Монгол Улсын баатар лхагвасүрэнгийн хүү Лхагваа: Ахмад дайчид “Жанжин Лхагвасүрэнд баатрыг нь өгчихгүй юм байх даа” гэдэг байсан

ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хамт. 1969 он.

“Залуу жанжин” хэмээн олноо өргөмжлөгдсөн Монгол Улсын баатар Жамъянгийн Лхагвасүрэнгийн том хүү ШУТИС-ийн харъяа Механик инженерийн сургуулийн Аэрогидромеханикийн багийн профессор, доктор Л.Лхагваатай ярилцлаа.

-Халхголын ялалтын түүхт 80 жилийн ойн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд баатар аавынхаа талаар үр хүүхдүүд нь хэрхэн дурсдаг юм бол. Монголын түүхэнд 27-хон насандаа арми командалж, хоёр дайнд оролцож явсан бахархам түүхийн удам болсон хүн шүү дээ, та?

-Аав 1912 онд төрсөн хүн. Ихрийн өрөөсөн. Аавыг найман нас хүрэх үед Жамъян өвөө ихэр хүүхдүүдээ нэгийг лам болгоно, нөгөөг нь хар болгоно гэсэн байгаа юм. Тэгж л авга ах Зундуйг лам болгож, аавыг сургуульд өгсөн. Аав сургуульд сураад аймагт Тамгын бичээчээр хүртэл ажиллаж байсан хүн. Тэр үед боловсролтой хүн бараг байсангүй. 19 настай байхдаа сайн дураар цэрэгт явах гэж насаа нэмээд 20-той гэж мэдүүлээд Монгол ардын хувьсгалт цэргийн Тамсагбулаг дахь 15 дугаар морьт дивизэд хуваарилагдсан байдаг. Цэрэгт оччихоод эхний үед өөрийгөө бичиг үсэгтэй гэдгээ нуусан. Цэргийн амьдралд оруулахгүйгээр штабын бичиг хэргийн ажилд хуваарилчихна гэж эмээсэн хэрэг. Яваандаа баригдсан. Гурван жилийн дотор бага дарга болж ангийн штабад эх зохиогчийн алба хааж байхдаа офицерын бүрэлдэхүүнд Зөвлөлтийн Цэрэг улс төрийн академийн дэргэдэх улс төрийн ажилтнуудын хоёр жилийн курст суралцахаар Москвад очсон. Хоёр жил суралцаад төгсч ирэхэд нь маршал Чойбалсан аавыг армийн улс төрийн газрын орлогчоор томилсон. Тэр үед хил дээр будилаан гарч, Халхголын дайн эхэлж байсан үе. Явцын дунд аавыг маршал Чойбалсангийн тушаалаар ЗХУ-ын маршал Жуковын орлогчоор томилсон гэж байгаа. Халхголд баатар болсон хүмүүс бүгд мэднэ. Ойдов, Дандар, Нянтайсүрэн нарыг амьд ахуйд нь Халхголын байлдааны тухай хүмүүс асуухаар “Би мэдэхгүй. Би байлдаж байсан хэсгээ л мэднэ. Анги, дивизээ л мэднэ. Үүнийг мэддэг хүн нь Лхагвасүрэн” гэдэг гэж байсан. Би тэднийг хэлж байхыг нь сонссон амьд гэрч нь байна.

-Ж.Лхагвасүрэн генерал дараа нь чөлөөлөх дайнд армиа удирдаж оролцсон шүү дээ. Энэ тухай юу гэж дурсдаг байв?

-Бас л фронт дээр армиа командалж, Зөвлөлтийн цэрэгтэй хооронд нь зохицуулалт хийгээд явж байсан. Чөлөөлөх дайн дууссаны дараа дайнд оролцсон хүмүүсийг, ялангуяа генералуудыг бүгдийг нь дээд боловсролтой болгоё гэж дээрээс шийдвэрлээд ЗХУ руу Ерөнхий цэргийн академид сургахаар явуулчихсан. 1951 онд тэднээс хоёр хүн онц төгсч ирсэн. Нэг нь аав, нөгөө нь Халхголд дивизийн дарга байсан хурандаа Дорж. Тэднийг төгсч ирэхэд маршал Чойбалсан нас барж, Юмжаагийн Цэдэнбал төр удирдаж байсан. 1949 онд Мао Зэдун ялж БНХАУ байгуулагдаж эхэлсэн. “Монгол Улс хоёр том гүрний дунд байна. Арми хэрэггүй” гээд армиа татан буулгасан байдаг. Түүнийг зохион байгуулах ажлыг аавд даалгасан юм билээ. Аав тэр үед Жанжин штабын дарга байсан.

