Х.Цагаанбаатар: Монголчууд Казак куресаар амжилт гаргах бүрэн боломжтой

 Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөхийн төрлийн нэг болох казах куресын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тэмцээн эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдсэн бөгөөд энэ үеэр цорын ганц азтанг тодруупж “Приус 30” маркийн автомашин бэлэглэх гэнэ. Тэгвэл тэмцээний зохион байгуулалт болон бэлтгэл ажлын талаар Азийн курес бөхийн холбооны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.ЦАГААНБААТАРТАЙ ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жилээс Азийн холбоог тэргүүлэх болсон юм.

 
-Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болох гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил ямар явна. Эрхийг нь яаж авав. Энэ тухай товчхон мэдээлэл өгөх үү? 
 
-Тэмцээнийг Азийн курес бөхийн холбоо, Олон улсын курес бөхийн холбоотой хамтран Монголд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тэмцээний эрхийг өнгөрсөн зургаадугаар сард олон улсын курес бөхийн холбооны хурлаар бидэнд өгсөн юм. Эрхийн төлөө Узбекстан, Кыргызстан, Монгол гэсэн гурван орон өрсөлдөж, төслөө явуулж, улмаар манайх шалгарсан. Шалгарахад нөлөөлсөн зүйл нь мэдээж давуу тал, онцлог зэргийг илүү сайн тусгасан. Тэмцээний бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явна. Тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин оролцох юм. Манай улсаас нэг жинд хоёр тамирчин оролцож, зохион байгуулагч орны давуу эрх эдэлнэ. Үүнийг Олон улс болон Азийн холбоотойгоо ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэсэн. Ингэхгүй бол тухайн зохион байгуулагч орны хоёрдугаар тамирчин хохирч үлдэх тал байдаг. Тиймээстэднийгбодоод ийм шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ жилээс тэмцээнийг зохион байгуулагч орон давуу эрх эдэлж нэг жинд хоёр тамирчин оролцуулах боломжтой болсон.
 
-Шагналын сан өндөртэй гэсэн. Нууц биш бол?
 
-Жин тус бүрт түрүүлсэн тамирчин 1000 ам.доллар хүртэнэ. Харин мөнгөн медалийг 500, хүрлийг 300 ам.доллар дагалдах юм. Үүнээс гадна үнэмлэхүй жингийн барилдаан болно. Үүнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгийг 2000, хүрлийг 1000 ам.доллараар байлна.
 
-Энэхүү бөхийн төрлийг Монголд хөгжүүлэх болсон шалтгаан юу вэ?
 
-Жүдо, чөлөөт бөх, олимпийн төрлийн спортоор олон тамирчин хичээллэдэг ч тэдний цөөхөн нь л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Мөн дээд тал нь 56 хүн л медаль авдаг. Бусад нь хоосон хоцорч байгаа юм. Олон жилийн турш хөдөлмөрлөсөн атлаа хэлхээтэй хэдэн төмөр, хэмхэрхий бие л үлддэг. Тиймээс шигшээ багаас гадна үлдсэн, олимп, дэлхийн аваргад оролцож чаддаггүй бусад тамирчинд боломж олгох үүднээс энэхүү бөхийн төрлийн спортыг хөгжүүлэх санаа төрсөн. Үүнийг хөгжүүлснээр эх оронч үзэлтэй, гүйлгээ ухаантай, сэтгэлийн хаттай эрүүл иргэн өсөн бойжих боломжтой. Надад маш их таалагдсан. Би 2006 оноос казах куресаар барилддаг байлаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, миний бие гээд олон хүн энэхүү спортоор хичээллэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байдаг.
 
Казах күресаар монгол хүн амжилт гаргах бүрэн боломжтой. Өмсгөлийн хувьд самбынх шиг, дүрмийн хувьд хөл нь хөлтэй, гар нь гартайгаа барилддаг, жүдотой адилхан.
 
