Г.Тэмүүлэн: Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс орны эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх учиртай
- 2019-08-28
- Үнэн
- 0
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдааныг өнгөрсөн даваа гарагт хуралдуулахаар товлосон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлуулж, өчигдөр 12.00 цагт товлосон. Гэвч мөн шалтгаанаар хуралдсангүй. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 26-нд хуралдаж, зарчмын зөрүүтэй байсан хоёр асуудлыг хэлэлцээд санал нэгдсэн. Тодруулбал, байгалийн баялаг нийтийн, төрийн өмч байх болон шүүхийн хараат бус байдалтай холбоотой гурван заалтыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгахаар болж, улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм. Ингэснээр Үндсэн хуулийн төсөл цэгцрэх шатандаа орж, энэ долоо хоногтоо багтан хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусахыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцолсон юм. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 1 хүртэл хуралдуулахаар тогтоолын төсөл баталсан. Хэрвээ эрх баригч намын бүлгийн даргын хэлснээр хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгаж амжвал ээлжит бус чуулганыг хаах товтой байна. Талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц ямар шалтгаанаар хүрэхгүй байгаа болон Үндсэн хуулийн төсөлд оруулж буй зарим заалтын талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлосон ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдахгүй байна. Ирж бүрдэхгүй байгаагийн шалтгаан нь гишүүд зарим асуудалд санал нэгдээгүйтэй холбоотой гэх мэдээлэл гараад байна. Уг нь талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн, энэ долоо хоног гэхэд хэлэлцүүлгийг дуусгах талаар бүлгийн дарга мэдэгдсэн шүү дээ?
-УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тэр дундаа Монгол Улсын суурь хууль болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд хариуцлагатай хандах ёстой. УИХ энэ долоо хоногтоо багтаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх учиртай. УИХ-ын гишүүд зарчмын хувьд өөр өөр байр суурьтай байж болно. Үүнийгээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илэрхийлэх ч эрхтэй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гаргасан саналуудын талаар зарим гишүүн өөрсдийнхөө саналыг гаргасан юм билээ. Тэд гаргасан саналаа хамгаалж, үндэслэл тайлбаруудаа хийгээд явах нь зөв болов уу гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд харилцан ойлголцол хамгийн чухал учраас УИХ-ын гишүүд аливаа санал гаргах эрх нь нээлттэй шүү дээ. Гагцхүү зарчмын хувьд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой.
Монгол Улсад сүүлийн 20-30 жилийн хугацаанд үүссэн нийгэм, эдийн засаг, улс төрийн буглаа болсон асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлт, тэр дундаа ойлголцол, зөвшилцлийн хүрээнд хийх ёстой. Үндсэн хуулийн асуудалд аливаа нам, бүлгийн эрх ашиг гэсэн зүйл байх ёсгүй гэж би хувьдаа харж байна. Үүний тулд улс эх орны нийтлэг эрх ашиг, зарчмын асуудалд гишүүн бүр өөр өөрийн байр суурийг илэрхийлж оролцох шаардлага байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөд эрх баригч намын бүлгийн гишүүд санал нэгдэж, чуулганы хуралдаанд хэлэлцэхэд бэлэн болсон гэж ойлгосон. Харин зарим гишүүний хувьд шүүх засаглалтай холбоотой саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн гэх юм. Үнэхээр энэ мэт санал нэгдээгүй часуудал бий юү?
-Манай намын бүлэг нэгдсэн шийдвэрээ гаргачихсан. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг аль нэг улс төрийн нам, бүлэглэл хайрцаглах ёсгүй. Тухайн асуудлыг бүлгийн шийдвэрт нийцүүлж гаргана гэдэг бол буруу. Хэн нэгний улс төрийн өнцөг, нам бүлгийн нөлөөгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Үүний нэгдүгээр эрх ашиг нь улс эх орны ирээдүйг харж шийдвэрийг гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Таны хувьд шүүх засаглалын хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтыг дэмжиж байгаа юу. Анх оруулж ирсэн хувилбарыг багагүй өөрчилж байх шиг байна?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, байгалийн баялаг, шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхтэй холбоотой. Түүнчлэн УИХ-ын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой тухайлсан хэд хэдэн заалт бий. Үүнд УИХ-ын гишүүн бүр өөр өөрсдийн үзэл санаа, байр суурьтай байна. Гэхдээ энэ асуудалд Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар байр сууриа нэгтгээд, 57 гишүүнийхээ босгыг давсан саналыг аваад явах ёстой.
Анх оруулж ирсэн төсөлд Шүүх засагладын хэсэгт ШЕЗ-ийн арван гишүүнийг хэрхэн сонгох талаар нарийвчлан тусгаж оруулж ирсэн. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхыг буюу тавыг шүүгчид дотроосоо сонгодог байсан. Нэгийг Засгийн газар, хоёрыг УИХ-ын холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж томилдог байх зохицуулалттайгаар оруулж ирсэн. Гэтэл УИХ хоёр, Засгийн газар нэг шүүгчийг томилдог байх нь шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах үндэслэл болж чадах уу, шүүхийн бие даасан байдлыг дээшлүүлж чадах юмуу гэдэг нь асуудал шүү дээ.
Тиймээс энэ тухайд би эсрэг байр суурьтай байгаа. Харин үүний оронд дотроосоо буюу бие даасан байдлаар өөрөө өөрсдийгөө сонгодог зарчмыг илүү хөгжүүлж, тавигдах шалгуур, ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж байж шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлнэ гэж харж байгаа. Түүнээс аль нэг институц, засаглалд томилох эрхийг өгснөөр шүүх дэх бүх асуудлыг шийдчихнэ гэж ойлгож болохгүй. Бид томилох тогтолцооноос илүүтэй сонгодгоор асуудлыг шийдэх нь зүйтэй. Энэ асуудлаар УИХ-д байр сууриа илэрхийлнэ.
