“Хүслийг хангагч үнэт эрдэнэ” буюу САРЛАГ

Сарлаг бол үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйлийн мал. Сарлагийг Гималайн салбар уулс, Тэнгэр уул, Алтай, хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж иржээ. Сарлагийн өвөг нь одоо ч Төвдийн ууланд амьдарч буй зэрлэг сарлаг юм. Энэ амьтныг монголчууд сарлаг, киргизүүд топос, төвдүүд яага гэж нэрлэдэг. Сарлаг нь манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд тархсан бөгөөд хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг.

Сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш, 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн бэлчээр ус ашиглаж, арчилгаа маллагааны ердийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул эдийн засгийн үр ашиг сайтай мал гэж олон улсад үздэг юм байна.

Манай орны хувьд сарлагийг өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд, бэлчээрийн маллагаанд гойд зохицон амьдарч, өсөн үржиж чаддаг, Монголын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөл гэж тодорхойлдог. Хад асга, цавчим ангал бүхий газрын бэлчээрийг илүү ашигладаг, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, өөр төрлийн мал хүрэх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлдэггүй нь монгол сарлагийн давуу тал.

Хамгийн сүүлийн тоон үзүүлэлтээр Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876.6 мянган толгой сарлагийг үржүүлж байна. Бэлчээрийн даацад нөлөөлдөггүй, өндөр ашиг шим бүхий монгол сарлагийн үндсэн ашиг шим болох мах, сүү, хөөвөр, түүний боловсруулсан бүтээгдэхүүнийг дотооддоо хэрэглээд зогсохгүй экспортод гарах боломж ихтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс сүүлийн үед онцлох болсон.

Сарлагийн бух үнээнээсээ биеийн үндсэн хэмжээгээр 20-30 хувь, жингээр 50-60 хувиар илүү биеэр том. Сарлагийн цээжин бие том, урт, гүн, багтаамж ихтэй. Сээр хавирганы тоо 14-15 буюу жирийн үхрийнхээс нэгээр илүү байдаг юм байна. Сарлаг нь харьцангуй богиновтор биетэй, биеийн ташуу уртыг нь өндөрт харьцуулахад 110-115 хувь орчим байдаг аж. Сарлаг нь биеийн жингээр зэргэлдээ нутгийн монгол үхэртэй ойролцоо, намар нас гүйцсэн бух 400-450, үнээ нь 270-280, 3-4 настай шар 300-350, эр шүдлэн 220-250 кг хүрдэг юм байна.

Сарлагийн мах миоглобин ихтэй, тэр нь агаарын хүчилтөрөгчтэй амархан исэлдэж махыг хүрэн улаан өнгөтэй болгоно. Сарлагийн өөх “А” аминдэмийг үүсгэгч каротин ихтэй учир тод шаргал өнгөтэй. Түүнчлэн мах нь харьцангуй бүдүүвтэр ширхэгтэй, бараавтар, мах өөхний алаглалт багатай боловч энэ бүхэн нь чанарыг бууруулах биш, харин ч өөх тос-уургийн харьцаа зохимжтой, уураг, витаминаар баялаг болохыг харуулна. Сарлагийн мах хүнсний хэрэгцээ хангах болон гадаадын зах зээлд үнэлэгдэх байдлаараа үхрийнхтэй нэгэн адил.

Зарим хүмүүс сарлагийн мах монгол үхрийн махнаас өөр амттай байдаг тухай ярьдаг. ХААИС-ийн багш Л.Бадамханд “Судалгаагаар сарлагийн маханд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 21.7 дахин бага, хүнцэл, мөнгөн ус, кадми, сурьма зэрэг хүнд, хортой элементүүд, цацраг идэвхит бодисууд, булчин маханд хуримтлагдах магадлал өндөртэй хлорорганик, пестицидуудын үлдэгдэл илрээгүй байдаг. Сарлагийн мах нь химийн найрлагын ерөнхий үзүүлэлтээр үхрийн махтай ойролцоо боловч өөх, тосны агууламж бага, ханасан ба ханаагүй тосны хүчлийн харьцаа 1:1, тосны чанарын үзүүлэлтийн тоон утга өндөр ч хадгалалтын явцад хэмжээ нь харьцангуй бага нэмэгддэгээс хадгалалт даах чадвар илүү байх магадлалтай. Эдгээр шинж чанаруудад түшиглэн сарлагийн махыг боловсруулж, нөөшилсөн бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргах боломжтой” гэж санал гаргаж байсан юм.