Тийм атал монгол үндэсний бөх шиг бүснээс барьц авч болно, гар газар хүрвэл оноо авна. Үнэлгээний хувьд таван янз. Яг жүдогийн хуучны коко, юүко, вазари, иппон гэдэг шиг бук, жамбас, жартилай, женис, таза гэсэн таван үнэлгээтэй. Гурван бүүк нийлээд нэг жамбас болдог. Яг л жүдогийн хуучин дүрэм гэсэн үг. Үндсэн таван минутад оноо авалцахгүй дуусвал үндэсний бөх шиг барьц сонгодог. Дэвжээнээс түлхэж гаргах эсвэл барилдааны явцад гараа тавих юм бол шууд ялалт авдаг онцлогтой. Дээрээс нь хэвтээ барилдаан гэж байхгүй. Энэ нь үзэгчдийн сонирхлыг ч маш их татдаг. Монгол тамирчны барилдааны онцлогт тохирсон спорт гэж харж байгаа. Дээрээс нь манайхан энэхүү спортоор хичээллээд амьдралаа дээшлүүлэх бүрэн боломж бий. Учир нь, казах куресын тэмцээний шагналын сан маш өндөр байдаг. Ялангуяа үнэмлэхүй жинд автомашин, их хэмжээний мөнгө өгдөг учраас монголчууд гадаад руу тэмцээнд яваад барилдан амжилт үзүүлэхэд амьдралд нэмэртэй. Яг одоогоор улсын начин Б.Серик, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ган. Түвшинжаргал зэрэг бөхчүүд маш сайн барилдаж байгаа. Мөн улсын харцага Д.Анар, начин А.Давааням нарыг нэрлэж болно.
 
-Энэ спорт манайд хэр хөгжиж байгаа юм бол. Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад хэчнээн тамирчин оролцож байна вэ?
 
-Нэлээд сайн хөгжиж байна. Миний хувьд Азийн курес бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ холбоо казах куресыг Ази тивд хөгжүүлэх зорилгоор байгуулсан. Манай улсаас хоёр хүн энэ холбоонд сонгуульт алба хашиж байгаа. Нэг нь би, нөгөөх нь Монголын жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ. Болдоо маань энэ бөхийн төрлөөр 2007 онд Азийн аваргад түрүүлж байсан төдийгүй тухайн спортыг хөгжүүлэхийн тулд зүрх сэтгэлээ зориулж чаддаг учраас Удирдах зөвлөлд багтсан. Бид хоёроос гадна Казахстан, Узбекстан, Тажистан, Туркменистан, Хятад гэсэн орны төлөөлөл удирдах зөвлөлд байдаг. 
 
-Бөхийн өргөөг яагаад сонгов. Жюү жицүгийн ААШТ нөлөөлсөн үү?
 
-Зохион байгуулах хорооныхон зургаадугаар сард манай улсад ирэхдээ спортын цогцолбортой танилцаад Монгол бөхийн өргөөг сонгосон. Үүнд ямар нэгэн тэмцээн нөлөөлөөгүй. Цэвэр олон улсын казах курес бөхийн холбооны хүмүүсийн сонголт, шийдвэр юм. 
 
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд төрийн байгууллага ямар оролцоотой байна вэ?
 
-Ямар ч оролцоо байхгүй. Энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд төрөөс нэг ч төгрөгийн тусламж аваагүй. Цэвэр олон улсын холбооны хөрөнгөөр зохион байгуулж байна. Спортоор дамжуулаад Монгол Улсад багагүй хэмжээний орлого оруулж байна гэсэн үг. Тамирчин, албаныхан нийлээд 150 гаруй хүн манай улсад ирнэ. Онгоцны тийз, зочид буудал, хоол ундаас эхлээд бүгд Монгол Улсад орох орлого юм. Өөрөөр хэлбэл, бид спортоор дамжуулж аялал, жуулчлалын салбарын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна. Тамирчид гэдэг бол жуулчид. Зохион байгуулалтаар дамжуулаад Монголын нэр хүнд өснө. Энэ мэтчилэн олон талын ач холбогдолтой.
 
-Монголд шинэ тутамд хөгжиж байгаа спортын төрлүүд үзэгч, сонирхогчдыг татах зорилгоор янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Жишээ нь, сугалаа. Тэгвэл казах куресын ААШТ дээр үзэгчдэд чиглэсэн ямар арга хэмжээ болох вэ?
 
