Шийдвэрлэх тулалдаан

Одоогоос 80 жилийн өмнө 1939 оны тавдугаар сард Японы түрэмгийлэгчдийн халдлагаар эхэлсэн Халхын голын байлдаан дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилж хоёр талд үхэл хагацал, үгүйрэл сүйтгэл үлэмжхэн учруулж “хар” балаг тарьсан юм. Японы самуурай нар үе үе хүчээ зузаатган уулгалан дайрч байсны жишээ тавдугаар сарын 28-30, долоодугаар сарын 2-ноос эхэлсэн Баянцагааны тулалдаан юм. Энэ тулалдаанд Монгол, Зөвлөлтийн эрэлхэг дайчдад дайралт бүртээ хоншоороо тас хяргуулан “хойшоо ухарсан билээ. Гэвч агаарт газраар ч том, жижиг тулалдаан бараг өдөр бүр үргэлжилсээр байв. Япончууд “Үхэхдээ үхэр буугаа” гэгчээр өөрсдийн хориглолтын бүсэд 75000 цэрэг, 300 гаруй пулемёт, 500 гаруй их буу, 180 давсан танк, 300 гаруй нисэх онгоц гээд ихээхэн хүч хуримтлуулж, Монгол, Зөвлөлтийн армийн эсрэг “жанжин” нэртэй том довтолгоог наймдугаар сарын 24-нд эхлэхээр товлосон нь тагнуулын мэдээ, бусад сурвалжаар тодорхой боллоо. Манай ах дүү хоёр армийн бүлгийг корпус командлан захирагч Г.К.Жуков нар цагийн байдалд дүгнэлт хийгээд дайснаас өрсч довтлохоор шийдвэрлэн хүчээ зузаатган фронтын 75 км өргөн шугамын дагуу хүчээ гурван хэсэгт төвлөрүүлж, өмнөд бүлэгт Зөвлөлтийн 57 дугаар буудлагын дивиз Монголын армийн Д.Нянтайсүрэнгийн командалсан VIII морьт дивиз, VI болон XI танкийн бригад, 135 дугаар их бууны хорооны нэгдүгээр дивизион, 57 дугаар танк эсэргүүцэх их бууны дивизион, “Т-130” танкийн ротыг байрлуулж, бүлгийг хурандаа Потаповт захирууллаа.

 

Төвийн бүлэгт Зөвлөлтийн 82 дугаар буудлагын дивиз, 36 дугаар моторчилсон буудлагын дивиз, тавдугаар буудлага пулемётын бригад, умард бүлэгт Зөвлөлтийн 82 дугаар буудлагын дивизийн 601 дугаар хороо, 11 дүгээр танкийн бригадын хоёр батальон, 32 дугаар их бууны хороо, 87 дугаар танк эсэргүүцэх бууны дивизион, Л.Дандарын командалсан Монголын VI морьт дивиз, VII моторчилсон хуягт бригад... гээд бүлгийг дэд хурандаа И.П.Алексеенко удирджээ. Энэ бүлгийн зүүн гарын жигүүр болох Ноён уулын овоонд манай VI дивиз хуарагнан Ш.Гонгор баатрын удирдсан хуягт бригадын суман их давшилтын өмнөх өдөр хүч хавсрахаар хүрэлцэн иржээ.

 