-Иргэдийн дунд шүүмжлэл үүсгээд байгаа нэг асуудал бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх. УИХ дахь МАН-ын бүлэг, Байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохоор санал нэгдэж, тогтсон. Харин АН-ын зүгээс 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хувь гишүүний хувьд та энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын чадамж, гишүүдэд тавих үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхгүй зөвхөн тооны хойноос хөөцөлдөөд үр дүн гарахгүй. Өнөөдөр 76 гишүүний хэчнээн хувь нь мэргэжлийн хуульч байх вэ, гишүүдэд тавих насны босго хэд байх юм. Эсвэл ажил мэргэжлийн шалгуур тавих ёстой юм уу, 10-аас доошгүй жил аль нэг салбарт үр бүтээлтэй ажилласан гишүүдийг сонгосон байх зэрэг зарчмыг оруулж ирэхгүйгээр өнөөдрийн байгаа 76 гишүүн 99, эсвэл 108 боллоо гээд чанарын талаас үр дүн гарахгүй гэж харж байгаа.
-20 гишүүн суучихаад хууль баталдаг байдлыг үгүй болгох зорилгоор гишүүдийн тоог нэмэхээр шийдсэн гэж зарим гишүүн тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Асуудлыг ямар ч өнцгөөс тайлбарлаж болно. УИХ-ын 20 гишүүн сууж байгаад хууль баталдаг байдлыг техник, технологийн тусламжтайгаар шийдвэрлэчихсэн шүү дээ. Тодруулбал, УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн хурууны хээг уншуулах байдлаар гишүүдийн ирц өндөр байлгах шийдэлд хүрсэн. Угаасаа ямар ч тохиолдолд 30-40 гишүүн биечлэн ирж байж ирц бүрддэг. Энэ заалтыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өргөн барьсан төсөлд анхнаасаа тусгасан. Угаасаа нийт гишүүний 51 хувь буюу доод тал нь 39 гишүүн ирж байж ирц бүрдүүлнэ гэсэн заалтыг оруулсан. Үүнийг гишүүд 100 хувь дэмжиж байгаа.
-Байгалийн баялгийг нийтийн, төрийн өмч байна гэсэн нь 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг, Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналтай нийцүүлчихлээ гэж хараад байна л даа. Ингэж томьёолох нь хэр оновчтой вэ?
-Оруулж ирсэн асуудал нь иргэдийн дунд нэлээд эргэлзээ үүсгэсэн саналын томьёолол байсан. Энэ нь юу байсан бэ гэхээр нийт байгалийн баялгийг ашиглахдаа төр өөрөө мэдэж, урт хугацааны эдийн засгийн бодлогын хүрээнд ашиглаж болно гэсэн өнцөг байсан. Үүнд ард иргэдийн дунд үүсээд байгаа эргэлзээ гэвэл, өнөөдрийг хүртэл явж ирсэн багийн иргэдийн хурал, сум орон нутгийн дарга, орон нутгийн хүсэл эрмэлзэлд үндэслэж уул уурхайг ашигладаг байсан бол түүнгүйгээр шууд Засгийн газар шийддэг тогтолцоо руу орох гээд байна гэсэн болгоомжлол байсан. Тэгэхээр өнгөрсөн 27 жилийн хугацаанд бий болж ирсэн, ард иргэдийн хүсэл эрмэлзэл, хөдөө аж ахуй, нутаг орных нь онцлогоос хамаарч байгалийн баялгийг ашигладаг ард иргэдээс санал авдаг тогтолцоог бэхжүүлэх үүднээс төрийн болон нийтийн гэсэн томьёоллыг оруулж ирсэн оруулж ирсэн гэж ойлгож байна. Энэ байдлаар цаашид дэмжээд явах болов уу.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй зэрэгцээд УИХ-ын ээлжит сонгуулийг хугацаанаас өмнө буюу энэ онд багтаан явуулах талаар ярьж эхлээд байна. Тэр бүү хэл, ирэх арваннэгдүгээр сард явуулах талаар ч яриа гарсан. Энэ тухайд та ямар мэдээлэлтэй байна вэ?
-УИХ-ын ээлжит сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард явуулах нь гэсэн дэл сул яриа явж байгаа юм билээ.Энэ нь зарчмын хувьд маш буруу. Ядаж сүүлийн 27 жилийн хугацаанд өөрсдийн бий болгосон ололт амжилтуудыг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуулийг тухайн цаг хугацаанд нь ардчилсан нээлттэйгээр одоо байгаа тогтолцооныхоо хүрээнд явуулах хэрэгтэй. Гэтэл бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн учир тухайн үүссэн нөхцөл байдлаас үүдээд сонгуулийг эрт явуулах гэдэг жишгийг хэзээ ч бий болгож болохгүй.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан ч оруулаагүй ч сонгуулийг хугацаандаа буюу 2020 оны зургаадугаар сард зохион байгуулах ёстой. Үүнд гишүүд байр суурь нэг байгаа байх гэж харж байна.
Магадгүй цөөн хэсэг бүлэг хүн өөрсдийнхөө өнцгөөс харж, сонгогдох магадлал, улс төрийн нөхцөл байдал, нам бүлгийн эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргах гэж байгаа бол буруу.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)