйгөө ажиллаж, хяналт тавих чадвар сууж, мэдээлэл аван боловсруулж, дүгнэлт хийж, ач холбогдлыг нь баяжуулан авах, ухаарах, ургуулан бодох, сурах суралцах явцдаа хүмүүжин хөгжиж төлөвшдөг.

18-25, 26 насны хүүхэд залууст хүн байгаль, нийгэм, техник технологийн хөгжлийн учир зүйг олох, танин мэдэх арга барил эзэмших оюуны хүч, авьяас чадвараа сорих хэрэгцээ давамгайлна.

Бие хүн нийгэмд тодорхой байр суурь эзэлж, аливаад өөрийн байр сууринаас хандах нь түүний үндсэн шинжийн нэгэн чухал зарчим юм.

/Боловсрол судлалын үндэс, Луухүүгийн Жамц, 69,83-р тал/

Хүмүүжил бол хүн оюун ухаан, ёс суртахуун, гоо сайхан, зан байдал, бие бялдар, хөдөлмөрийн тодорхой чанаруудыг эзэмших дэс дараалал, чиглэл зорилготой, ухамсартай нөлөөллийн үр дүн юм. Хүний хөгжлийн үлэмж чухал тал нь ёс суртахуун юм.

Ёс суртахуун бол хувийн ба нийгмийн амьдралд түүхэн ёсоор зайлшгүй бүрэлдэн тогтож байдаг ёс заншил, ёс дэглэмийн хэм хэмжээ зарчмуудын цогц нийлбэрийг нэгтгэсэн нийгмийн ухамсрын тодорхой нэг хэлбэр мөн. Хүн ёс суртахууны үзэл санааг нийгмийн бодит харилцаанаас олж авдаг бөгөөд энэ нь ямагг өөрчлөгдөн хөгжиж байдаг учраас ёс суртахууныг үнэлэх үнэлэлт ойлголт ямагт түүнийг даган өөрчлөгдөж ирсэн.

/Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх, Д.Дашжамц, Р.Дарьхүү, М.Золзаяа, 212 дахь тал/

Ёс суртахуун нь үүсмэл биш, ялангуяа квантын физик, таталцлын хууль-нэгдсэнээс хойш сүүлийн 100 хүрэхгүй жил тархи судлалын шинжлэх ухаан буюу анагаахын шинжлэх ухааны ололтын үндсэн дээр ёс суртахууныг " Сэтгэхүйн хувьд эрүүл саруул хүнд заяагдсан төрмөл өгөгдөл" хэмээн тодорхойлжээ. Хүн эхээс төрөхдөө ёс суртахуунлаг өгөгдөлтэй төрдөг.

 

Энэ нь шударга, нинжин нигүүлсэнгүй, жудагтай, хайр энэрэлтэй, нэр төрөө эрхэмлэх, тэсвэр тэвчээртэй, өс хонзон өвөрлөхгүй, өөрийн үнэ цэнээ алдахгүй байхыг бодох төрөлхийн өгөгдөл ажээ. Хүн гэдэг амьтан оюун ухаан, оюун санааны энергийн хуримтлалын талбар юм. Тэр энергээ өөрөөсөө үйлдвэрлэдэг, бусад нь долгионыг хүлээн авдаг, хариу үзүүлэн тэр долгион нь бие биөнээ татдаг амьд амьтны ижил зүйлс гэсэн онолыг нээсэн байдаг. Хүн 10 нас хүртлээ ёс суртахуун нь тархинд суудаг, түүнээс хойш өөрчлөгддөг гэдэг нь тодорхой байдаг. 2500 жилийн өмнө Аристотель ёс суртахууныг судалжээ. Тэрбээр ёс суртахуун гэдэг бол хүний хувьд заяагдмал, харинтэгш биш гээд хэлчихсэн. Аливаа хүний чанарыг бид түүний зан чанараар нь тодорхойлж болно. Ёс суртахуунтай хувь хүн хань нөхдийнхөө болон эх орныхоо тусын тулд ихийг хийж, хэрэгтэй цагт нь амь насаа ч зориулж чаддаг хэмээжээ.

Ази тивд Күнз судалгаа хийсэн байдаг. Түүний дүгнэлт  "Хэрэв эзэн хаан өөрөө шударга байвал хууль гарсан ч эс гарсан ч эгэл ард түмнийг дагуулна. Эзэн хаан шударга бус байвал хууль хэчнээн олныг гаргасан ч эгэл ард эс биелүүлнэ" гэсэн байдаг. Энэ нь 500 жилийн өмнө гарсан сургаал бөгөөд монголчуудын өнөөгийн амьдралын хэв маягийг Күнз ийнхүү урьдчилан хэлсэн байх юм. Тэгэхлээр хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл ёс суртахуун нь байдаг юм байна. Ёс суртахуун сайн байвал хүн төрөлхтөн аз жаргалтай амар жимэр амьдарна.

Монголчууд энэ дэлхийн хамгийн жудаггүй ард түмэн болсон.

/С.Нарангэрэл, академич, МУИС-ийн багш профессор, Өдрийн сонин 2019.04.19-ний 89 дугаарт/

 

Хүүхдийг "Зөв монгол хүн" болгон төлөвшүүлэхэд нөлөөлдөг үндсэн таван орчин байдаг гэж үзэж болох юм.

