Ц.Түмэнцогт:Томоохон төслүүдийг улстөржүүлэх нь эргээд эдийн засагт л хохирол учруулна

Саяхан манай оронд болж өнгөрсөн Азийн төлөөх Боао форумын үеэр хэт нэг талыг барьсан үзэл бодол, тогтворгүй байдал нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар багагүй хөндлөө.Энэ нь ялангуяа уул уурхайн салбарт илүү ажиглагдаж байна. Тиймээс “Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Ц. ТҮМЭНЦОГТТОЙ уулзаж зарим зүйлийг тодруулан ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай боловч газар шороогоо ухуулж төнхүүлэхгүй гэх үзэл санааг зарим ТББ гаргаж, нийгмийн цөөн хэсэг идэвхтэй,  дэмжсэнээр  жагсаал цуглаан хийх болсон. Үүний эдийн засгийн хор уршиг нь юу байх бол?

 

-Монгол Улс дагнасан уул уурхайдаа түшиглээд олон жил болоогүй боловч түүнээс олж буй орлого, татвар, ногдол ашиг хуваарилалт гээд хүлээлт их байна. Үүнийг улстөрчид янз бүрээр тайлбарлаж, зарим тохиолдолд популиcт маягаар ашиглах явдал ч бий. Ер нь манай улсад одоохондоо дэлхийн хэмжээний төсөл гэвэл Оюутолгой л байна шүү дээ.

 

Энэ төсөл маань одоо бүтээн байгуулалтын шатандаа явж байна. Ийм үед төслийг улстөржүүлэх, популист байдлаар хандах нь хаа хаанаа хохиролтой. Цаашдаа Тавантолгой болон бусад томоохон төслийг хөдөлгөхийн тулд IРО хийх зэргээр хөрөнгө мөнгө босгох шаардлага байна. Үүнд аль болох нааштай хандах, олон нийт зөв ойлголттой байхгүй бол тэндээс олох ашиг, үр өгөөж нь хойшлох магадлалтай.

 

-Оюутолгойн ордын бүтээн байгуулалт хэр явж байна вэ. “Рио Тинто”-гоос гүний уурхайн олборлолт эхлэх хугацаа хойшлох талаар мэдээлэл хийж байсан?

 

-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн сайн явж, энэ жил 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийж, саяхан Гүний уурхайн бүтээн байгуулалтын нэгдсэн төвийг ашиглалтад оруулсан. Үүнээс гадна энэ оны аравдугаар сард “Босоо ам-2”-ыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Мөн дулааны станцын шинэчлэлийг хийнэ. Хэдхэн хоногийн өмнө “Рио Тинто” компаниас геологи, техникийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт ажлууд хийх шаардлагатай болсон талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн гүний уурхайг ашиглалтад оруулах хугацаа 16-30 сараар хойшлох, улмаар нэмэлт 1.2-1.9 тэрбум ам.долларын зардал гаргах тооцооллыг хийсэн байна.

 

-Та Азийн төлөөх Боао форумд оролцлоо. Эндээс ямар сэтгэгдэл төрөв?

 

-Улаанбаатарт болж буй энэ удаагийн форумын уриа нь “Уялдаатай хамтын ажиллагаа, хөгжил”-д зангидагдаж байна. Хятадын санаачилсан “Бүс ба зам” хөтөлбөр, Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний супер сүлжээ гээд бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ хөрш зэргэлдээ орнуудтайгай хамтраад нэг их наяд ам.долларын өртөг бүхий авто болон төмөр зам, хийн хоолой зэрэг дэд бүтцийг хөгжүүлж байна. Үүнд Монголын уул уурхайг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний сүлжээгээ холбож чадах юм бол хөрөнгө санхүүжилт босгох, олон улсын зах зээлд гарч өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зэрэг олон боломж харагдаж байлаа.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Zochin (64.119.16.180)

    2019-08-27

    Ner tsever bolovsroltoi,shudarga zoohon humuusiin neg

  • (66.181.187.10)

    2019-08-27

    санхүүгиин тайлан нууц гаргаж байгаа бүттээгдэхүүн ямар үнээр зарж байгаа эь мэдэгдэхгүй иим дээрмиин төсөлииг энэ цагаан толгой юу хуцаад байгаа юм

  • (66.181.187.253)

    2019-08-26

    нэ жил 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийж ашиглалтад оруулах хугацаа 16-30 сараар хойшлох, улмаар нэмэлт 1.2-1.9 тэрбум ам.долларын зардал гаргах тооцооллыг хийсэн байна.эдгээр өрийг монголчууд төлнө дөө.

  • zochin (66.181.176.105)

    2019-08-26

    STEGMID saidiin khuu olon jil bas darga hkiij bna daa