Монгол-Зөвлөлтийн арми наймдугаар сарын 20-ны үүрээр шийдвэрлэх тулалдаанд орлоо. Манайхны 153 бөмбөгдөгч онгоц,100 гаруй сөнөөгч онгоц агаарт хөөрч, Японы цэргийн байрлал, бэлтгэх хүч, төмөр зангилаа зэргийг удаа дараалан бөмбөгдөж, пулемётоор шүршин гэнэтийн цохилт өгч, залгаад бүлэг бүрээс алсын тусгалтай их буунуудын сум дайсны толгой дээр “аянга” болон бууж эхэллээ. Манайхны гэнэтийн цохилтод сандарч, балмагдсан самуурай нар ёстой л “үүрээ эвдүүлсэн шоргоолж” шиг бужигнан дарга нар нь “галлаад”, “урагшаа” хэмээн хашгичин гүйлдэж хариу гал нээцгээж байлаа. Хүчит танк, хуягт автомашинууд ч дайсны үүрэнд тулан ирж, тэдний халхавчин дор морьт болон явган цэрэг, бусад ангиуд “ура” хашгиран довтлон орлоо. Фронтын умард жигүүрээр Л.Дандарын командалсан VI морьт дивизийн дайчид гөлөгт Манхан дахь Японы хориглолтын шугам дагуу самуурай нар нуувч бэхлэлтээ орхин ухарч дээрээс нь бөмбөг, дэргэдээс нь их бууны сум дэлбэрч, морин цэргийн сэлэм толгойг нь хярган хүчит танк хуягтын буу тачигнаж, дугуйнд нь нэг хэсэг нь няц даруулж байлаа. Агаарын тулалдаан тэнгэрт нижигнэж, энд тэндгүй онгоц утаа савсуулан унаж байв.

 

Бүх фронтын шугамаар дайсан ухарч хилийн заагт тулж очлоо. Энэхүү сүрт тулалдааны тухай япон цэрэг Фукуто гэгч тэмдэглэлдээ “Их бууны хар үүл шиг сум тэртээ ч, дэргэд ч унаж байв. Манай цэргийн дайсны онгоц бөмбөгдөж, дайрагч онгоцууд зай завсаргүй буудах тул үнэхээр аймшиггай боллоо. Дайсан бүх фронтоор ялав...” гэж үнэнийг бичсэн байжээ. Д.Нянтайсүрэнгийн командалсан VIII морьт дивизийн дайчид өмнөд бүлгийн баруун гар жигүүрээр давшин наймдугаар сарын 24 гэхэд аль хэдийнэ Эрс болон Хулд уулыг дайснаас чөлөөлж хил дээр очсон байна. Ширүүн тулалдааны үед тал талаас 220 хүртэл тооны нисэх онгоц агаарт хөөрөн тулалдаж байсан нь дэлхийн цэрэг дайны түүхэнд урьд нь гарч байгаагүй гэдэг юм билээ. Агаарын сүрт тулалдааны тухай гарамгай баатар Лодонгийн Дандар агсан “Зөвхөн агаарын тулалдаан гэхэд нар халхлагдаад харагдахгүй байх шиг санагдаж байсан гээд бод доо” хэмээн дурсан өгүүлсэн байдаг. Наймдугаар сарын 21-ний өдрийн тулалдааны үеэр манжийн 250 гаруй цэрэг гар өргөн бууж өглөө. Энэ өдрийн тулалдаанаар манайхан ногоон өндөрлөг, Хан уул Бүрд овооны орчмоор улсын хилд хүрч, дорно зүгт ухрах дайсны замыг хаажээ. Эхний өдрийн тулалдаанаар дайсны халхлах хүчийг зад татан улсын хилд хүрсэн умард бүлгийнхэн 21-нд Хуруу өндөрлөгт тулав. Дараагийн өдрүүдэд Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилт үргэлжилж, дайсныг хоёр талаас нь хумин дайрч бүслэлтийн цагиргаа улам “чангалж” байлаа. Сандарч сүйрсэн япончуудын ум хумгүй ухарч, хүрээгээ багасгасаар байлаа. Тэгээд л япончууд хүчтэй бэхлэлт хийж хориглосон Хуруу өндөрлөгтөө хамаг хүчээ “бөөгнөрүүлж”, сөрөг цохилт хийх гэж “эцсийн хүчээ шавхан” оролдоод бүтэлгүйтэн бэхлэлтээ орхин зугтаав. Японы 23 дугаар явган дивизийн командлагч генерал Комацубара дайчдаа зоригжуулах санаатай “Зоригтой байлд. Удахгүй чөлөөлөгдөхдөө бүрэн найд” гэж хоолойгоо сөөтөл хашгичиж, тушааж, тулгаж байсан ч нэмэр болсонгүй. Гагцхүү үхэл, ялагдал, хохирол л тэднийг хүлээж байжээ. Зөвлөлтийн танкийн VI бригадын тагнуулын батальоны дарга, ахмад Г.Я.Борисенко наймдугаар сарын 20-ны өдрийн тулалдааны үед дайсны гүнд нэвтрэн орж дайсны байрлал, хүч зэргийг тагнан мэдээлж байсан ба маргааш нь тагнуулын үйл ажиллагаагаа үргэлжпүүлэн дайсантай тулалдаж, 22-ны өдрийн байлдаанд дайсны дайралтыг няцаан 23-ны өдрийн тулалдаанд дайсны танктай халз тулгаран шатааж байжээ. Сөнөөгч онгоцны 70 дугаар хорооны эскадрилийн дарга, дэслэгч М.П. Ного Халхын голын тэнгэрт 22 удаа агаарын тулалдаанд орж, өөрөө Японы “И-97” онгоц есийг унагаж байсан туршлагатай баатар зоригтой нисгэгч юм. М.П.Ного наймдугаар сарын 20-28-ны өдрийн агаарын тулалдаанд Японы хоёр бөмбөгдөгч, 14 сөнөөгч онгоцыг шатааж, гарамгай гавьяа байгуулсан байна. Наймдугаар сарын 24-нд Ногоон өндөрлөгийн хориглолтын орчимд цус асгаруулсан ширүүн тулалдаан болов. Онгоц бөмбөгдөж, их бууны сум тэсэрч, пулемётийн шуурган гал асгарч, бууны сум исгэрэн танк, хуягт машинууд хүчтэй галлан довтолж, дайсны үүрэнд нэвтрэн няц дарж байв. Манайхны умард ба өмнөд бүлгийн дайчид самуурай нарыг тал талаас нь шахан бүслэлтээ хумисаар наймдугаар сарын 24-нд хоорондоо уулзалдан баяр.хөөр болцгоосон билээ. Ингээд Монгол-Зөвлөлтийн цэргүүд наймдугаар сарын 25-нд Ногоон өндөрлөгт тулж, очжээ. Японы цэргийн 23 дугаар дивизийн 64 дүгээр хорооны сумангийн бага дарга Камэмару гэгч өдрийн тэмдэглэлдээ “Дайсны онгоцууд бөмбөгдөж эхлэв. Их буунууд нь ч ширүүн гал нээлээ. Есөн цагийн үед дахин бөмбөгдөж, 9.30-д дайсны явган цэргүүд дайралтад орж, пулемёт хүчтэй гал нээлээ. Бидний байдал тун аюултай, аймаар болж санаа сэтгэлээр унаж гүйцээд байна. Наймдугаар сарын  23-нд их буунууд улам хүчтэй галлаж эхлэв. Манай онгоц, их буучид биднийг дэмжихээ больжээ... Наймдугаар сарын 25. Зөвлөлт-Монголын 30 танк, батальоны явган цэрэг баруун талд маань гарч бүсэлж эхлэв.

