Л.Нямбаяр: Тавантолгой-Гашуунсухайтын авто замд засварын ажлыг улирал харгалзахгүй хийж байна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замд хийж буй бүтээн байгуулалтын ажлын талаар “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяртай ярилцлаа.

-Монголын экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол бол зам Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам шүү дээ. Энэ жилийн хувьд энэ чиглэлийн замаар хэчнээн тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар хэдийг тээвэрлээд байна вэ?

-Энэ замаар Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд бүтээгдэхүүнээ тээвэрлэж, Гашуунсухайт боомтод хүргэдэг. Өнгөрсөн жилийн хувьд нийт экспортод гаргасан коксжих нүүрсний 60 орчим хувийг Тавантолгой-Гашуунсухайт  чиглэлийн замаар тээвэрлэсэн байна. Энэ жил Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Үүний 23 сая тонныг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар тээвэрлэнэ. Бид уртын болон богинын тээвэрлэлт хийж байгаа. Урт гэдэг нь Тавантолгойн ордоос Цагаан хад хүртэлх тээвэрлэлт, богино нь Цагаан хаднаас Гашуунсухайтын боомт хүртэлх тээвэрлэлтийг хэлж байгаа юм. Одоогоор уртын чиглэлд 14.6 сая тонн нүүрс тээвэрлэсэн, харин богинын тээвэрлэлтэд өдөрт 1000-1100 тонн нүүрс гарч байгаа. Он гарснаас хойш Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар экспортод гаргасан нүүрсний хэмжээ 10.4 сая тонн болсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад  нэмэгдсэн үзүүлэлт юм.

Цаашид Цагаан дэл уулын боомт болон Ханги-Мандал чиглэлийн боомт руу авто зам тавихаар концессын гэрээнүүд хийгдээд байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажил дуустал нийт тээвэрлэлтийн дийлэнх хувь нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар дамжина.

-Нүүрс тээвэрлэж байгаа хэчнээн компани бүртгэлтэй байна вэ?

-Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтээс гадна зам дагуу байгуулагдсан нүүрс угаах үйлдвэрүүд коксжих нүүрсээ тээвэрлэж байна. Одоогоор  тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа 189 аж ахуйн нэгжийн том оврын 13411 машин  нүүрс тээвэрлэж байна.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад авто замаар тээвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ болон тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн байна. Гэхдээ энэ хэрээр замын чанар муудлаа, осол аваар их гарлаа, боомтын ачаалал ихэслээ гэдэг асуудал байнга гардаг. Замын засвар арчлалтын ямар ажлууд хийгдэж байна?

-Зам дээр гарч байгаа осол аваар, тээвэрлэлт саатдаг байдал нь замын чанар, техник хэрэгслийн чанар, хүний хүчин зүйл буюу жолоочийн ур чадвар, компаниудын хариуцлага гээд олон цогц асуудлаас хамааралтай л даа. Тиймээс бид ганцхан замын чанарыг сайжруулна гэхээс илүүтэйгээр асуудлыг цогцоор харж, тодорхой ажлууд хийж байна.

-Тухайлбал?

-Замын чанарыг сайжруулах чиглэлд нэлээн том ажил хийсэн. Нүүрсний экспорт саарч байсан 2014, 2015 онуудад замын засвар шинэчлэлийн ажлыг огт хийгээгүй орхисон байсан. Үүнээс болж авто замд маш их хэмжээний эвдрэл, гэмтэл үүссэн. 2017 онд нийт замын 30 хувь нь эвдрэлтэй гэдэг дүгнэлт гарсан шүү дээ. Энэ жил 30 хувийн эвдрэл 1 хувь болж буурсан байна. Авто замын 48.5 км-ийг нь асфальтаар хучсан.  Уг замын ТЭЗҮ-ээр цементэн суурин дээр асфальтан хучилт 6 см хийгдсэн. Энэ  нь ижил төрлийн нүүрс тээврийн замтай харьцуулахад нимгэнд тооцогддог. Гэтэл өнгөрсөн хугацаанд хучилтын ажлыг дорвитой хийж чадаагүй байсан. 2017, 2018 онд тус бүр 5  км замд л хучилт хийсэн. Харин энэ жилийн хувьд бид 48.5 км замд битүү хучилт хийж, замын зузааныг 4-5 см байсныг 10-12 см болгосон. Энэ бол том бүтээн байгуулалтын ажил.