-Бид ердөө цорын ганц азтанг тодруулна. Ингэхдээ 10 мянган төгрөгийн үнэтэй тасалбар 1500-хан ширхэгийг хэвлүүлсэн. Хоёр өдрийн тэмцээний төлбөр 10 мянган төгрөг. 1500 үзэгчээс ердөө нэг нь л цоо шинэ “Приус 30” маркийн автомашины эзэн болно. Аз хийморьтой, ёндоотой нэг нь амьдралаа дээшлүүлж, автомашинтай болог л дээ. Энэхүү автомашинаа бид “Да хүрээ” техникийн захаас 14 сая төгрөгөөр худалдаж авсан. Мэдээж олон азтан тодруулж болох ч бид ярилцаад нэг л ёндоотой хүн байг гэж шийдвэрлэсэн. Тухайн өдөр аз, од нь шовойсон аавын хүү, ээжийн ч охин цоо шинэ автомашинаа, дүүрэн шатахуунтай хожоорой. Тэмцээн үзэж, Монголын тамирчдаа дэмжиж, төрийн 4 дууллаа сонсохын сацуу ёндоогоо шалга. Ингэж л уриалъя даа. Бүх тасалбарыг зарж дуусвал нэг хүнд гар утас өгсөн ч яах вэ. Хамгийн гол нь сугалаа шударга болно, ямар нэгэн булхай луйвар байхгүй. Хэрвээ тасалбар авах бол Бөхийн өргөө болон Спортын төв ордон дахь “Үаwara” спорт барааны дэлгүүрээс аваарай. Тасалбарыг шаглах, хуулбарлах боломжгүй. 
 
-Жүдогийн тамирчид маань курес, самбо, жюү жицү гээд л бөхийн төрлөөр барилдаж байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд бүгд өөрийн гэсэн тамирчдыг бэлтгэж эхэлсэн байна. Казах куресын холбоо энэ талд анхаарал хандуулж байна уу?
 
-Ер нь бүгд л үндэсний бөхийн суурьтай шүү дээ. Дараа нь чөлөөт, самбо, жүдогоо сонгоод явна. Миний хэлэх гэсэн санаа бол нэршил гэхээс илүүтэй спорт гэдэг  талаас нь хараасай гэж хүсье. Гэтэл манайхан заавал жүдо, чөлөөт, самбо гэж ангилж, зааглах гээд байна. Хэн, ямар бөхийн спортоор хичээллэх нь тухайн  хүний л эрхийн асуудал, сонирхол  байхгүй юу.
 
Өнөөдөр жүдогоор, маргааш самбо, нөгөөдөр, казах куресаар барилдаж болно. Аль ч төрлөөр нь амжилт гаргаж болно. Жүдогоор өнөөдөр дэлхий дээр хэдэн сая хүн хичээллэж байна вэ. Тэдгээрийн хэд нь амжилт үзүүлж, хэд нь бэлтгэл хангагч болж үлдэх вэ. Тиймээс нэг спорт гэж туйлшрах хэрэггүй. Жүдогоор амжилт үзүүлээгүй ч самбо, курес, жюү жицүгээр амжилтад хүрч, амьдралаа дээшлүүлэх боломж байна.
 
Ердөө л энэ юм. Бүгдээрээ л тодорхой хэмжээний мөнгөн шагналтай. Энэ бүхнийг манайхан эрүүлээр хараасай гэж хүсдэг. Тухайн орны онцлогийг харуулсан бөхийн спорт дэлхий дахинд хөгжиж, түүгээр хичээллэж амжилт гаргах эрх хэнд ч нээлттэй. Дагнаад хичээллэх нь илүү үр дүнтэй ч тухайн тамирчин чадаж л байвал хэдэн төрөл сонгох нь эрх чөлөөтэй, нээлттэй. Жишээ нь, хэн нэгэн жүдогоор бэлтгэл  хангагч хийлээ гээд олимпийн 28 медалийн нэгийг авч чадахгүй бол яах юм бэ. Гэр бүлээ юугаар тэжээх вэ. Бүхий л насаа жүдод зориуллаа гээд насны эцэст юу ч үгүй л хоцорч байна. Хайран залуу нас, эрүүл мэнд. Олимп, дэлхийн аваргын медальгүй, гэр бүлгүй, гэр бүлтэй нь цалингүй, орлогогүй л үлдэж байна шүү дээ. Энэ бол хүний амьдрал. Тиймээс тэр хүнд боломж олгоод амжилт гаргуулж, амьдралын баталгааг нь дээшлүүлэхийн тулд спорт холбоод хамтран ажиллаж, уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй. Үүнийг л спортын мөн чанар гээд байгаа юм. Спорт гэдэг өөрөө эв нэгдлийн бэлгэ тэмдэг шүү дээ. 
 