 

Манай суман сөрөг давшилт хийсэн боловч дайсны явган цэргийн дайралтыг зогсоож чадалгүй ухарлаа. Энэ үеэр дайсны 23 танк тавиад метрийн цаана тулж ирсэн байв. Суман сөнөх аюулд орлоо. Эзэн хааны цэргийн байлдагчид бид их бууны идэш болж гүйцэж байна. Наймдугаар сарын 27. Дайсны явган цэрэг улангасан дайрлаа. Ширүүн тулалдаан болов. Ямар ч арга замгүй болж төгсчээ...” гэж бичиж үлдээсэн байх юм.

 

Наймдугаар сарын 28-нд Японы армийн сүүлчийн “голомт” болж үлдсэн Ремизовын өндөрлөгийн төлөө ширүүн тулалдаан боллоо Хурандаа И.И.Федюнинскийн командалж байсан /шархадсан учир хошууч Беляков хороо удирдсан/ буудлагын 24 дүгээр хороо, танкуудын халхавчинд дайралтад орж, их бууны сум энд тэндгүй дэлбэрч, пулемё-тачигнаж, дайсан хариугаа нээсэн ч манайхны давшилтыг тогтоож чадалгүй үдшийн бүрий болгоод “сүүлээ хавчин' зугтав. 22.00 цагт Ремизовын өндөрлөгийг бүрэн чөлөөлж, өндөрлөгийн орой дээр улаан цэрэг Василий Смирнов ялалтын тугийг мандууллаа.