Дээр нь өнгөрсөн хугацаанд өвлийн улиралд зам засварын  ажил хийж болдоггүй байсан бол бид хүйтэн асфальтын технологийг нэвтрүүлж, улирал харгалзахгүй замаа  засварладаг болсон. Мөн Засгийн газраас өгсөн албан даалгаврын дагуу зам засварын нэгж байгуулагдаж, 35 хүний бүрэлдэхүүнтэй, 13 нэр төрлийн 20 техник тоног төхөөрөмжтэй зам засварын нэгж ажиллаж байгаа. Ер нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын осол аваар гарч болох эвдрэлийг бүрэн арилгана гэж бид зорьж байна.

-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолооч нарыг чадваржуулах чиглэлд ямар ажлууд хийгдэв?

-Жолооч нарт тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагыг бид байнга тавьдаг. Компаниуд засварын жижиг кемптэй хэдий ч зам дагуу цахилгаан эрчим хүчний дэд бүтэц бараг байдаггүй. Тиймээс машин эвдэрлээ гэхэд нэг бол Хятадын тал руу гарна, эсвэл сум, аймгийн төв орж засуулах болдог. Энэ асуудлыг шийдэхийн тулд зам засварын газруудыг цахилгаанаар холбохоор ажиллаж байна. Энэ ажил ирэх жил гэхэд бүрэн шийдэгдэх юм.

Мөн энэ жил замын ус зайлуулах 2 хоолойг шинэчилж, зам дагуу 20 түр зогсоол барьсан. Тээвэрлэлтэд явж байгаа машинуудын ихэнх 2010, 2011 онд үйлдвэрлэгдсэн байна. Хот суурин газарт бол эдгээр машины насжилт харьцангуй гайгүйд тооцогддог бол 68-70 тонн нүүрс ачсан машинуудын хувьд элэгдэл, гэмтэл ихтэйд тооцогдоно. Тиймээс зам дээр эвдэрч, зорчих хэсэгт олон цагаар зогсож, замын хөдөлгөөнд саад учруулдаг. Тиймээс зам дагуу нэлээн том хэмжээний түр зогсоолуудыг байгуулсан юм. Эвдрэл гэмтэл гарсан тээврийн хэрэгслүүд түр зогсоолд байрлаж, завсар үйлчилгээгээ хийнэ.

-Засгийн газрын удирдлагууд Тавантолгойд ажиллахдаа нүүрсний тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын ажиллах орчинг сайжруулж, эрүүл мэндэд анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгосон шүү дээ. Энэ ажилд ахиц гарсан гэж ойлгож болох уу?

-Нүүрс тээврийн жолооч нар маш хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс Засгийн газраас тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын эрүүл мэндийн асуудалд нь анхаарч, эмнэлэг байгуулах албан даалгаврыг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Бид энэ чиглэлд анхаарч Эрүүл мэндийн яам болон компаниудтай хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн жил тээврийн хэрэгслийн жолооч нарыг эмнэлгийн үзлэгт хамруулсан. Энэ жил дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Өнгөрсөн жил 20 мянган шинжилгээ хийсэн, энэ жил илүү олныг хийхээр төлөвлөж байгаа. Жолооч нар тоосжилттой орчинд хүнд даацын машин барьж байгаа учраас хамгийн түрүүнд чих, хамар, хоолой болон уушгины өвчлөл ихтэй байдаг юм билээ. Тиймээс энэ төрлийн шинжилгээг авч, шаардлагатай зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллах юм.

Жолооч нарын бие өвдөх, гэнэтийн осол аваарт ороход даатгал, халамжаа авч чадахгүй тохиолдлууд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар компаниудад шалгалт хийж хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Зөрчлийг арилгуулах, нийгмийн даатгалын ач холбогдлыг жолооч нарт таниулах, мэдлэгжүүлэх ажлыг хамтран хийж байна.

Мөн бид Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран ирэх аравдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам, түүнийг тойрсон суурьшлын бүсэд “Яараад яахав” аяныг зохион байгуулахаар бэлтгэлдээ орсон. Тавантолгой-Гашуунсухайт зам дээр тээврийн болон эрүүгийн цагдаагийн 30 албан хаагч ажиллаж, хэв журмыг сахиулж ажиллаж байгаа. Үр дүнд  нь осол аваарын тохиолдол буурсан.

