С.Батболд: Монгол тээвэрчид 15 улсад тээвэрлэлт хийх боломжтой
- 2019-08-22
- Эдийн засаг
- 0
Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжөөд 94 жилийг үджээ. Манай улсын хөгжлийн давуу талын үзүүлэлтэд “Орос, Хятад гэсэн томоохон зах зээлд ойр, ашигт малтмалын нөөц ихтэй” гэсэн бол сул талын үзүүлэлтэд “дэд бүтэц сул хөгжсөн, тивийн болон бус нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй” гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх давуу талуудаа ашиглан, сул талуудаа хэрхэн нөхөж, автотээврийн салбарт ямар бодлого баримталж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.
- Манай улсын тээвэрчид БНХАУ, ОХУ, Европын орнуудаар дамнан олон улсын тээвэрлэлт хийх боломжтой юу?
- Олон улсын тээвэрлэлт гэж хоёр болон түүнээс дээш улсын хооронд, эдгээр улсын байгуулсан олон улсын хэлэлцээрээр тогтоосон нөхцлийн дагуу гүйцэтгэж буй ачаа болон зорчигч тээвэрлэлтийг хэлдэг. Үүнд үндэсний хууль тогтоомжоос гадна олон улсын эрх зүйн болон техник технологийн шинжтэй зохицуулах норм нормативуудийг шаарддаг онцлогтой. Олон улсын гэрээ хэлэлцээрүүд нь улс орнуудын хооронд бараа тээвэрлэх ижил нөхцөл барааг тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулах зэрэг нийтлэг хэм хэмжээг агуулдаг. Энэ гэрээ хэлэлцээрүүдэд тээврийн бичиг баримтад тавигдах шаардлагууд ачааг хүлээн авах, шилжүүлэн ачих ба буулгах журмууд ачааг эзэмшигч, тээвэрлэгчийн эрх үүрэг, маргаан гарвал зохицуулах журам зэргийг тусгаж өгдөг. Монголын тээвэрчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын тээвэр логистикийн сүлжээнд холбогдох, тээвэрлэлт хийх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлууд тогтмол хийгдсээр ирсэн. 1991, 1992 онд БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээрийг хөрш орнуудтай байгуулсан. Үүнээс хойш Казакстан, Украй, Турк, Киргиз, Латви зэрэг улсуудтай хэлэлцээр байгуулсан.
Өнгөрсөн онд л гэхэд Герман, Польш, Чех, Словак улсуудтай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тохиролцсон бөгөөд хэлэлцээр байгуулах хүртэл тээвэрлэлт хийхээр зөвшөөрлийн бичиг солилцсон, тээвэрлэлт бага ч гэсэн хийгдэж байна. Энэ онд Унгар, Литва Улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулаад байна. Цаашид тээвэрлэлтийн чиглэлүүдийг нэмэгдүүлэхээр Франц, Итали, Гүрж зэрэг улсуудтай яриа хэлэлцээр хийгдэж байна.
Тэгэхээр манай улсын тээвэрчид ОХУ, БНХАУ, БНАСУ, Казахстан, Киргизстан, Турк, Латви, Литва, Беларус, Украйн, Герман, Польш, Чех, Словак, Унгар гэсэн 15 улс хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин тээвэрлэлт хийх боломжтой гэсэн үг.
-Хэлэлцээрийн хүрээнд аль улсад тээвэрлэлт их хийгддэг вэ?
-Хэлэлцээрийн хүрээнд хамгийн идэвхитэй хийгддэг тээвэрлэлт нь ОХУ, БНХАУ болон Беларус, Казахстан улсууд байна.
-Тээвэрлэлт хийх аж ахуйн нэгж юуг анхаарах вэ?
-Тээвэрлэлт хийхийн тулд эдгээр улсуудтай хил нэвтрэн тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг тухайн жилд хийгдсэн тээвэрлэлтийн хэмжээ, ирэх жилийн төлөвлөгөөнд үндэслэн жил бүр тохиролцон солилцдог. Зөвшөөрлийн бичгийн хувьд хоёр улсын хооронд мөн тухайн улсын нутаг дэвсгэрээр дайран хийх гэсэн үндсэн төрөлтэй бөгөөд зарим орнуудтай олон удаагийн, нэг удаагийн, ачааны машины, аюултай ачааны, зорчигчийн гэх мэт төрлүүдтэй. Зөвшөөрлийн бичгийг авахад тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд Монгол, БНХАУ-ын хооронд болон Орос, Монгол, Хятад гурван улсын дамжин өнгөрөх тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас, бусад зөвшөөрлийн бичгийг “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ-аас, CPD карнейг “Монголын автомашин мотоциклийн спортын холбоо” ТББ-аас олгодог.
