Амьд хүн гэж хэнийг хэлэх вэ
- 2019-08-21
- Өөр өнцөг
- 0
Яг одоо таны амьсгалж буй агаараар амьсгалж, ундаалж буй усаар ундаалж, алхаж буй газар дээр орших олон зуун сая хүн тантай зэрэг амьдарч байна. Тэд бүгд амьд. Та ч мөн адил. Гэхдээ тэд бүгдээрээ өөрийгөө амьдарч байна гэдгээ мэддэг болов уу...? Аль эсвэл оршихуйнхэзээ ч нэг зорилгод үл зангидагдах хууль шиг нэг талаараа амьд нөгөө талаар үхсэн мэт болов уу? Хариулт өгөх гэж оролдъё. Нэг ёсондоо бүгд оршин байна. Өөрөөр хэлбэл амьд. Гэхдээ юуны төлөө, яах гэж, эцсийн зорилгоо, утга учраа ойлгож ухамсарласан хүн хэд байгаа бол. Харамсалтай нь бүгд тийм биш. Би хэзээ аз жаргалтай байдаг, би ямар үед баярладаг, юу миний сэтгэлийг хөдөлгөдөг эсэхээ ч тодорхой хэлж мэддэггүй. Хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ баярласнаа ч тодорхой санаж тэр бүр анзаараад байдаггүй хүмүүс олон гэхэд хилсдэхгүй. Ялангуяа Монгол хүмүүс...
Сэтгэл судлаач А.Бандура үзэхдээ "Хүн гэдэг амьтан өөрөө нийгмээсээ суралцаж, оршин буй нийгмээ танин мэддэг. Тухайн нийгэм нь хөгжил дэвшил рүү урагшлахад түүнийг бүрдүүлэгч эд, эс болсон хүн хамтдаа урагшилна гэсэн үг. Харин тэрхүү урагшилт, дэвшилттэй хамт өөрийгөө үнэлж, амьдралын үр дүнгээ өндрөөр авч явдаг хүмүүс ямар ч тохиолдолд өөрийгөө аваад явах чадвартай, өөрийн хүчинд итгэлтэй, үргэлж амжилтад тэмүүлж байдаг” бөгөөд эсрэгээрээ сул дорой байж өөрийгөө илэрхийлэх, янз бүрийн нөхцөл байдалд өөрсдийн чадваргүйгээ мэдэрч өөрсдийгөө хүчгүй сул дорой хэмээн өөрсдөдөө итгүүлэн байх хэсэг нь амьд мөртлөө үхсэнээс ялгаагүй амьдарч байгаа хүмүүс юм. Бид бүхний дунд одоо ч гэсэн нэр алдар, үйл хэрэг нь дурсагдсаар байгаа олон хүнийг бид дурсаж, санаж байдаг. Тэгэхээр амьд хүн байна гэдэг өөрөө амьсгалж, анхдагч хэрэгцээгээ хангах төдийхөн бус харин өөрийн дотоод нөөц бололцоо, хүч чадлыг ашиглан өөрийн зам мөрөө гэрэлтүүлэн урагшилж буй хүнийг хэлдэг аж.
Дэлхийн уран зохиолын ноён оргил У.Шекспирийн "Гамлет” жүжгийн төгсгөлийн хэсэг дээр "Хүн гэж хэн юм бэ? Ирээдүйн төлөө яарч өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэр өнөөдөр, маргааш хоёрын алинд нь амьдарч чаддаггүй. Тэгээд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг юм байна” гэсэн нь амьд хэрнээ үхсэн хүн шиг байх бус харин үхсэн мөртлөө амьд хүн шиг амьдрах, оршсоор байх хэрэгтэйг сануулсан хэрэг.
Амьд хүн гэдэг өөрөө өөртөө оюун дүгнэлт хийж, өөрөө өөрийгөө хайрлаж, талархаж, өөрийн дотоод ертөнцөө сонсож чаддаг хүнийг хэлдэг бөгөөд та нэг эргэцүүлж бодоод үзээрэй. Хэрэв тийм биш байвал нь таныг амьд биш гэсэн үг огтоос биш. Харин танд өөрт байгаа боломж бүхнээ л олж харах хэрэгтэйг сануулсан хэрэг. Та энэ дэлхий дээр цорын ганц, давтагдашгүй бүтээл. Энэхүү бүтээлийг хэрхэн хайрлаж, гоё сайхнаар авч явах нь таны ухамсраас шалтгаална.
Өөрөө өөрийнхөө дотоод ертөнцөд нээлт хийх их аялалд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл (0)