Үргэжилсэн их борооны улмаас ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй
- 2019-08-20
- Байгаль орчин
- 0
2019 онд улсын хэмжээнд 361.0 мянган га-д үр тариа, үүнээс 337.0 мянган га-д улаанбуудай, 14.6 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82.0 мянган га-д тосны, 36.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 502.0 мянган га-д тариалалт хийсэн байна.
Энэ оны 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөрөг нөлөөлөлтэй байсан.
Мөн 6 дугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног үргэлжилсэн нарны хэт халалттай байж, зуны бороо 6 дугаар сарын 25-ны өдрөөс, зарим бүс нутагт 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн орсон нь буудайн өсөлт хөгжилтөд нөлөөлж, бутлалт буурах, товчин түрүү үүсэх хүчин зүйл болоод байна.
Энэ зуны хувьд үе үе орсон гэнэтийн хүчтэй мөндрийн уршгаар Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2,500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болсон ба 7 дугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэжилсэн их борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж байгаа нь ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байгаа юм.
Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац олон жилийн дундаж буюу хэвийн байхаар байна.
Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн зарим сумдад тохиолдсон нарны хэт халалт, гангийн улмаас тухайн бүс нутгуудад ургац бага зэрэг буурах төлөвтэй байна.
Ойрын хугацаанд, 8 дугаар сарын 25-ны өдөрт багтаан ургацын урьдчилсан балансыг нарийвчлан гаргаж, үр дүнд суурилан холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн байна
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан сүүлийн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн, харин 5 орчим хувьд муу, 25 гаруй хувьд дунд зэрэг байна.
8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Архангай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт зуншлага сайн, гантай сум байхгүй байна.
Харин Дархан-Уул аймгийн Шарын гол, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг, Баян-Өндөр сумын говь хэсгээр гандуу, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын урд хэсэг, Баянгол, Сант, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Нарийн тээл, Баян-Өлгий аймгийн Булган сум, Дэлүүн сумын 4 багийн нутаг, Өмнөговь аймгийн Ханбогд, Мандал-Овоо, Манлай, Баян-Овоо сумын урд тал, Номгон сумын урд говь, Гурвантэсийн баруун хэсэг, Говь-Алтай аймгийн Шарга, Тонхил, Төгрөг сумдын нутгаар гантай байна.
Гангийн уршгийн улмаас Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Өндөршил, Баянжаргалан, Хулд, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Гурвансайхан, Өлзийт сумдын малчид бусад аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийж байна.
Иймд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт отор, нүүдэл хийх зам, маршрутыг төлөвлөх, отроор явах малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах ажлыг оновчтой зохион байгуулах талаар чиглэл, зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.
Одоогийн байдлаар аймаг дундын отрын 9 бүс нутгаас Завхан аймгийн Багахайрхан, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсан, Говьсүмбэр аймгийн Малахын гэсэн 6 отрын бүс нутгийг малын хөлөөс бүрэн чөлөөлсөн. Харин Өвөрхангай аймгийн Хөхдэл, Булган, Төв, Өвөрхангай аймгуудын заагт орших Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан гэсэн отрын 3 бүс нутгийг малын хөлөөс бүрэн чөлөөлөөгүй байгаа бөгөөд тэнд 92 малчин өрх байсаар байна. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших гэрчилгээг олгохгүй ба мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдаагүй малыг аймаг дундын отрын бүс нутагт оруулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Сүүлийн 3 жилийн дунджаар Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын 9 бүс нутагт жилдээ хонин толгойд шилжүүлснээр 600-700 мянган толгой мал өвөлжсөн. Энэ оноос эхлэн өвөл, хаврын бэлчээрийн даацыг нэгдсэн аргачлалаар тооцох боломжийг бүрдүүлж, Үндэсний статистикийн хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарч “Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал”-ыг баталж, мөрдөхөөр болсон. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 2019-2020 онд өвөлжүүлэх малын тоог бэлчээрийн даац багтаамжтай уялдуулан шинэ аргачлалын дагуу тодорхойлох ажлыг энэ 8 дугаар сардаа багтаан дуусгана.
Отрын бүс нутгийн бэлчээрийн төлөв байдал доройтож байгаа тул тодорхой хугацаанд өнжөөх замаар сэргээх шаардлагыг харгалзан отрын бүс нутгийн зэргэлдээ аймаг, сумдаас бэлчээрийн даацаас хэтэрсэн малын санал ирүүлэхгүй байхыг анхааруулж байна. Аймаг дундын отрын бүс нутагт 2019-2020 оны өвөл малчин өрхөө өвөлжүүлэх аймаг, сумдад Отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас тодорхой зөвлөмж, чиглэлийг хүргүүлэх болно.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад хадлан, тэжээлийн асуудал хамгийн чухал ч олон аймаг, сум үргэлжилсэн бороотой, зарим нутагт ургамал хадлан авах хэмжээнд хангалттай ургаагүйн улмаас энэ жилийн хадлан бэлтгэх ажил хойшлогдон, 8 дугаар сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна.
21 аймгаас авсан мэдээллээс дүгнэн үзэхэд хадлангийн нөөц багатай болон говийн бүсийн аймгууд бусад боломжит аймгуудтай гэрээ байгуулж, хадлан бэлтгүүлэх ажлыг зохион байгуулах, хадлангийн талбайг оновчтой хуваарилах, хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэх ажлыг бүх талаар дэмжих шаардлагатай байна. Мөн зарим хадлангийн бүс нутгийн аймгуудад техник, хэрэгслийн бэлэн байдал хангалтгүй байгаа тул бэлэн байдлыг хангуулах чиглэлээр үүрэг, даалгавар өгөөд байна.
“Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан 2019-2020 онд өвөлжих болон хүнсэнд хэрэглэх, зах зээлд нийлүүлэх малын тоог гаргах, орон нутагт мал, мах бэлтгэх ажлыг зохион байгуулах, борлуулах тухай мэдээллийг аймгуудаас авч нэгтгэж байна. Дүнг 8 дугаар сарын сүүлчээр гаргаснаар энэ жилийн намар, өвлийн мал, мах бэлтгэх ажлын хэрэгжилтийг оновчтой зохион байгуулах чиглэл, тоо хэмжээг тодорхой болгоно.
Сэтгэгдэл (0)