-CPD карней гэдэг нь?
-CPD карней гэдэг нь барааг түр хугацаагаар оруулах тухай конвенц бөгөөд үндсэн зорилго нь бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахтай холбогдсон гаалийн ажиллагааг хөнгөвчлөх, олон улсын худалдаа болон бусад арилжаа солилцоонд дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. CPD карнейг хэрэглэснээр хэд хэдэн улсын хилээр нэвтрэх, дамжин өнгөрөхдөө татварын урьдчилгаа төлөхгүй, гаалийн мэдүүлэг бичихгүй тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах зөвшөөрөл бөгөөд гаалиар хялбаршуулсан журмаар нэвтрэх боломжтой. Ингэснээр Монгол Улсын иргэд өөрийн хувийн автомашинаар хөрш болон гуравдагч 50 гаруй орнуудаар аялж болно гэсэн үг. Аялал жуулчлал, олон улсын худалдаа хөгжүүлэх, олон улсын үзэсгэлэн, яармаг, уулзалт болон боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын арга хэмжээг дэмжихэд чухал ач холбогдолтой байдаг.
-Далайд гарцгүй манай улсын тухайд энэ салбарт хүндрэл бий юу?
-Монгол Улс далайд гарцгүй хэдий ч ОХУ-тай 29, БНХАУ-тай 12 нийт 41 боомтоор харьцдаг ба үүний 20-н автозамын боомтоор улс хоорондын тээвэрлэлт хийгдэж байна. Дэлхийн нийт улс орнуудаас 31 орон нь далайд гарцгүй. Энэ улс орнууд аль тивд оршдогоос үл хамааран нийтлэг тулгардаг нэг асуудал нь гадаад худалдааны хувьд хамгийн зардал багатай тээвэр болох далайн тээврээс хол учир тээврийн зардал өндөр байдаг. Далайд гарцгүй орнуудын хувьд гадаад худалдааны нөхцлөө сайжруулах, транзит орноос хараат байдлаа бууруулах, тээвэр логистикийн оновчтой хөгжүүлэх, хоёр талт болон бүс нутаг, олон талт гадаад худалдааг чөлөөлөх тухай гэрээ хэлэлцээрүүд хийх зэрэг хүчин чармайлт нь гадаад худалдаанаас олох үр ашгийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болдог.
Манай тээвэрчдийн улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт хөрш орнуудын хил орчмоос хэтэрч чадахгүй байгаа бөгөөд энэ нь зам харилцаа бүх нутаг дэвсгэрийг хамарч чадахгүй байгаагаас гадна хөрш том гүрнүүдийн нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийх, далайн боомтод хүрэх, тээвэрлэлтийн аюулгүй байдал хангагдах бодит боломж бүрдээгүйгээс үүдэлтэй.
-ОХУ болон БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт руу, эсвэл гуравдагч улс руу шууд тээвэрлэлт хийх боломж бүрдсэн үү? Хэдэн жилийн өмнө дамжин өнгөрөх туршилтын тээврийг зохион байгуулж байсан. Энэ ажил ямар шатандаа хэрэгжиж байна?
-Орос, Монгол, Хятад гурван улсын дамжин өнгөрөх тээврийн хувьд тохиролцсон хоёр маршрутын дагуу тээвэрлэлт хийх боломжтой. Энэ нь Азийн авто замын сүлжээний АН 3 буюу БНХАУ-ын Тяньжин боомтоос - Эрээн - Монгол Улсын Замын-үүд боомт – Улаанбаатар хот- Алтанбулаг боомт – ОХУ-ын Хиагт боомт – Улаан-үүд хүртэл нэг маршрут, нөгөө нь АН 4 буюу Новосибирск - Барнаул - Горно-Алтайск - Ташанта (ОХУ) /Улаанбайшинт (Монгол Улс) - Ховд - Ярантай (Монгол Улс)/ Такешикан (БНХАУ)- Өрөмч - Каши – Хонгираф гэсэн маршрутаар хийгдэнэ. Хэлэлцээрийн дагуу дамжин өнгөрөх тээврийн гурван улсын тээврийн хамтарсан хороо энэ оны 7-р сард хуралдаж, тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг солилцсон. Тиймээс одоо иргэд аж ахуйн нэгж байгууллага дээрх хоёр чиглэлийн дагуу тээвэрлэлтийг өнөөдөр ч хийх бүрэн боломжтой.
