Х.Нямбаатар: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг судалгаанд оролцогсдын 78 хувь нь дэмжсэн

УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн зөвшилцлийн саналд байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.НЯМБААТАРААС дараах зүйлийг тодрууллаа.

 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг өнгөрсөн сард явуулсан судалгаанд оролцогсдын 78 хувь нь дэмжсэн. Үндсэн хуулийг 1992 онд батлах үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын харилцаа ямар байсныг бүгд мэднэ. Тиймээс цаашид хөгжлийн Үндсэн хууль руу нэг алхам ахихын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэж УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас Мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүний хүрээнд 2016 оноос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн судалгаа, зөвшилцөл зэрэг олон ажил хийснээр өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ шатанд явж байна.

 

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ирүүлсэн зөвшилцлийн саналыг таван өдөр хэлэлцэж байна. Уг саналыг дэмжихгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дангаар нь хэлэлцүүлж болохгүй юм уу гэсэн санал ч гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмнээс сонгогдсон субьект. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх учиртай.

 

Тиймээс миний хувьд Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналыг зөвшилцөж үүний үндсэнд Ундсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Ерөнхийлөгч  Үндсэн хуулийг  баталсны  дараа хориг тавих эрх нь нээлттэй. Тиймээс хоригийг хүлээж авахгүй байж чадах эсэхийг бодолцох хэрэгтэй. Мөн хууль батлах хэд хэдэн процесст төрийн тэргүүний оролцоо бий. Тиймээс нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцлийн түвшинд авч үзэх учиртай.

 

-МАН-ын бүлэг юунд санал нэгдэхгүй олон  хоног хуралдаад байгаа юм бэ?

 

-МАН-ын бүлэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцээд шийдэлд хүрэхгүй байгаа гол асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналд тусгасан гишүүдийн тоог 108 болгох, ингэхдээ 54, 54-өөр нь можаритар, пропорциональ хэлбэрийг оруулж ирье гэсэн саналд байр сууриа нэгтгээгүй байна. Үүнээс МАН-ын бүлэг УИХ 108 гишүүнтэй байх саналыг хүлээж авахгүй байх санал гарсан. Үүний оронд 99 гишүүнтэй байвал яасан юм бэ гэж үзсэн.  Улс төр дэх нэг хүний жин дардаг хувь хэмжээг багасгах, хувийн ашиг сонирхол, томоохон компаниудын УИХ дахь нөлөөллийг багасгая гэдэг талаар ярилцаж байна. Миний хувьд дундын хувилбар дээр байх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр хэдхэн том компани парламентад гишүүд оруулж ирээд байгаа учир эдийн засаг, бизнестэй  холбоотой аливаа шийдвэрт томоохон компанийн оролцоо байх вий гэдгээс  болгоомжлох ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хяналт, тэнцэл, хариуцлага гэсэн гурван үндсэн уриатай.

 

2011 оноос хойш Монгол Улсын эдийн засаг сайн тэлэхгүй байгаагийн учир нь үе үеийн Сангийн сайд нар зөвхөн өөрийнхөө тойрог руу төсвийн хуваарилалт хийдэг. Гишүүн бүр өөрийн тойрогтоо төсөв тавиулах гэж зүтгэдэг. Одоо улсын төсвийг ирэх сарын 15-наас өргөн барьж, чуулган эхлэхэд хэлэлцэнэ.

 

Том лобби, фракцтай гишүүдэд улсын төсөв хуваарилагддаг тал бий. Гэтэл бид мега төслүүдээ ярьж чадахгүй байна. Тиймээс том тойргоос гишүүд сонгогдвол нийтлэх эрх ашгийн асуудал парламентын шийдвэр гаргалтад сайнаар нөлөөлнө гэж бодож байна. 

 

-Ерөнхийлөгчийн гаргасан саналыг хүлээж авахгүй байх шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргах боломжтой юу?

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг цааш нь явуулах боломжгүй болох том эрсдэл бий. Гэтэл нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 78 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлт оруулахыг дэмжинэ гэдэг нь маш том үзүүлэлт. УИХ-ын гишүүд  ялангуяа МАН-ын бүлэг, ажлын хэсгийн гишүүд энэ зун амралгүй ажиллаж, бүх талаас нь нь шүүн тунгаалаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн талаар ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг санал хураалтаар явуулна гэж байгаа. Түүнээс ард нийтийн санал асуулга явуулахгүй гэсэн шийдвэрийг бүлэг гаргаагүй. Тиймээс бид тал талаас нь бодож, зөвшилцөж байж шийдвэр гаргана.

 

-Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар гэсэн гурван институц тохиролцоод дараа нь ард иргэдээсээ санал асууя гэсэн байр суурьтай байгаа юм байна тийм үү?

 

-Тийм. Энэ зөвшилцлийг цаашид үргэлжлүүлэх ёстой. Би том компаниудын эрх ашгийг төлөөлөхгүй. Өнөөдөр нэг гишүүнд ногдох хувийн жин, том компаниудын нөлөөллийг багасгая. Том төсөл хэрэгжүүлдэг, шийдвэр гаргадаг болъё гэж хэлсэн. Жишээлбэл, би тойрогтоо зам тавиулах, сургууль цэцэрлэг бариулах бол хоёрдугаар асуудал. Нэгдүгээрт, эдийн засгаа яаж тэлэх, түүхий эдийн үнэ ханшийн хамаарлаас эдийн засгаа хэрхэн хурдан гаргах вэ, сэргээгддэггүй баялаг гэхээс илүү аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн дэлхийн зах зээлийн жишигт нийцүүлэх малын чанар ашиг шимийг бий болгох вэ гэдэгт илүү чиглэсэн бодлогыг баримтлах хэрэгтэй.

 

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.143.58)

    2019-08-16

    ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ГЭДЭГ ХӨГШИН МОРИНЫ НАЙМАА ШИГ БОЛГОЖ БАЙГААГ ГУТАЖ БАЙНА. ЗҮГЭЭР Л ОРХИ