-Түр зогсоолуудаас гадна зам дагасан дэд бүтцийн ажлууд хэр хийгдэж байна?

-Зам дагасан дэд бүтцийг байгуулах нь маш чухал. Жишээ нь, машин нь эвдрэх, эсвэл бие нь эвгүйрхэж дуудлага өгөх шаардлага үүслээ гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын зарим хэсэгт үүрэн телефоны сүлжээ барьдаггүй. Энэ асуудлыг шийдэхээр Юнител компанитай хамтран шинээр антенууд суурилуулж байгаа. Нийт 6  антен суурилуулахаас 4-ийг нь босгоод байна. Ирэх есдүгээр сарын 20-ноос энэ чиглэлийн зам бүрэн сүлжээтэй болно. Сүлжээтэй болсны давуу тал их шүү дээ. Жишээ нь, цагдаагийн албан хаагчид торгуулийн багажаа сүлжээний тусламжтай ашиглана, жолооч нар ар гэрийнхэнтэйгээ хаана ч харилцах боломжтой болно. Аль болох бүх талын цогц арга хэмжээг авч, уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна даа. 

-Ер нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замаар жилд хэчнээн тонн нүүрс экспортлох боломжтой вэ. Цаашдаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж, бололцоо хэр байгаа бол?

-Манайхаас гадна Нарийнсухайт зэрэг бусад чиглэлд тээвэрлэлт хийгдэж байгаа. Манай замын хувьд жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ бид зөв менежментээр ажиллаж чадвал жилдээ 23 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой. Нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд замын хүчин чадлаас гадна боомтын хүчин чадал чухал нөлөөтэй. Хятадын талаас боомтынхоо нэвтрэлтийг орох чиглэлд 9, гарах чиглэлд 9 болгож нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэг машины нэвтрэх цаг багасч байгаа гэсэн үг. Харин Монголын талын боомтын хүчин чадлыг өргөтгөх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хятадын буцалтгүй тусламжаар боомтын хүчин чадлыг өргөтгөх ажлыг  есдүгээр сараас эхлэх гэж байна. Нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд уурхай, зам, боомтын асуудал нягт уялдаатай шүү дээ. Тиймээс энэ чиглэлд ажилладаг хувийн болон төрийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа зөв байх нь хамгийн чухал. Уурхай нь асуудалгүй, зам нь эмх цэгцтэй, боомтоор гаргах технологиуд нь шийдэгдсэн, тээвэрлэлт хийдэг компаниуд нь хариуцлагатай, 13 мянган жолооч нар нь чадвартай байх шаардлагатай. 

-Нийт 13 мянган тээврийн хэрэгслээс өдөрт хэд нь тээвэрлэлт хийдэг вэ. Боомтын ойролцоо үүсдэг урт дарааллыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Богинын тээвэрлэлтэд өдөрт 1000-1100 машин боомтоор нэвтэрч, зарим машинууд зам дээр өнждөг. Хятадын нүүрс буулгах цэгт нүүрсээ буулгаад хоосон 600-700 орчим машин өдөрт явдаг. Тэгэхээр өдөрт идэвхтэй хөдөлгөөнд орж байгаа 1700-1800 машин байна гэсэн үг. Дараалалд зогсож байгаа машинуудад зориулж 2 зогсоол барьж байна. Боомт талдаа 2500, уурхай талдаа 1000 машин зогсох боломжтой болох юм. Энэ зогсоолууд бүрэн ашиглалтад орсноор зам дээр зогсдог, түгжирдэг, урт дараалал үүсдэг байдал арилна. Хилээр тодорхой тооны машин гарахад дараагийн  машинууд зогсоол дээрээс хөдлөх зохицуулалттай. Тухайн зогсоолд төрийн нэгдсэн үйлчилгээний цэг, авто машины засвар, оношилгоо, эмнэлгийн нэгж, 300-400 хүний багтаамжтай зочид буудал, амрах, хооллох, усанд орох, угаалгын үйлчилгээ авах газрууд байгуулагдана. Энэ ажил өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)