Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй
- 2019-08-12
- Үнэн
- 0
Сүүлийн өдрүүдэд нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдах болсонтой холбоотойгоор Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсны мэдээлэл хийж байна.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн: “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирүүлсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн. Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. Зүгээр гарсан бөхчүүдэд утсаар мэдэгдсэн.
Харин допинг илэрсэн хоёр бөхөд утсаар мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй учир мэссэж бичсэн. Хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна.
Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Энэ бол хувь хүний нууц. Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой.
Тухайн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал гэлээ.
Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд хоёр төрлийн хариуцлага тооцдог. Нэгдүгээрт, олгосон цол, бай шагналыг хураах. Хоёрдугаарт, хоёр хүртэл жилээр барилдах эрхийг хасдаг юм байна.
Тав болон түүнээс дээш давсан 16 бөхийн нэр
- Улсын аварга Ч.Санжаадамба
- Улсын аварга Н.Батсуурь
- Улсын аварга С.Мөнхбат
- Улсын арслан П.Бүрэнтөгс
- Улсын арслан Э.Оюунболд
- Улсын арслан Ц.Содномдорж
- Улсын гарьд Б.Гончигдамба
- Улсын харцага Б.Бат-Өлзий
- Аймгийн арслан А.Давааням
- Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
- Аймгийн арслан Н.Баярбаатар
- Улсын начин Э.Энхбат
- Аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Аймгийн арслан Б.Орхонбаяр
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Д.Анар
М.Тогтох
Сэтгэгдэл (0)