-Казах куресын бусад ижил төрлийн спортоос ялгарах онцлог, давуу тал юу вэ? 
 
-Бэртэл, гэмтэл багатай спорт. Хамгийн гол нь монгол үндэсний бөхчүүдэд маш дөхөм. Дүрэм нь маш энгийн, ойлгоход хялбар. Ерөөсөө 10-15 минут үзэхэд л энэ спортын оноо олгох дүрмийг шууд ойлгоно. Гар газар хүрэх төдий л оноо өгдөг учраас тамирчдаас маш их авхаалж самбаа шаардана. Үзэгчдийг огт уйдаахгүй. Жинхэнэ классик барилдаан гарах боломжтой, гоё савалтууд гарна. Газар тулах агшинд л барилдааныг шууд зогсоож, дахиад шинээр эхлүүлдэг. Анхны уналтаараа үнэлгээг тооцдог. Ийм л энгийн дүрэмтэй спорт байна даа. 
 
-Жүдогоор нээлттэй тэмцээн, Гранпри, их дуулга, мастерс, ААШТ, ДАШТ гээд нэг жилд маш олон цуврал тэмцээн болдог. Тэгвэл казах куресаар дотоодод болон гадаадад хэр олон тэмцээн болдог вэ?
 
-Монголын хувьд өнгөрсөн жул улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээ зохион байгуулан шалгарсан тамирчдаа Азийн явяргяд оролцуулж байгаа. Эндээс шалгарсан манай тамирчид яирэх арваннэгдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Нэг ёсондоо хоёр багийн тамирчдаа харж байгаад ДАШТ-д өрсөлдөх сонгон шалгаруулалтаа хийнэ. Ер нь Казахстан, Узбекстан, мөн Арабын орнуудад шагналын сан өндөртэй олон тэмцээн зохион байгуулдаг. Манай улсаас ч эдгээрт оролцож, боломжийн амжилт үзүүлээд ирж байна. Ер нь Ази, Европ тивд нэлээд хурдацтай хөгжиж байгаа бөхийн төрөл юм.
 
-Манайхан хэзээнээс бэлтгэлдээ гарсан бэ. Нутагтаа болж байгаа тэмцээнд том зорилго тавьсан биз?
 
-Мэдээж багаараа таваас дээш алтан медаль авах зорилготой. Өнгөрсөн жилийн тэмцээнд найман тамирчин оролцохдоо наймуулаа медаль авч байсан. Найман медалийн гурав нь алт. Тиймээс үүнийгээ ахиулах зорилт тавьсан. Бэлтгэлийн хувьд сарын өмнө гарсан. “Чингис" зочид буудалд байрлан бэлтгэлээ хийж байна. Бөхийн өргөөнд тэмцээний дэвжээгээ засаад дууссан. Өнөөдрөөс Бөхийн өргөөнд зассан дэвжээндээ бэлтгэлээ хийж эхэлнэ дээ. Нийт 17 тамирчин оролцох бөгөөд тэднийг Олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар дасгалжуулж байгаа юм.
 
-Казах куресыг цаашид Монголд хөгжүүлэхийн тулд хамгийн их шаардлагатай зүйл юу вэ?
 
-Хөгжүүлэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөж байна. Спортоор дамжуулан жуулчдыг татах, хүүхэд залуусыг зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, итгэл үнэмшил, эх оронч үзэл, ёс суртахуунтай болгомоор байна. Энэ хамгийн том давуу чанар. Мэдээж төр, засгийн зүгээс ч дэмжээсэй. Цаашлаад 2022, эсвэл 2026 оны Азийн наадамд багтах боломжийг Олон улсын казах курес бөхийн холбоо судалж байна. Казахууд ч энэ талд маш их ажил хийж байгаа, боломжтой гэж үзсэн. Эцэст нь, спортоороо нэгдээд Монголын тамирчдаа дэмжиж, төрийн дууллаа сонсоорой. Мэдээж ёндоороорой. Хэн ёндоотой нь Приус 30 хөлөглөөд гэртээ харина.
 
 
Л.Тулга
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зөв бичээч дээ! (66.181.178.250)

    2019-08-15

    Бичиг үсэгт тайлагдаагүй бөх гуай. Казак биш казах шүү дээ, боловсролгүй дурак аа.