ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг
- 2019-08-23
- Эдийн засаг
- 1
Эдийн засгийг зөвхөн ДНБ-ээр хэмжих нь хоцрогдож байна. XX зууны турш дэлхийн эдийн засгийн халууны шил байсан энэ үзүүлэлтийн сул тал, дутагдал илчлэгдсээр.
Дэлхийн хөгжил нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж, дижитал эдийн засаг хүчирхэгжихийн хэрээр ДНБ-ээр эдийн засгаа хэмжихийг шүүмжлэгчдийн дуу хоолой чангарч, шинэ арга хэмжүүр нэхэж эхэллээ.
Дэлхийн шилдэг эдийн засагчдаас бүрдсэн санхүү, судалгааны байгууллагууд ДНБ-ий сул талыг илчилж эхэлсэн. Зөвхөн ДНБ-ий өөрчлөлтөөр эдийн засгийн нарийн зүйлийг харах боломжгүй хэмээн Орлого, баялгийн судалгааны олон улсын холбооноос үзсэн бол энэ хэмжүүр дижитал эдийн засагтай уялдуулахгүй байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага шүүмжлэв.
ДНБ нь зоосны зөвхөн нэг талыг харуулдаг. Энгийнээр тайлбарлавал, үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүн ажиллаж, иргэд халаасандаа илүү мөнгөтэй болсноор ДНБ-ийг өсгөдөг.Өөрөөр хэлбэл, улсын эдийн засгийн өсөлтийг мөнгөн үнэ цэнээр илэрхийлдэг гэсэн үг. Гэтэл энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирдаг уу.
Бас ДНБ-ийг өндөр өсгөсөн үйлдвэрлэл, баялаг эргээд нийгэмд хэрхэн хуваарилагдаж байна вэ. Үүнд ДНБ хариулт өгч чадахгүй.
Тиймээс орлогын тэгш хуваарилалт, амьжиргааны түвшин зэрэг хөгжлийн суурь үзүүлэлт ДНБ-ээр илэрдэггүй. Дэлхий дахин ДНБ-рүү хошуурсан сүүлийн 30 жилд олон улсад баялгийн тэгш бус хуваарилалт урд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, баян хоосны ялгаа гаарлаа. Цаашлаад хүмүүн капитал, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны нөлөөлөл уг үзүүлэлтийн гадна үлддэг. Үйлдвэрлэлийг хэмжихэд чиглэсэн XX зууны хоцрогдсон хэмжүүр технологийн хөгжил дэвшилтэй ч хөл нийлүүлэн алхаж чадахгүй буйг судлаачид анхааруулж байна.
Мөн улс орнуудын тогтвортой хөгжлийн суурь болох нийгмийн сэтгэл зүй, аз жаргалын индекс ДНБ-ий дутагдлыг ил болгосон. 2018 оны байдлаар дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд ДНБ, эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг топ улсын нэг нь ч багтаж чадсангүй. ДНБ-ий өсөлтөөр дээгүүрт бичигддэг БНХАУ гэхэд аз жаргалын индексээр 86 дугаарт жагссан байх юм. Үүний шалтгаан нь нөгөө л ДНБ-ий гадна үлддэг орчны бохирдол, ажилгүйдэл зэрэг үзүүлэлт нөлөөлсөн. Энэ хэрээр ДНБ-ээр улс орнуудыг эрэмбэлэх нь өрөөсгөл болох нь батлагдаж, улстөрчид доголдолтой хэмжээг өсгөхийн төлөө хөөцөлдөх хэрэг байна уу гэсэн асуулт урган гарна.
XXI зууны хувьсал өөрчлөлт нь өргөн хүрээний хэмжилт нэхэж байгаа ч ДНБ үүнд жижигдэж байгаа аж. Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц 2018 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр олон улсад эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэмжих шинэ арга хэрэгтэй болсныг сануулсан. ДНБ-ий доголдлыг эдийн засагчид аль эртнээс ойлгож, анхааруулж байв. Харин сүүлийн жилүүдэд улстөрчид ухаарч эхэлж, тогтвортой хөгжил, баялгийн тэгш бус хуваарилалтыг дэмжих бодлого боловсруулагчдын тоо нэмэгдлээ.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай сонинд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн гүйцэтгэлээрээ Азийн орнууд дэлхийг манлайлж буй ч цаашид өндөр өсөлтийн араас хөөцөлдөхийн зэрэгцээ тэгш бус байдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Улсын хөгжлийг зөвхөн ДНБ-ий өсөлтөөр бус хэр олон хүний амьдралыг чанаржуулснаар, нийгмийн тэгш бус байдал хэдий чинээ буурснаар дүгнэх нь зүйтэй” хэмээн хэлсэн юм.