-Тэгээд удалгүй Монгол Улс армиа буцааж байгуулах хэрэг гарсан гэл үү. Бүхэл бүтэн улсын армийг дахин босгох нүсэр их ажлыг гардан хийж байх үеийг нь та санадаг уу?

-1959 он гэхэд Хрущёв, Мао Зэдун хоёр муудалцаж, манай Монголд эргээд арми хэрэгтэй болсон. 1959 онд дахиад армиа байгуулахад аав бас л удирдсан. Ингээд 1959-1969 онд 10 жил Батлан хамгаалах сайд хийсэн хүн дээ, аав минь. Яг тэр үед Квантуны армийг ялаад Хятадад байлдаж явсан фронтын найз маршал Малиновский ЗХУ-ын Батлан хамгаалах сайд болсон байгаа юм. Фронтын хоёр найз хоёр улсын Батлан хамгаалахын хамтын ажиллагааг өрнүүлж 1959 он гэхэд манайх орчин үеийн арми болох эхлэл тавигдсан. Арми татан буулгасны дараа боловсон хүчнийг буцааж бэлдэхээс эхлээд хугацаа хэрэгтэй биз. Жишээ нь, цэргийн ансамбль байна. Арми буухад цэргийн ансамблийн уран бүтээлчид аймгийн сайн дурын уран сайханчидтай адилхан болчихсон байсан үе. Тэр үед Хаянхярваа нарыг аав академид явуулж, таван жил сургахаар болсон. Тэд төгсч ирээд ажлаа эмхэлж жинхэнэ цэргийн ансамбаль болгоход хугацаа орно. Гэтэл одоо Лхагвасүрэнгийн үед цэргийн ансамбль гэж юу байсан юм гэж ярих хүмүүс бий. Аав бас 1956 онд Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хорооны даргаар томилогдсон хүн. Гуравхан жил тэнд ажиллахдаа Улаанбаатарт спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнг санаачлан бариулсан юм шүү дээ. Тэр том ажлыг орлогч жанжин гэдэг нэр хүндээрээ бүтээж явсан.

-Аав тань өөрөө хэр спортлог хүн байв?

-Бөх барилддаг байсан. Сүүлдээ зодог шуудгаа жолоочдоо бэлэглэчихсэн.

-ЗХУ-ын маршал Жуковтой тун ойр явсан цөөн хүний нэг. Та тэр хоёр хүний нөхөрлөлийн талаар дурсахгүй юу?

-ЗХУ Олон улсын залуучууд, оюутны фестиваль хийдэг байсан юм. Нэгдүгээр фестивалийг дайны дараа Прагад хийсэн. “Алтан Праг” гэдэг дуу хүртэл байдаг. Зургадугаар фестивалийг Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор Хрущёв Москвад зохион байгуулсан. Түүнд Монголын талаас хүмүүс оролцох болж, тэднийг даргалж аавыг явахыг үүрэг болгосон байдаг. Тэр үед бол маршал Жуковтой 1939 онд хамт байлдаж явснаас хойш дахиж уулзаагүй байсан. Дайны дараа ЗХУ-д Академид суралцаж байхдаа ч уулзаагүй. Би энэ тухай нэг удаа асуусан юм. “Та яагаад маршал Жуковтой уулздаггүй юм бэ” гэж. Аав “Муухай шүү дээ. Надад эвгүй, түүнд ч эвгүй. Академийн багш нарт ч эвгүй” гэж байсан.

-Ямар учиртайг тайлбарласан уу?

-Аав Академийн сонсогч явсан хүн. Тэр үед Жуков Батлан хамгаалахын сайд байсан. Тийм болохоор л эмээсэн хэрэг. Гэтэл 1957 онд Монголын төлөөлөгчид Оросод ирлээ. Даргалж байгаа хүн нь Лхагвасүрэн гээд сонин хэвлэл дээр мэдээлэл гарсныг Жуков олж уншчихаад аавын байрлаж байсан зочид буудалд нь хүрээд ирсэн гэдэг. Хоёулаа уулзаж, гэрт очиж дайлуулсан байгаа юм. Түүнээс хойш аав Батлан хамгаалахын сайд байхдаа ЗХУ-д очих бүрт Жуковтой уулздаг болсон. Хамгийн сүүлд 1969 онд ЗХУ-д очиход Жуков нас өндөр гарч, хүнд өвчтэй байсан. Эмч нар Жуковыг аавтай уулзахыг хорьж чадаагүй. Тэгээд хэдхэн минут уулзах зөвшөөрөл өгөхөд тэр хоёрын уулзалт бүтэн цаг болсон гэдэг. Уулзалтын төгсгөлд нь Жуков өөрийн номоо аавд бэлэглэсэн байдаг.

