БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэд харьяа дүүрэгтээ бүртгэлээ баталгаажуулна

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өчигдөр /2019.08.05/ БНСУ-д ажиллах хүсэлтэй монгол иргэдэд бүртгэлийн дугаар цахимаар олголоо. Цахим бүртгэлийн асуултууд монгол болон солонгос хэл дээр байсан юм.

Цахимаар өөрийн мэдээллийг бүртгүүлж, бүртгэлийн дугаар авсан иргэд 2019 оны 08 сарын 6, 7-ны өдрүүдэд 08;00-12;00, 13;00-17;00 цагийн хооронд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст очиж бүртгэлээ баталгаажуулна. Ингэхдээ 24 ам доллар, 3.5-4.5 харьцах хэмжээний цээж зураг, иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч очих хэрэгтэй. Иргэний үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэх аж.

Бүртгэлээ баталгаажуулсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Ийнхүү хэлний шалгалт болон эрүүл мэндээрээ тэнцсэн иргэд БНСУ-ын ажил олгогчдоос ирсэн ажлын байранд гэрээгээр ажиллах эрхтэй болно. Гэхдээ одоогоор түвшин тогтоох шалгалтын тов гараагүй байна.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

А. 18-аас 39 настай байх (1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 06-ны өдрийн хооронд төрсөн байх)

Б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

В. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

Г. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

Д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно)

Е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш ажиллаагүй байх

Дашрамд дурдахад та энэ удаад бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой. Түүнчлэн хоёр улсын Засгийн газрын гэрээгээр БНСУ-д ажиллах хүч илгээх цорын ганц байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг сонирхож буй иргэд залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудаас сэрэмжлэх нь зүйтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)