П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна
- 2019-08-20
- Үнэн
- 0
Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал анх удаа манай улсад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд болж буй бөгөөд Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.
Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан-Ки Мүүн уулзалтыг нээж үг хэлэв. Тэрбээр “Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан, Азийн түншүүдтэй харилцаагаа бэхжүүлж буйг тэмдэглэх нь зүйтэй. Монгол, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн бусад орны хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрч байна. Байгалийн нөөцийн боловсруулалт, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа нь эдгээр улсад үр өгөөжөө өгч, Азийн эдийн засагт эерэг түлхэц үзүүлэв. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь оролцогч орнуудын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж, бүс нутгийн нийтлэг хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэгч форумын хувьд Азийн төлөөх Боао форум нь Монгол Улсын хийж бүтээсэн зүйлд нь талархал илэрхийлж, Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна. Сорилт бэрхшээл, боломжоор дүүрэн дэлхийд Азийн төлөөх Боаогийн форум нь Азийн улс орнуудыг, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүрдүүлэхэд идэвхтэйгээр хувь нэмэр оруулахыг уриалж байна.” гэлээ.
Энэхүү хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү илтгэл тавьж, нийгэм-эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүд болон хамтран ажиллах боломжуудаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” компани өөрийн охин болон хараат 15 компанийн 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж, алт, зэс, мөнгө, нүүрс уран, газрын тос, байгалийн хий зэрэг эрдсийн төрөлжүүлэлтээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж эхлээд байна” гэв.
“Эрдэнэс Монгол” ХХК БНХАУ-ын Стэйт Грийд корпорацитай хамтран Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлж буй. Энэ нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төсөл юм. Мөн охин компани болох “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан нэмүү өртөг шингээх Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих төсөл болон алт, мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа. Хайгуулаас эхлээд цэвэршүүлэх хүртэлх бүх шатанд хамтран ажиллах боломжтой гэдгийг тодотгов. Илтгэлийн төгсгөлд хөрөнгө оруулагчдад хандан “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллах боломж болон бизнесийн шинэ харилцааг эрэлхийлж буйг онцоллоо.
Азийн төлөөх Улаанбаатарын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож үг хэлэв. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж байна.
Сэтгэгдэл (0)