Батсуурийн Батхишиг: Асуудал юунд байна буюу бидний хандлага

Нэгэн судалгааны байгууллагаас иргэдийн дунд дараах судалгааг явуулжээ. Утга нь нэг иймэрхүү: Монголчууд ер нь ажилсаг уу? гэж 10 хүнээс асуухад бүгд л “За манайхан ч дээ ер нь л залхуу шүү “ гэж хариулж байна гэнэ. Дараа нь яг тэр хүнээсээ та ер нь хэр ажилсаг хүн бэ? гэж асуухад “За би бол ер нь ажилсаг хүн шүү” л гээд байна гэнэ.. Цаашлаад 20 хүн, 30 хүнээс ч асуусан хариултууд нь яг ижил. Тэгээд яг ажилгүй залхуу хүмүүс нь хаана байгаа нь ойлгомжгүй, эсвэл Монголд байгаа цөөхөн хэдхэн ажилсаг хүнийг олж очоод судалгаа авчихсан болж таарах нь.

Үүнээс дүгнэж юу хэлэх гээд байна вэ гэвэл бид нийгмийн бухимдал, хотын түгжрэл, хог ер нь бүх л зүйлд бусдыг буруутгах хандлагатай байна. Хүн буруу зүйл хийсэн ч өөрийгөө буруутай гэж боддогүй бололтой. Хулгай хийгээд баригдсан ч ажил байхгүй юм чинь өөр яах юмбэ? гэсэн тайлбар сонсох нь олонтаа тохионо

Бид яагаад ч юм өөрсдийгөө бусдаас илүү давуу эрхтэй гэж бодоод байна. Гуравхан алхамын өмнө өөрөө хогоо ил хаячихаад урд нь алхаж яваа хүн хог хаявал ямар муухай соёлгүй юм бэ? гэж бодох жишээтэй. Угаасаа л хогтой байгаа юм чинь БИ ГАНЦХАН УДАА хаяхад яавал гэж гэж өөрийгөө өмөөрч бодно. Өөрөө дүрэм зорчиж машин шүргэчихээд намайг яарч явхад урдуураа оруулаагүй нөгөө жолооч л буруутай гэж дайрна.

Энэ өөрийгөө өмөөрсөн бодлуудын нийлбэр биднийг хогон дунд, бухимдал дунд амьдруулаад байна.

Одоо тэгвэл хандлагаа өөрчлөе. Бусад нь хог хаяж байгаа юм чинь би ч бас хаяхад яахавдээ, бусад нь дүрэм зөрчиж байгаа юм чинь би ганц удаа зөрчхөд зүгээр гэж биш, бусад нь хаявал хаяг би л хог хаяхгүй юм шүү гэж боддог болмоор байна. Зарим хүмүүст хувиа хичээсэн бай гэж уриалж байгаа мэт санагдах байх  Гэхдээ бүх хүн ийм өнцгөөс хараад эхэлвэл асуудлууд аяндаа алга болчихно. Өөрчлөлтийг, бусдыг хүндлэх хүндлэлийг, сайн үйлсийг, тусч сэтгэлийг өөрсдөөсөө л эхэлье. Өнөөдөр гавъяа байгуулахгүй юмаа гэхэд нэг ч гэсэн дутагдлаасаа салахыг хичээцгээе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)