Халхын гол - Бидний сайн мэддэггүй дайн
- 2019-08-22
- Өөр өнцөг
- 0
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1966 оны 12-р сарын 29-ны тогтоолоор Халхын голын дайнд оролцсон хүмүүст олгосон онцгой энэ тэмдгэнд медалийн зэрэг олгож туузыг баталсан байна.
1939 оны 5-р сарын 11-нд Японы эзэн хааны явган цэргийн 23-р армийн ангиуд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт Халхын голын сав орчмоор дайран орж ирж нутгийн гүн үрүү довтолж эхэлсэн юм. Монголын хилийн энэ хэсэгт харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Монголын ардын армийн нэг морьт хороо л сөрөн зогсож байжээ.
Түүхэн лавлах: ЗХУ-БНМАУ-ын засгийн газрууд хоорондын 1936 оны 3-р сарын 12-ны “Харилцан туслалцах гэрээ”-ний дагуу Зөвлөлт Холбоот Улс нь Бүгд Найрамдах Монгол Улсын газар нутгийг гадаадын цэргийн түрэмгийллээс өөрийн газар нутаг мэт хамгаалж байх үүргийг хүлээсэн байсан юм.
Энэ зорилгоор Монгол улсад Зөвлөлтийн армийн 57-р онцгой корпус (12,5 мянган хүн, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоц) байрлаж байжээ. Халхын голын мөргөлдөөн эхлэх үед Монголд 100-р нисэх бригад (70 нисэх сөнөөх онгоц, 150 онгоц) удалгүй Байгалийн цаадах цэргийн тойргоос 23-р нисэх бригад (38/22) –ыг шилжүүлэн байрлуулсан байна.
http://mn.wikipedia.org/wiki/ Халхын_голын_байлдаан
Японы арми цөмрөн орж ирэх үед Халхын гол орчимд зөвлөлтийн цэрэг арми байгаагүй учир тийш нь яаралтай явган цэргийн батальон, сапёрын нэг рот мөн хэдэн их бууны батарейг машинаар хүргэж Номун хаан, Бүрд овоо, Буйр нуур ба Халхын гол орчмын толгодууд дунд байрлуулж дайсны эхний довтолгооныг тогтоон барьж байсан байна.
1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд энд японы нисэх онгоцууд давамгайлж байжээ. 8-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайснаа сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ.
Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна.
1939 оны 5-р сарын 22. Дөнгөж саяхан Белоруссын цэргийн тойргийн хээрийн сургуулилалт амжилттай дуусаад байлаа. Энэ ажиллагааг удирдаж байсан девиз командлагч Г. К Жуков Москвад яаралтай ирж Ардын комиссар Ворошилов дээр ирэх даалгаварыг гэнэтхэн авсан байна. Ингэж яаралтай дуусаж байгаа шалтгааныг тэр цахилгаан нууц шууданд бичээгүй байв.
Түүхийн ухааны доктор В. Н. Вартанов:
Жуков дайран өнгөрч байсан эхний галт тэргэнд суугаад бүх шөнөжингөө унталгүй явсаар өглөөгүүр гэхэд Ворошиловын албан өрөөнд ирсэн байсан. Ардын комиссар түүнд шууд л “Япончууд Бүгд Найрамдах Монгол ард улс уруу цөмөрч дайран оржээ.
Одоо тэнд хүнд хэцүү тулаан, байлдаанууд явж байна. Тэнд бүрэлдсэн нөхцөл байдлыг бид сайн мэдэхгүй байна. Монгол дахь 57 корпусын командлагч Фекленкод яаралтай тусламж хэрэгтэй байна.
Та одоо шууд эндээсээ Монгол уруу нисэх шаардлагатай байна. Тэндхийн нөхцөл байдлыг судалж шаардлагатай бол фронтын бүх удирдлагыг гартаа авах шаардлагатай байна” гэсэн даалгавар өгсөн байна.
1938 онд Японд социалист блокын орнуудын гол түшиг ЗХУ-ын эсрэг “Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан байжээ. Энэ үед Япон Манжуурыг эзлэн авсан байсан ба Японы эзэн хааны 1,3 сая хүний бие бүрэлдэхүүнтэй Квантуны арми Монгол улс, ЗХУ-ын хилийн зүүн хязгаарт яг хажууд ирж байрласан байсан юм.
Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад Байгаль нуур орчмоор ЗХУ уруу дайрах зорилго байв.
Энэ бол Европын фашист Герман, Итали удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, фашистуудын дорно зүгийн холбоотон байсан Японы армийн зүүн талд дэгдээх дайны бэлтгэл үе нь байлаа.
Энэ үед мөн Хятадын зүүн, зүүн хойд хэсгийг эзлэн авсан Японы эзэн хааны арми эзлэгдсэн газруудын хүмүүст аймшигтай харгис, хэрцгий хүнлэг бус хандаж байсан (Нарны цаадах хүн, Хүчиндүүлсэн хот, Үхлийн конвейр: 731-р анги )гэх мэт баримтат кинонуудыг үзээрэй) ба Чан Кай Ши -н армитай, хятадын коммунистуудтай газар сайгүй тулалдаж байсан юм.
