Шаргалжуутын халуун рашаан сувилалыг сонгох шалтгаан
- 2019-08-08
- Өөр өнцөг
- 0
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Анх 1690-ээд оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын ихэс дээдсүүд Шаргалжуутын рашаан дээр судалгаа хийн, хүн ардыг эмчлэн сувилах аргад ашиглахаар анхаарч эхэлжээ. Хожим Энэтхэг орноос Рихе Азала хэмээх эрдмийн хүнийг урин залж судлуулсан бөгөөд тэр хүн тус рашаан дээр 3-н жил даян хийж 64 үндсэн өвчнийг анагаах 108-н төрлийн рашаан байна хэмээн тодорхойлсон байдаг. Үүнээс хойш Орос, Монголын эрдэмтэд тасралтгүй судалгаа хийж 1960 оноос улсын үйлчилгээтэй сувиллын газар байгуулж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
“Шаргалжуут” хэмээх нэрийн учир: Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна.
Шаргалжуутын гол Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг.
- Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
- Судалгааны дүгнэлтээс үзэхэд олонх булаг рашаанууд нь нэг төрөлд багтах ба зарим рашаан нь халууны хэмжээ, орчны урвал зэргээрээ ялгаатай боловч гидрокарбонат, карбонат, сульфатлаг натри голлож, халуун нь 43-95 хэмийн хооронд хэлбэлзэж байжээ. Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй.
- Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ.
ҮЙЛЧИЛГЭЭ
- Тархи мэдрэлийн эмгэг
- Үе мөч, хүзүү нурууны эмгэг
- Арьсны зарим эмгэг
- Амьсгалын эрхтний эмгэг
- Бөөр шээсний замын эмгэг
- Эмэгтэйчүүдийн эмгэг
- Хоол боловсруулах замын эмгэг
- Зүрх судасны эмгэг
- Байгалийн шавар эмчилгээ
- Зүү төөнүүр эмчилгээ
- Физик эмчилгээ
- Биеийн тамир эмчилгээ
- Давсан замын эмчилгээ
- Саам эмчилгээ
- Хануур, төөнүүр, бумба засал
- Иллэг, бариа засал
- Амин дэм засал
- Ион эмчилгээ
Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг. Жилийн 4 улирал ажилана.
Нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Байр: 2 ортой хагас люкс , 2-4 ортой энгийн, 3-4 ортой энгийн өрөөнүүд, 2-4 ортой зуны байруудтай. Эрүүл мэндийн даатгал болон илгээх картгүй бол хоног тутам 11000 төгрөг нэмж төлнө.
ВИДЕО
Сэтгэгдэл (0)