“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” сэдвээр олон улсын сургалтыг 2019 оны 8-р сарын 27, 29-нд зохион байгуулна.  Сургалтын зохион байгуулах талууд өнөөдөр /2019.08.20/ уулзаж санал солилцов. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаны төлөөлөл оролцов.

НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ДСБББ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийнхээ хүрээнд Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, эксперт Соха Аталла болон Ерөнхий нарийн бичгийн дарга, эксперт Йоханес Берхмаер нарыг Монголд ажиллуулж хүнсний аюулгүй байдлын хүрээнд сав баглаа боодлыг олон улсын стандарт, шаардлагын дагуу хэрхэн үйлдвэрлэх, хэрэглэх талаар болон сав баглаа, боодол нь өөрөө брендинг, маркетингийн хэрэгсэл болох тухай нийт 6 Модуль сургалт хийх юм. Сургалтад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд болон Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм.

Сургалтыг 2 хэсэгтэйгээр буюу 8-р сарын 27-нд Монголын Бяслаг урлаачдын холбооны гишүүн үйлдвэрлэгчдэд Фромажери кафед, харин 8-р сарын 29-нд мах, сүү болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчдэд зориулан сургалтыг ХХААХҮЯ-д зохион байгуулна. 

Мэргэжилтнүүд 2019 оны 8-р сарын 20-31-нд Монголд ажиллах үеэрээ ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод, мах, сүү, бяслаг үйлдвэрлэгчид болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Мөн малчин айлд очиж Монголын уламжлалт сав баглаа, боодлын хэрэглээтэй танилцана. 

Монгол улсад сав баглаа боодлын үйлдвэрлэл хэрхэн хөгжиж буй талаар болон “уламжлалт сав баглаа боодлын онцлог” сэдвээр тус яамны хөнгөн үйлдвэрийн сав баглаа боодол хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа илтгэл  тавьж хэлэлцүүлнэ. Түүнчлэн энэ үеэр МСББҮНХ-ны хүсэлтээр ДСБББ-д албан ёсны гишүүнээр элсэх талаар хэлэлцэх юм. 

ДСБББ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Соха Аталла нь Араб, Азийн орнуудад  аж үйлдвэрийн хөгжил, сав баглаа, боодол, маркетинг, хүнсний аюулгүй байдлын асуудлаар 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр Харвардын Бизнесийн Сургуульд Стратегийн маркетингийн удирдлага сэдвээр мэргэшсэн. 

ДСБББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Йоханес Берхмаер нь “Сав баглаа, боодол болон хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн нийлүүлэлтэд тавигдах чанарын хяналт” сэдвээр Австри улсын Венийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. PACK EXPERTS нэртэй сав баглаа, боодлын зөвлөх компанийг үндэслэгч, Австрийн Стандартчлалын Хороонд сав баглаа, боодол хариуцсан аудитор, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, сав баглаа, боодлын технологийн асуудлаар мэргэшсэн.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)