Энэ үед Японы цэргийн эрх баригчид ЗХУ-тай шууд дайн хийх чадваргүй байгаагаа ойлгож байжээ. Гэвч Квантуны армийн генералууд ирээдүйн дэлхийн дайнд бэлтгэж Монгол уруу цөмрөн орохдоо дотроос нь том лам нараар нь удирдуулсан зэвсэгт бослого /хилийн цаадах Банчин богдын тусламжтай Тариатын хүрээний лам нарын бослого гэх мэт/ гаргана гэж тооцоолж энэ ажиллагааг бүх сувгаар дэмжин хилийн цаанаас удирдаж байлаа...
Эхний үед Япончууд агаарт давамгайлж байсан нь тэдний онгоцууд багахан өндрөөс хамгаалалтын бэхэлгээ байгууламжуудыг бөмбөгдөж орос, монголын талд хүн хүч, материал, морьдын их гарц хохирол учруулж байсан байна.
Иймээс зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна.
1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм.
Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй ИЛ-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрхи фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна. Халхын голын дайны үеэр японы нийт 660 сөнөөх нисэх онгоцуудыг устгасан ажээ.
1939.05.28 ба 29-нд зөвлөлт-монголын хамтарсан арми Халхын голын дайны хамгийн анхны том давшилтанд орсон байна. Энэ тулаанд амжилт олж дайсныг эзлэн авсан байсан байрлалаас нь хөөн ухраасан нь зөвлөлт-монголын цэргийн дээд удирдлагын чадварлаг удирдлагын ачаар гэхээсээ илүү монгол цэрэг дайчдын эх орныхоо төлөө эрэлхэг зоригтой тэвчээр хатуужил заан байлдаж байсан, зөвлөлтийн дайчид нисгэгчдийн амь хайргүй тусалж тулааны бүх хүнд ачааг үүрч гарч байсны ач гавьяа байсан байжээ.
1939.06.03-нд Халхын голын корпус командлагч Жуков Ворошиловт ингэж бичсэн байна:
“57-р онцгой корпусын удирдлагыг төлөөлж корпус командлагч Фекленко, БНМАУ-ын цэргийн зөвлөх нар зүүн чиглэлийн сөрөг давшилтыг бэлтгэх ажилд, энд байлдааны ажиллагааг зохион байгуулж явуулахад албан үүрэгтээ гэмт хэргийн шинжтэй хүйтэн хандлага гаргасан нь маш их хохиролд хүргэсэн байна”
Дэлхийн дайнд бэлтгэж байсан европын улс орнууд Монгол дахь энэ дайныг маш анхааралтай ажиглан харж байна гэсэн тагнуулын мэдээллүүд ЗХУ-ын удирдлагад ирж байжээ.
Халхын голын энэ дайн гарахаас нэг жилийн өмнө 1938 оны 5-р сард Мюнхенд фашист Герман, Итали мөн Их британи, Франц улсуудын хооронд хожим “Мюнхены” гэж нэр авсан гэрээнд гарын үсэг зурж Чехословакын Судецкийн нутгийг фашист Герман таслан авч өөртөө нэгтгэхийг зөвшөөрсөн байсан юм.
Үүний дараа 1939 онд Гитлерийн Герман Австрийг өөртөө нэгтгэн авч мөн Польштой газар нутгийн маргаантай гэж мэдэгдэж байсан юм. Энэ бол том капиталист гүрнүүд дэлхийг улс орнуудыг хуваан авахаар тохиролцож эхэлсний нэг дохио байлаа.
Энэ үеийн Зөвлөлтийн удирдлага, Сталины үзэж байснаар 1-рт, ЗХУ аль болохоор европын энэ шинэ дайнд нь татагдан орохгүй цаг хожиж байх, 2-рт хэрэв энэ дайнд татагдан орох юм бол Алс Дорнын талаас, Японы зүгээс өөрийн ар талыг аюулгүй болгож авах амин чухал шаардлагатай тулгараад байсан юм.
Иймээс Монголын Халхын голын мөргөлдөөн бол дэлхийн том дайны галд фашист Германы холбоотон Японы хаясан цучил байлаа. Зөвлөлтийн 57-р корпусын удирдлагыг гартаа авсан Жуков өөрийн штабыг Улаанбаатраас Тамсагбулагт авчирч өөрөө фронтын бүх удирдлагыг газар дээр нь хэрэгжүүлж эхэлжээ.
ЗХУ-аас хүн хүч, цэргийн техник танк онгоцууд нэмэгдэж ирж байсан хэдий ч дарийн утаа үнэрлээгүй хүмүүс тэдний дунд дийлэнх нь байсан ажээ. 1938-41 онд Зөвлөлтийн цэргийн техник, хүчин чадал ирээдүйн дайсан фашист Германаасаа олон дахин сул дорой, хоцрогдсон байсан юм.