Наймдугаар сарын 31-нд Монгол-Зөвлөлтийн 128 сөнөөгч онгоц Японы 27 бөмбөгдөгч, 70 сөнөөгч онгоц оролцсон агаарын том тулалдаан болж, манайхны ялалтаар төгсч, Халхын голын чиглэлээр халдан довтолсон харгис Японы түрэмгийлэгчдийн өдөөсөн бузар дайн үндсэндээ дуусч, харийн дайснаас эх орон, элгэн түмнээ авран хамгаалж, ах дүү хоёр армийн баатарлаг дайчид алдраа дуурсгасан түүхтэй билээ.

Халхын голын байлдаанд гавьяа байгуулсан Зөвлөлтийн улаан армийн дайчин, танкчин М.С.Аношин, Н.С.Задорин, М.А.Лукин, А.И.Суворов, М.П.Яковлев, нисгэгч А.А.Зайцев, А.Ф.Мошин, их бууч Н.З.Попов, бага дарга С.П.Мартышкин... нарын 70 гаруй дайчин ЗХУ-ын /хуучин нэрээр/ баатар цолоор шагнуулсан ба нисгэгч С.И.Грицевич, Г.П.Кравченко, фронтын нисэх хүчний командлагч Г.К.Жуков, хороон дарга И.И.Федюнинский нар ч баатрын алтан таван хошуугаар энгэрээ мялаасан байна. Монголын дайчдаас анхны баатар Ш.Гонгор, нисгэгч Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, дивизийн дарга Л.Дандар, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар, М.Экей, хорооны дарга Ч.Дугаржав, зоригт тагнуулч, пулемётчин Ц.Олзвой, Д.Самдан, А.Гуулин, хуягтын жолооч Д.Хаянхярваа, хилчин П.Чогдон, Н.Жамбаа, Э.Шийлэг, С.Төмөрбаатар, П.Шагдарсүрэн нарын хориод баатар төрөн гарсан юм. Мөн Г.К.Жуков, И.И.Федюнинский нарын баатрууд ч Монгол Улсын баатар цолоор шагнасан билээ. Наймдугаар сарын эцсээр Монгол-Зөвлөлтийн ах дүү армийн шийдвэрлэх тулалдаан баатарлаг ялалтаар төгссөн ч япончууд есдүгээр саын 1-5- ны хооронд Нөмрөгийн голын сав газраар 2-3 удаа дайран, сүрхий тулалдаан болж байсны гадна есдүгээр сарын 11-ний өдөр хоёр талаас 50- 60 онгоц оролцсон агаарын том тулалдаан ч болж байжээ. Гэпээ ч самуурай нар тухай бүр ялагдал хүлээж “ягтаа” тулж, есдүгээр сарын 16-ны өдөр гал зогсоох хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурж “дайн” зогссон юм.

 

Ахмад зохиолч, сэтгүүлч Ю.САНЖААГОНЧИГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ochir (202.131.234.194)

    2019-08-16

    Оросын ард түмний ахан дүүсийн туслалцаа, Монгол орны тусгаар тогтнол, газар шорооны төлөө алтан амиа өгсөн оросын олон баатар эрчүүдийг үеийн үед дурсацгаая. Орос Монголын ахан дүүсийн харилцааг бат бэх байлгах ёстой шүү улс төрчид өө. Улаан туг, орос хоёрыг үзэж чаддаггүй гэж байсан хүмүүс байгаа шүү, манайд

  • (59.153.115.204)

    2019-08-16

    Оросын ард түмэнд үеийн үед баярлаж явна

  • нямка (103.9.89.188)

    2019-08-15

    үнэн юм уу?