УИХ-ын дарга Г.Занданшатар Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

 

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт иргэд ээ,

Халхын голын хамтын ялалтыг дархлалцсан Хүндэт дайчид аа,

Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр Монголын ард түмэн туурга тусгаар улсынхаа гайхамшигт түүхийн нэгэн бахархалт хуудас, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зэвсэг барин тулалдсан халуун эх орончдын баатарлаг гавьяаг дурсан тэмдэглэж байна.

Хүнд бэрх цагт анд нөхрийн ёсоор туслан дэмжиж, дайны фронтод ялалтын төлөө мөр зэрэгцэн тулалдсан Оросын Холбооны Улсын хатан зоригт дайчдын суу алдрыг ялалтын баярын энэ өдөр дурсан тэмдэглэж, гүн талархал илэрхийлье.

Энэхүү ялалт хоёр орны ард түмний хамтын ялалт байсан бөгөөд дайны талбарт цусаар гагнагдсан ахан дүүсийн нөхөрлөл энхийн цагт ч тууштай үргэлжлэн уламжлагдаж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, олон улсын тавцанд харилцаа, хамтын ажиллагаа маань тууштай гүнзгийрэн хөгжсөөр байна.

Эрхэм иргэд ээ,

Тэртээ найман арваны өмнө Монголын дорнод хязгаар, Халх голд болсон энэхүү түүхэн үйл явдал монголчуудын хувьд Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг баталгаажуулах, дэлхий дахинаа энхийг тогтоох ариун үйл хэргийн төлөөх баатарлаг тэмцэл байсан юм. Түүнчлэн дэлхийн түүхэнд тод ул мөрөө үлдээсэн эзэн Богд Чингисийн үр сад, тусгаар тогтносон Монгол Улс бодитой оршин буйн илэрхийлэл болсныг бид мартах учиргүй.

Халх голын дайны түүхийг судлаачид янз бүрээр тайлбарлах нь бий хэдий ч энэ бол аугаа эх орны II дайны угтал, энэ гамшигт дайн энхийг эрхэмлэгчдийн ялалтаар төгсөх урьдач нөхцөл, дэлхий хэмээх нэгэн гарагийн үр сад энх амар оршин амьдрахын чухал баталгаа болсон гэж үзэх үндэстэй.

Тиймээс Халх голын дайны түүхэн ач холбогдол, ахмад дайчдынхаа байгуулсан гавьяаг үеэс үед дархлан мөнхөлж, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх нь монгол хүн бүхний эрхэм журамт үүрэг мөн.

Түүхэн ойн энэ өдөр Халхын голын дайнд оролцож, ялалтыг дархалсан халуун эх оронч, баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийе.

Эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, Монголын ард түмний эрх чөлөө, жаргалант амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан эх орончдын яруу алдар бадрах болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

 

2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр                                                                                                                                                                          Улаанбаатар хот.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)