1.Эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсөд гэр бүлийн орчин,

2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллага,

3.Ерөнхий боловсролын сургууль, коллеж, МСҮТ, их дээд сургууль,

4.Ажил хөдөлмөрийн хамт олон,

5.Нийгмийн өөрчлөлтөөс хамаарах хүчин зүйлийн нөлөөлөл гэх мэт болно.

 

Нэг: Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдээ өсгөн бойжуулж, хүн болгох гэж тэмүүлэн ирсэн ариун нандин туршлагатай хүмүүс. Гэр бүл бологсдын эрүүл мэндийн боловсрол, амьдралын зөв хэвшлээс хамаарч амьдрах ухаантай, архи тамхи хэрэглэдэггүй, харилцааны соёлтой гэр бүлээс төрсөн хүүхэд эрүүл бие, саруул ухаантай байж, хүмүүжлийн эерэг төлөвшилтэй болох суурь тавигдана гэж ойлгож болно. "Хүүхдийн хүмүүжил эхийн хэвлийгээс эхлэлтэй" гэж Орос Зөвлөлтийн /тэр үеийн/ нэрт сурган хүмүүжүүлэгч В.А Сухомлинский онч мэргэн гэмээр сургасан байдаг. Энэ нь ч бас Аристотель, Квант, Күнз нарын судалгаа, онолын дүгнэлттэй тохирч байгаа гэсэн үг.

Ер нь хүүхэд эхээс төрөөд удалгүй орчинтойгоо харилцаж, харагдсан бүхнээ ажин сохирхож, улмаар дуурайж эхэлдэг. Иймд эцэг эх орчны хүмүүсийн арчилгаа, үлгэр дуурайл, гэрийн тохижилт, эд зүйлсийн эмх цэгц, ариун цэвэр гэр бүлийнхний хөдөлмөрийн хуваарь, хүүхдээр нас биед нь тохирсон хөдөлмөр хийлгэх, хүүхдэд тавих нэгдсэн шаардлага, үнэнч шударга байдал, амьдрах ухааны наад захын зүйлийг хүүхэдтэйгээ хамтран хийх, зөв хооллож сурах, эрүүл мэнд бие бялдрын боловсролд сургах эхлэл тавих энэ бүхэн нь яах аргагүй эцэг.эх, гэр бүлийн нөлөөлөл орчин гэдгийг анхаарч үзүүштэй.

 

Хоёр: Цэцэрлэг нь хүүхдийн амьдарч хүмүүжиж суралцах хоёр дахь орчин мөн. Энд залгамж чанар, дасан зохицох хүмүүжил, ёс суртахуун бүрэлдэн тогтох гээд айл гэрийн янз бүрийн орчноос ирсэн балчир үрсийн хувьд нэн хариуцлагатай үүргийг цэцэрлэгийн байгууллага, багш нар хүлээн авдаг. Энэ нь хүүхэд орчноо танин мэдэж, хүн болж төлөвших болон нийгэмших анхны оролдлого байдаг.

 

Гурав: Эдүгээ Монгол оронд нийгэм улс төр, эдийн засгийн хямрал нүүрлэсэн ороо бусгаа үед хүний хүчин зүйлийн үүрэг асар их ач холбогдолтойг ард түмэн мэдэрч байна. Өнөө үед хүмүүжилд суурилсан боловсролын тогтолцоог буй болгон хөгжүүлэх нь чухал болов. Хүүхдээ хүн болгон хүмүүжүүлж, хүнтэйгээ ажиллахгүйгээр улс эх орноо хөгжүүлэх гэдэг нь өрөөсгөл буйз аа. Гэтэл боловсролын хуульд хүмүүжлийн тухай ганц үг байхгүй байна.

Хүмүүжил бол хүний насан туршийн дагуул болохыг хүлээн зөвшөөрч өндөр боловсролтой мөртлөө хүмүүжилгүй хүмүүсээс нийгэмд хэрэгтэй санаа гарахгүй байгааг батлан харуулж байна. Монгол Улсын ЕБС-уудад хүүхдийг хүмүүжүүлэх талаар зохиогддог уламжлал болсон олон сайхан ажил зогсонги байдалд орсон төдийгүй хүмүүжлийг орхигдуулж байгаа нь илт харагдаж байдаг. Мэргэжлийн боловсролын сургуулиудаар олон хүүхдийг хамруулан сургаж төгсгөдөг хэдий ч суралцаж төгссөн зарим залуу ажил мэргэжлийн шаардлага хангахгүйн дээр харилцааны доголдолтой, санаачилгагүй байх гэх мэт олон талаар гологддог болсон байна. Энэ нь эцэстээ хүмүүжил, ёс суртахууны боловсрол дутагдсанаас амьдрах ухаан, ажил хөдөлмөр танин мэдэхүйн боловсрол олж авах хандлага нь хомсдож, зөвхөн дипломтой болохыг хүсэгчид ихэсчээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

 

 

П.БАЛЖИНЖАВ /Ахмад багш, МЗЭ-ийн гишүүн/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)