Энэ санаачилга тогтвортой хөгжлийн загварыг дэлхийд хамгийн амжилттай хэрэгжүүлж буй, хөгжингүй орнуудын улстөрчдөөс эхэлж байна. Япон болон Европын орнуудын удирдагчид ДНБ-ий өсөлтийг бүхний хэмжүүрээр төсөөлөхөө больж, бусад үзүүлэлттэй хослуулан, эдийн засгийн эрүүл мэндээ хэмжиж байна. Тухайлбал, Япон улс гэхэд өөрсдийн боловсруулсан аргаар хэмжихэд ДНБээр агшсан эдийн засаг нь өссөн дүнтэй гарчээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн “Иргэд үндсэн хэрэгцээгээ хангаж буй эсэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хүртээмжтэй буй эсэхийг ДНБ харуулдаггүй. Гэтэл орхигдоод буй эдгээр хүчин зүйлс улсын ирээдүйн суурь үзүүлэлтэд багтдаг” хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл Шотландын Засгийн газрын тэргүүн сайд Никола Стержен “ДНБ нь эдийн засгийн богино хугацааны үйл ажиллагааг үнэлдэг” хэмээн тодорхойлов.
2018 онд Шотланд, Исланд, Шинэ Зеланд улс нэгдэж, өндөр өсөлтөөс илүү эдийн засгийн сайн сайхан байдалд чиглэсэн засгийн газруудын сүлжээ байгуулсан юм. Түүнчлэн Энэтхэг, Их Британи зэрэг улс шинэ хэмжих арга эрэлхийлж байгаа бол Канад улс ДНБ-ээс гадна нэг хүнд ногдох хөгжил цэцэглэлт, байгалийн тогтвортой нөөцийн үзүүлэлтийг тооцож эхэлжээ.
ДНБ тухайн улсад шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээг илэрхийлдэг хэдий ч эдийн засгийг бүрэн утгаар илтгэж чадахгүй байгаа нь энэ. Иймд ДНБ-ий өсөлтөд 100 хувь найдах хэрэггүй болж таарч байна.
Үүнийг ч дэлхийн зарим орон ойлгож, ДНБ-ийг бусад хэмжүүртэй хослуулан эдийн засгийн эцсийн үнэлгээ хийж байна. Манай улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлт нь өнөө хэр ДНБ хэвээр байгаа төдийгүй энэ хэмжүүрээр бид хаана яваагаа оношилсоор. Цаашлаад зөвхөн энэ үзүүлэлтийг өсгөхийн төлөө зүтгэж, хоцрогдсон хэмжүүрийн хойноос хөөцөлдсөөр байна. Бодлого тодорхойлогчид ч доголдолтой ДНБ-ээр улсынхаа судсыг атгачихаад, эдийн засаг маань сайн байна хэмээн гайхуулцгаадаг. Ялангуяа, улс төрийн сонгууль ойртохын хэрээр ДНБ дарга нарын хамгийн дуртай үг болдог төдийгүй энэ хэмжүүрийн өсөлтөөс эш татан, эдийн засгаа аварлаа хэмээн сайрхдаг. Гэтэл энэ нь үнэндээ эдийн засгийн өөрчлөлтийн зөвхөн нэг хэсгийг л тодорхойлох аж.
ДНБ-ийг бусад хэмжүүртэй хослуулан эдийн засгийн эцсийн үнэлгээгээ хийж байна
Цаашлаад ийм доголдолтой хэмжүүрээр Монголын эдийн засгийн бодит байдлыг бүрэн тодорхойлж, төрийн бодлогын жанжин шугам болгож болохгүй. Сүүлийн 20 гаруй жил ДНБий хэмжээ 40 дахин томорсон ч яагаад Монголын хүн амын гуравны нэг нь ядуу, баялгийн тэгш хуваарилалт асар их байна вэ. Бодлогын луужин өрөөсгөл байснаас улсын хөгжил ч ташаа чиглэл рүү шилжсэн юм биш биз. ДНБ төрийн бодлогын жанжин шугам биш болох нь батлагдаж байна. Иймд энэ үзүүлэлттэй бусад хэмжүүрийг хослуулах хүний хөгжил, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн байр суурийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл (1)
DR. UROLOGIST (197.210.47.51)
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802