Түүхийн ухааны доктор В. Н. Вартанов:
Халхын гол манай армийн олон сул талыг харуулсаан. Өмнө нь бид ойрын зайд байлдаан хийх арга техник, бие бүрэлдэхүүний бэлтгэлийг хангахад бага анхаарч ирсэн байсан ба мөн шөнийн тулаан хийх бэлтгэлгүй байсныг харуулсан.
Харамсалтай нь, 1941 оны 6-р сарын 22-нд фашистууд манай улсад цөмрөн орж ирэхэд бид олон зүйлийг засч залруулж эхэлсэн байсан боловч нийтээрээ иймэрхүү байдалтай угтсан юм.
1938.07.02-нд японы Квантуны 23-р явган цэргийн арми давшилтанд орж Халхын голыг гатлаж Халхын гол орчмын стратегийн чухал өндөрлөг болох Баянцагааны толгойг эзлэн авсан байна.
Энэ нь зөвлөлт-монголын армийн зүүн жигүүрийг бүсэлж бүх хангамжийг нь таслаж устгах аюулыг бий болгосон байв. Энэ нөхцөлд Г.К. Жуков 110 дугаар танкийн армийг энэ хэсэгт хаяж шийдвэртэй дайралтаар япончуудыг бут ниргэж Халхын гол давуулан хөөсөн байна.
1938.8.20-нд Халхын голын дайны шийдвэрлэх давшилт эхэлсэн юм. 8-р сарын 22-нд Зөвлөлт-Монголын хамтран армиуд Японы Квантуны армийг хоёр талаас нь цохиж бүсэлсэн байсан билээ.
Үүнээс нэг өдрийн дараа, 1939оны 8-р сарын 23-нд тэр үед Москвад ирээд байсан Германы гадаад хэргийн сайд Риббентроп ЗХУ-ын талтай “Үл довтлох гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Гэвч энэ гэрээгээ фашистууд өөрсдөө зөрчиж 1941.6.22-нд ЗХУ уруу дайран орсноор Эх орны чөлөөлөх дайн эхэлсэн билээ.
1938 оны 8-р сарын 31-нд зөвлөлт-монголын хамтарсан армиуд БНМАУ-д халдсан японы армийг бүрэн бут цохисон юм.
1938.9.17-нд ЗХУ Япон улсууд найрамдах гэрээнд гарын үсэг зурж байлдааны ажиллагааг зогсоосон юм.
1938.9.19-нд ЗХУ Япон хоёр Төвийг сахих гэрээ - дэлхийн II дайны үед II фронт нээхгүй (Япон араас нь цохихгүй байх) гэрээнд гарын үсэг зурсан юм.
Хожим Дэлхийн II дайны үеэр фашист Герман ЗХУ-ын ар талаас нь цохиулахаар Японыг Алс Дорнодод II фронт нээхийг шаргуу шаардаж байсан боловч японы эзэн хааны армийн өндөр албан тушаалтнуудын нэг нь “Бид Хасаны мөргөлдөөний үед дайны бага сургамж, дараа нь Халхын голын мөргөлдөөнд дайны дунд сургамж авсан, иймээс дайны дээд сургамж авахыг бид яарахгүй байна” гэж хэлсэн байна.
ЗХУ Япон хоёр цэргийн олзлогсодоо солилцож эхлэхэд японы олзлогсод гэр үрүүгээ яарахгүй байсан гэдэг. Японы нисгэгч Харада Хумиё “Намайг хил давуулан буцааж өгөх юм бол би өөрийгөө буудан хорооно.
Ямар ч байсан Японд надад болон миний гэр бүлд хэвийн амьдрах боломж өгөхгүй” гэж хэлж байсан нь хадгалагдан үлдсэн байдаг байна. Энэ бүх түүхээс үзвэл Монголд дэлхийн II дайны анхны цучил ассан юм. 1939 оны 9-р сарын 1-нд Гитлерийн Герман Польшид дайран орсноор дэлхийн II дайн дэгдсэн түүхтэй.
Халхын голын дайнд, 1939.5.11-нээс 1939.9.15-ны хооронд 7976 зөвлөлтийн цэрэг офицерүүд амь үрэгдсэн байна. 1945 оны 5-р сарын 6-нд Зөвлөлтийн арми Гитлерийн армийг ичээнд нь бут ниргэж Европ, Ази, Африкийн олон ард түмнүүд, ер нь хүн төрөлхтнийг фашизмын хар тахлаас чөлөөлсөн билээ.
Фашизм ингэж үүсдэг - онц сонирхолтой бас сургамжтай баримтат киног үзээрэй
Түүхээ мэддэггүй хүмүүст ирээдүй гэж байхгүй юм.
Монгол газар нутгийн төлөө, хүн төрөлхтний энхтайвны төлөө амиа өгсөн зөвлөлт -монголын дайчдын мөнхийн алдар дуурсаж байг.
Судлаач Б.Болорболд
Сэтгэгдэл (0)