Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км замын хөдөлгөөнийг нээлээ

Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх ёслолд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан оролцлоо. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдсэн байна.

 Монггол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан. Энэхүү чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн төвийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам”-ыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэний үндсэн дээр ийнхүү гэрээт хугацаандаа ашиглалтад оруулсан байна.

Дээрх авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломжтой болж, эрүүл мэнд, боловсрол болон бусад нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, цаг алдалгүй хүртэх боломж бүрдэх юм. Түүнчлэн тээвэр ашиглалтын зардал багасаж зорчигч, ачаа тээвэрлэлтийн хугацаа богиносох зэргээр бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн ЗТХ-ийн сайд хэлж байлаа.

Дээрх чиглэлийн авто замын барилгын ажилд 400 гаруй хүн хүч, 200 гаруй машин, техник ажиллаж байгаа ба авто замын трасс дагуу даваа, хад чулуу ихтэй ч одоогоор 40 гаруй километрт асфальтан хучилт хийхэд бэлэн болгожээ.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)