Байгалийн түүхийн музей Үлэг гүрвэлийн төв музейн байранд нүүж орно
- 2019-08-09
- Үнэн
- 0
Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаас “Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэх”-ийг сайд Ё.Баатарбилэгт даалгалаа.
Үүнээс өмнө, долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-ээс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх болсон.
Тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг бүртгэлийн хувьд Байгалийн түүхийн музейд шилжүүлэх ажил хийгдэж, Байгалийн түүхийн музей Үлэг гүрвэлийн төв музейн байранд нүүж орох юм.
Үүнтэй холбогдуулан музейн үйл ажиллагааны талаар Үлэг гүрвэлийн төв музейн тайлбарлагч Г.Буянжаргалаас тодруулахад “Манай музей Байгалийн түүхийн музейтэй нэгдэж, үйл ажиллагаагаа хэвийн буюу хуучин цагийн хуваарийн дагуу 09:00-18:00 цагийн хооронд явуулж байна. Дөрвөн танхимын мянга гаруй үзмэрийг олон нийтэд хүргэж байна. Одоогоор музейд Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг дэлгээгүй. Цаашид сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүдээр баяжуулан олон нийтэд хүргэх юм” гэлээ.
Зуны улиралд Монгол Улсыг зорих жуулчдын тоо өсөхийн хэрээр тус музейг өдөрт гадаадын 200-300 хүн үздэг. Харин дотоодын иргэд музей үзэх нь харьцангуй буурдаг хэдий ч сургууль, цэцэрлэг орсон үеэс бага насны хүүхдүүд анги, хамт олноороо зорин ирдэг байна.
Сэтгэгдэл (0)