Халхголд байлдаж байгаад маршал болсон Зөвлөлтийн гурван хүн байдаг. Тэд бол Жуков, Конев, Рокоссовский гурав. Халхголд баатар болсон тэр гурвыг улаан армийнхан“Монголууд” гэж нэрлэдэг байсан. Тэгээд Берлинийг гурван монгол авсан гэдэг. Халхголд баатар болсон тэр гурван генерал Берлинийг гурван талаас нь эзэлж байсан юм шүү дээ.

-Халхголын ялалтын 30 жилийн ойн жил, үндэсний баяр наадмын өмнөхөн цэргийн парадын бэлтгэл ид хийж байх үед Лхагвасүрэн баатрыг Намын төв хорооноос дуудсанаар Батлан хамгаалахын сайдын албаа өгсөн байдаг. Тэр чухам ямар хурал болж, юу яригдсанаар аав тань ажлаа өгөх болсон юм бэ?

-Тэр бол 1969 оны долдугаар сарын 3-ны өдөр байсан. Өглөө нь аав Халхголд байлдаж яваад баатар болсон Зөвлөлтийн 12 офицерийг угтаж аваад орой нь зоог барихаар төлөвлөөд байсан. Өдөр нь Намын төв хороо дуудсан. Тэгээд ажлаа өгсөн.

-Хурлаар чухам юу яригдсан байдаг юм бол?

-Тэр тухай надад яриагүй. Одоо материалуудаас олж үзэж болох байх. Бичлэг ч бий. МАХН-ын архивт ч бий байх. Гэнэт дуудаад л, аав очоод Батлан хамгаалахын сайдаа больё гэсэн юм шиг байгаа юм. Гурван өргөдөл бичсэн. Эхлээд нэг удаа “Би больё” гээд бичээд өгөхөөр хүлээж аваагүй. Дахиад бичсэн. Гурав дахь дээр нь хүлээж авсан гэж ярьдаг.

-Аавд тань Монгол Улсын баатар цолыг 1989 онд нэхэн олгосон. Үүнээс хойш Монгол Улсын баатар цолыг нэхэн олгохыг хуулиар хориглосон байдаг. Нэг талаар энэ бол маш сайхан хэрэг. Нөгөө талаар баатрыг амьд ахуй цагт нь олгох ёстой байсан гэж дайны үеийн партизан, түүхч, судлаачид хэлдэг?

-XX зууны манлай цэргийн гавьяат зүтгэлтэн хэн бэ гэсэн ард түмний санал асуулгаар Хатанбаатар Магсаржаваас эхлээд Сүхбаатар жанжин, маршал Чойбалсан нар бүгдээрээ байсан. Тэр дундаас аав тасархай гарч ирсэн шүү дээ. Учир мэдэх хүмүүсээс асуухад “Бид нар хүлээчихсэн байсан” гэж байсан. Тэр үед чинь би залуу байсан. Дайнд оролцож явсан ахмадууд, партизануудыг бүгдийг нь мэднэ. Амьд ахуйд нь уулзаж байсан. Тэр үед тэд ч бас ингэж хэлдэг байсан. “Энэ жилийн Халхголын ойгоор жанжин Лхагвасүрэнд баатрыг нь өгчихгүй юм байх даа” гэж. Надад биш, хоорондоо ярьдаг байсан шүү. “Баатар өгчихгүй юм байх даа биш, баатрыг нь өгчихгүй юм байх даа” гэж байсан. Тэгэхээр аавыг аль эрт нөхөд нь баатар болгочихсон байгаа биз. Бас нэг сонин зүйл. Тэр үед хөдөө айлд яваад очихоор маршал Чойбалсангийн зураг, аавын зураг хоёрыг зургийнхаа жаазанд хийчихсэн байдаг байв. Ард түмэн тэгж л шүтэж байсан юм.

-Залуу жанжин хоёр дайнд оролцсон хүн. Дайны үеийн байдлыг та бүхэнд хэрхэн дурсдаг байсан бол?