Өндөр тослогтой сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой бол холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломж, нөөц байгаа аж. Сарлагийн сүүний нийт гарцын хэмжээ хөхүүл явах хугацаатай шууд уялдаатай. Тухайлбал, 2-3 дугаар сард тугаллавал дунджаар 740, дөрөвдүгээр сард бол 670, тавдугаар сард бол 600, зургаадугаар сард бол 560 литр байна. Сарлагийн сүү маш өтгөн дунджаар тослог нь 7.2, уураг 5.3, чихэрлэг 5.2 хувь байх бөгөөд ялангуяа сааль татрах есдүгээр сараас бүр өтгөрч 10-11 дүгээр сард тослог нь 9-12 хувьд хүрнэ.

Сарлаг хүйтэнд маш их тэсвэртэй боловч халуунд тэсвэр муутай. Сахлаг урт үс, зузаан арьс, дулаан зохицуулах эрхтний хөгжил зэрэг нь цөм биеийн дулааныг гадагш алдахаас сэргийлсэн байдаг. Монгол үхэртэй харьцуулахад урт өтгөн үстэй, үсний урт нь биеийн хэсгүүдэд харилцан адилгүй байдаг. Өтгөн урт хялгасан сүүл, хэвлий гуя, далны доод хэсгээс борви өвдгөө хүртэл саваг хэмээх урт өтгөн үстэй. Их бие нь ноолуур ихтэй өтгөн сахлаг байдаг. Эдгээр нь хүйтний улиралд даарахаас хамгаалах, дулааны улиралд нарны цацраг гэрлээс хамгаалан, цас, мөс, хайрга чулуутай газар хэвтэхэд зөөлөн дулаан дэвсгэр болж өгдөг онцлогтой.

Сарлагийн арьс харьцангуй зузаан, хөлсний булчирхай багатай байдаг нь өндөр уулын сэрүүн нөхцөлд биеийн дулаанаа бага алдах зохицолдолгоо юм. Сарлаг биеийн дулаанаа арьсаараа зохицуулах чадвар дутмаг учир халууцах, хөөж туух үед хэлээ унжуулан хахирч амьсгаадаж байдаг нь дулаанаа амьсгалаар зохицуулж буй арга юм.

Бидний өвөг сарлагийн шарыг нуруу ачихаас бус тэргэнд хөллөгдөггүй нь тэрэгний боодуу амьсгалын замд нь саад болж дулаан зохицуулалт алдагдах явдалтай холбоотой гэнэ. Орчин үед сарлагийг тэргэнд хийсэн харагддаг нь буруу гэдгийг хашир малчид хэлдэг. Сарлаг халуун нартай, нам дор газарт наршин, зүрх судасны цохилт, амьсгал нь түргэсч дулааны зохицуулалт алдагддаг. Улмаар тарга хүч нь муудаж, ашиг шим нь буурах, бэлгийн үйл ажиллагаа, үржин төлжих чадвар доройтож элдэв өвчинд амархан нэрвэгддэг юм байна.

Сарлагийн сээрний сэртэн урт бөгөөд эгц босоо учир сэрвээ өндөр, нуруу хондлой намхан, бэлхүүс өргөн цээж гүн туурай жижиг бөх бат байдаг нь аргагүй уулын амьтан болохыг гэрчилдэг.

Сарлаг нь тал бүрийн өгөөжтэй, аж ахуйд олон чиглэлээр ашиглагддаг мал. Ардын яриагаар, тухайн байгаа нутагтаа ашиг шимээрээ монгол үхрийг бүрэн орлож, адуу, тэмээний ажлыг хийдэг, өөрөөр хэлбэл, гурван хошуу бодыг хялбархан орлодог, ямаанаас дутахгүй ноолуур өгч чадах мал гэж үзэх нь бий.

Сарлаг нь хөл хөдөлгөөнөөс зайдуу аглаг газар оршин амьдарч ирсэн, хожуу гэршсэн болохоор зан төрх, араншингийн хувьд мал, гэрийн бусад тэжээвэр амьтнаас ихэд догшин, зэрлэгдүү төрхтэй тул арчлах, тэжээх, маллах, саах, ажилд хэрэглэхэд аюултай, төвөгтэй мэт төсөөлөгдөх явдал бий ч сарлаг эзэндээ ээлтэй, төлөө хамгаалах байгалийн хариу урвал нь бусад малыг бодвол илүү гэнэ. Сарлагийн дошсон бухнаас чоно хүртэл айдаг тухай элдэв ам дамжсан яриа бий. Доших гэдэг нь бухын ороо өнгөрч, сүрэгт нийлэхгүй уул хадаар хээрлэн ганцаар явах хугацааг хэлдэг юм байна.