Харин нэг зүйлийг анхааруулахад хоёр хөрш тээврийн хэрэгслийн хувьд тодорхой шаардлагууд тавьж байгаа. Энэ нь Хятадын нутгаар тээвэрлэлт хийхэд евро 4 стандартаас доош үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл, ОХУ болон европын улс орнууд уруу евро 3 стандартаас доош үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл байж болохгүй. ОХУ 2014 оноос евро 5, БНХАУ евро 5-тай дүйцэх хэмжээний China 5, Европын холбооны улсууд 2015 оноос евро 6 стандартад шилжээд байгаа. Бидний зүгээс бэлтгэл ажлыг хангах хүрээнд ААНБ, иргэдэд удаа дараа жолооч болон тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд тавигдах шаардлагуудын талаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулсан зэрэгцээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг англи, монгол хэл дээр давхар бичигддэг болсон, мөн зарим нэг дүрэм журамд өөрчлөлт оруулах ажлуудыг хийж дуусаад байна. Жолоочийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх, тухайн ажил үйлчилгээнд тохирсон мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байхыг шаарддаг.
-Мэргэшсэн жолоочын үнэмлэхтэй холбоотой сөрөг хандлага, ойлголт байдаг. Тухайлбал олон жилийн туршлагатай жолооч байтал заавал мэргэшсэн байх шаардлагатай юм уу гэсэн асуудал тавьдаг?
-Манайхан “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэж хаана ч байдаггүй зүйл шаардаж байна, хэрэггүй зүйл” гэх мэтээр яриад байдаг. Бидний хэлэлцээр хийгдсэн улс орнууд бүгд мэргэшсэн жолоочийн үнэмлэх, сертификат шаарддаг. Мэргэшсэн жолооч гэдэг нь жолоодох эрхийн үнэмлэхэд заагдсан тээврийн хэрэгсэлээр гүйцэтгэх ажлын онцлогт нь тохируулан олгож буй мэргэжлийн үнэмлэх юм. Энэ нь өөртөө мэдлэг, мэдээлэл олж авахаас гадна өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс сэргийлээд зогсохгүй нийгмийн өмнө хүлээх бас нэгэн зайлшгүй хариуцлага юм л даа.
Харин мэргэшсэн жолооч бэлтгэх, шалгалт авах тогтолцоог өөрчлөх боловсронгуй болгох шаардлага бол байна.
-Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг заавал Оросоос Хятад юмуу, Хятадаас Орос руу хийх ёстой юу?
-Дамжин өнгөрөх тээврийн хувьд тохиролцсон маршрутын заавал эхний цэгээс эцсийн цэг хүртэл хийнэ гэж ойлгож болохгүй, дундын цэгүүдээс ч хийж болно. Жишээ нь Хятадын Женин хотоос Улаанбаатар гэх мэтээр хийж болно. Харин нэг улсынхаа дотоодод эхлээд дуусдаг буюу дотоодын тээвэрлэлт хийж болохгүй. Олон улсын тээвэрлэлт хийхэд олгодог тусгай зөвшөөрөл байхгүй зөвхөн хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг болон тавигдаж буй бусад шаардлагуудыг хангаж байхад л болно. Харин хэлэлцээр хийгдсэн улсууд дотоод болон олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллага бүгд тусгай зөвшөөрөлтэй байдаг. Тавигдах шаардлага нь ч өөр өөр байна. Жишээ нь дотоодын тээврийн үйлчилгээг 3-5 жил эрхэлсэн бол олон улсын тээвэрлэлтийн эрх өгдөг байх жишээтэй.
Манайх бол аль болох л элдэв зөвшөөрөл олгохоос татгалзаж, аль болох боломжтой, хэн дуртай нь явж болно гээд байгаа хэдий ч энэ нь өөрөө замбараагүй байдлыг бий болгох төдийгүй өрсөлдөх чадварыг бууруулах шалтгаан нөхцөл болж байна. Иймээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцоход үүсэх саад бэрхшээлийг арилгах, монголын тээвэрчидээ хамгаалах зорилгоор Европын холбооны хэд хэдэн гэрээ хэлэлцээрт нэгдэн орохоор бэлтгэл ажлыг хангаж байна.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: ЗТХЯ
Сэтгэгдэл (0)