-1945 оны чөлөөлөх дайны үеэр авсан шархныхаа талаар ярьдаг байсан. Задгай машинд суугаад явж байхад нь урд дугуйных нь дор мини дэлбэрч, шидэгдэхдээ баруун хавирга нь зөрчихсөн. Харин 1939 оны дайны тухай ярьдаг зүйл гэвэл дайн дууссан хойно нас барсан хүнийг манай, танайхаар нь ялгаж оршуулдаг. Тэр олон хүний дотор хамгийн сайн байлдагч, дарга нар нь байдаг. Тэр л их хүнд байсан гэдэг.

-Халхголын байлдааны талаар олон нийт янз бүрийн ойлголттой явдаг. Та энэ талаар ярих дургүй гэлээ. Яагаад ингэх болов?

-Японууд Монголыг эзлээд дэлхийн II дайн болоход Урал хүртэл эзэлнэ гэж түшиц газар бэлдэж байсан гэж би ойлгодог юм. Гэтэл япон, орос, монголчууд шал зөрүүтэй юм гаргаж ирж хоорондоо маргалддаг. Япончууд бол Монголын морин цэргүүд хил зөрчсөөр байгаад дайн болсон гэж байх жишээтэй.

-Та яриандаа Халхголын баатрууд дайны талаар гэхээс илүү өөрсдийн байлдаж явсан застав, дивизийн тухай мэддэг. Дайны тухай хамгийн сайн мэдэх хүн бол Лхагвасүрэн гэж онцолдог байсан гэлээ. Армийг удирдана гэдэг дайсантай нүүр тулахаас дутахгүй хүнд нөхцөл байсан болов уудаа?

-Тэгж л бодоод хүмүүс “Хэзээ баатрыг нь өгөх юм бэ” хэлж байсан байна шүү дээ. Аавын командад байлдаж явсан хүмүүсийг би сайн мэднэ. Би хүүхэд байхад тэр баатрууд аавынд их ирнэ. Гэхдээ тэдэн дунд янз бүрийн зан ааштай хүмүүс ирнэ. Жишээ нь, 1945 онд баатар болсон Данзанваанчиг гуай манайд тэр бүр ирэхгүй. Харин Ойдов гуай бол байнга ирнэ.

-Аавын тань хашиж байсан Монгол ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын даргын албан тушаалд өмнө нь байсан Лувсандоной гэж мундаг удирдагч хэлмэгдэж амь үрэгдсэн. Энэ хүний тухай аав тань дурсдаг байв уу?

-Лувсандоной гэдэг хүний тухай мэдэхгүй юм. Аавын 60 насных нь ой болоход хүмүүс ирж байв. Тэдэн дотор таних ч хүн байна, танихгүй ч хүн байна. Тэдний нэг монгол дээлтэй нэгэн ирээд аавд “1939 онд дайн дажин болоогүй бол чи ч гэсэн шоронд орох байсан шүү дээ” гэж хэлж байсан удаатай.

-Ээжийг тань энэ үед дурсахгүй өнгөрч болохгүй. Богд хаан Жавзундамбын төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын охин гэгддэг шүү дээ. Энэ хоёр том хүний үр хүүхэд хэдүүлээ вэ?

-Эмээ ээжийг Богд хаанд мөргүүлнэ гээд Дундговиос хоёр гурван настайд нь авч ирсэн байгаа юм. Богд хаан дараа нь ээжийг эмээгээс аваад дүү Чойжин ламд өгсөн гэдэг. Уг нь төрсөн аав нь Галсанжав, ээж нь Цэнд гэж хүн байсан. Тэгж л ээж Чойжин ламын сүм дотор өссөн юм билээ. Бид бол аав ээжээс гурвуулаа. Хоёр дүү бий, би хамгийн том нь. Дүү Лхагвадулам сэтгүүлч хүн. Аавын тухай энэ бүх юмыг бичдэг хүн бол тэр. Лхагважав бол эдийн засгийн мэргэжилтэй хүн л дээ. Сурвалжлагч, сонин сэтгүүлийнхэн том хүү нь гээд над дээр голдуу ирдэг.

Б.ЭНХЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Болд (127.0.0.1)

    2024-04-26

    Жинхэнэ баатар бол лувсандоной байсан хэлмэгдсэн байх жишээтэй

  • Zochin (74.96.170.8)

    2019-11-28

    Gaihaltai goyo yarilclaga boljee. Gehdee Rokossovsky generaliig Halhgold baildaj baisan gej uvoo tashaarsan yum shig baina.