Үхэр сарлагийн эрлийзийг хайнаг гэнэ. Монголын бух, сарлагийн үнээнээс гарсан хайнагийг наран хайнаг. Монголын үнээнээс гарсан хайнагийг саран хайнаг гэдэг. Хайнагийн үнээг сарлагтай эрлийзжүүлбэл ортоом. Дараах үеийг нь усан гүзээ, удаах үеийг нь усан палайн гэж нэрлэнэ.

Өнгөрсөн сарын 27-нд Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр нэгэн сарлаг хөөрч хурсан олныг яран давхиж, ганц хоёр хүнийг шүргэж унагаасан билээ. Энэ үйл явдлыг харсан нэгэн яруу найрагч бүсгүй “Ламын гэгээний сахиус хонгор нутагтаа бууж ирсэн” гэх утгатай зүйл ярьсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж “Залуу хүн байж хэт мухар сүсэгтэй байна”, “Бид ийм юм ярьдаг болохоор хөгжихгүй байгаа юм”, “Шинжлэх ухаанч бус зүйл ярилаа” гэцгээсэн. Гэтэл түүний яриаг бас шууд үгүйсгэх аргагүй бололтой. Төвдөд Буддын шашины үндэслэгчид, Ренбүүчи нар сарлаг гэх энэ амьтныг Гималайн нуруунд анхлан авчирсан гэх домог түгээмэл байдаг юм байна. Мөн төвдүүд сарлагийг тэнгэрээс Гандэс уулын орой дээр бууж ирсэн гэж ярих нь бий. Судлаачид “Багаар бодоход 3000 жилийн өмнө сарлаг Төвдөд нутагшжээ” гэж тодорхойлсон байдаг. Сарлаг нь Төвд үндэстнүүдийн газар нутагт анхнаасаа л амьдарч ирсэн уугуул амьтдынх нь нэг. Төвдийн бичиг дурсгал, хадны сүг зураг, хийдийн ханан дээр сарлагийн дүр төрх, толгойг сийлсэн нь олонтаа тохиолдоно. Төвдүүдийн хувьд сарлаг маш үнэ цэнэтэй амьтан учир эрдэнэ гэсэн утгатай “Норбу” гэх үгээр хүндэтгэн нэрлэдэг юм байна. Хятадаар сарлагийг “Үсэрхэг үхэр” гэдэг бол Төвдөд сарлагийг “Баялаг” гэж үзэн “Сарлаг бол таны бүх хүслийг хангадаг үнэт хөрөнгө, эрдэнэ” гэж дээдэлдэг ажээ. Лхасын гудамж, талбай, хийдүүдэд сарлагийн толгой бүхий хийцтэй баримал, зураг сэлт түгээмэл тааралддаг бөгөөд зарим айл байшингаа сарлагийн толгойгоор чимэглэнэ. Төвдөөр аялахдаа уулын орой, голын эрэг, тахилын ширээ, сүм хийдийн эргэн тойронд сарлагийн толгойтой тааралдах бөгөөд энэ нь шашны холбогдолтой зан үйл, сүсэг бишрэлтэй холбоотой. Сарлагийг Монголд нутагшуулсан нь Буддын шашинтай зарим талаараа холбоотой тухай домог бий. Сарлагийн сүүнээс гаргаж авсан тос буюу цөцгийгөөр зул барих, балин хийх нь түгээмэл байсан бөгөөд өдгөө цагт ч сарлагийн сүүнээс гаргаж авсан тосоор болон байгалийн бүтээгдэхүүнээр өнгө будгийг гаргаж балин урлагийг бүтээдэг. Буддын шашны их таван ухааны Урлахуйн ухаанд хамаарагддаг балин урлалын гол түүхий эд нь сарлагийн сүүнээс гаргаж авсан тос бөгөөд эрт үед монголчууд зул барихын тулд сарлагийг Төвдөөс тууж авчраад эх нутагтаа суурьшуулж, гаршуулж сааль сүүг нь авч эхэлсэн гэх домог яриа байдаг юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • 123 (119.40.98.162)

    2019-09-02

    Их өгөөжтэй, буянтай мал.

  • Онч (122.201.24.135)

    2019-09-01

    Тун сайхан мэдээлэл уншчихлаа.Баярлалаа.

  • (91.57.252.228)

    2019-08-31

    Сарлагийн хөөвөр гэж ярьдаг. Ноолуур биш. Магтах гээд бүх ядчих юм.