Д.Жанчивдорж: Түрүү бөх допинг хэрэглэж төрт ёсны наадмаа гутааж байгаа нь эмгэнэлтэй

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглож, өндөр цол хүртсэн хоёр бөхөөс допинг илэрснийг Баяр наадмын комисс албан ёсоор зарлаад байна. Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэг нь улсын аварга Э.Оюунболд бол нөгөө бөхийнх нь В сорьцын хариу ирсний дараа нэрийг нь зарлана гэж мэдэгдэж байгаа. Монголын төрт ёсны их баяр наадамд допингтой бөх зодоглож, түрүүлдэг болсон асуудлыг бөх судлаач, бөхийн хорхойтнууд хэрхэн үзэж байгаа нь сонин. Энэ талаар улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржтой ярилцлаа.

-Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөс допинг илэрснийг Баяр наадмын комисс зарлачихлаа. Монгол бөхийн босоо хийморь хэзээдээ ингэж гундаж, муу аргаар түрүү хүртэхийг эрмэлздэг болчихов гэдэгт олон нийт эмзэглэж байна. Үндэсний бөхөөр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг хүний хувьд та үүнд ямар байр суурьтай явна вэ?

-Би ч Монголын бөхөд дуртай, шимтэн үздэг сонирхдог хүний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд байгаа олон нийтийн байр суурьтай санал нэг байна. Монгол төрийн наадамд сүүлийн жилүүдэд допинг гэж үл үзэгдэх юм ороод ирлээ. Олон улсын түвшинд, тив дэлхийн аварга, олимпийн наадамд л допингийн хяналтад ордог. Түүнийг манай тамирчид бүгд сайн мэддэг. Допинг гэдэг чинь огцом хугацаанд бяр хүчийг нэмэгдүүлдэг, зориг зүрх оруулдаг, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, эцэж цуцдаггүй байдалд оруулдаг зүйл гэж ойлгоод байгаа. Нэгэнт ийм давуу байдал үүсчихсэн хүнийг хаяхад хэцүү болно. Зөвхөн бөхөөр зогсохгүй бүхий л спортод шударга сайхан хөдөлмөрлөж өрсөлдье гэдэг зарчимтай.Ерөөсөө энэ бол дэлхийн спортын жаяг. Сүүлийн үед жил жилийн наадмын дараа ялангуяа манай үндэсний бөхөд допингийн асуудал яригддаг боллоо.

Авч байгаа арга хэмжээ нь учир дутагдалтай. Зарим хүний цолыг хураадаг, заримынх нь барилдах эрхийг жилээр хасдаг. Юу хэрэглэхээр цолыг нь хурааж хүчингүй болгодог юм, ямрыг нь тодорхой хугацаагаар хасдаг юм. Энэ нь одоо болтол тодорхойгүй. Хоёрдугаарт, аливаа томоохон спортод тамирчдад допингийн хор уршгийг таниулах сургалт гэж хийгддэг. Миний мэдэж байгаагаар наадмын бэлтгэл, цугларалтаар галуудаар явж сургалт хийсэн нэрээр гарын үсэг зуруулдаг. Гэхдээ тэр хангалтгүй. Тийм ч болохоор манай тамирчид хурдан хугацаанд том амжилт гаргачихъя гэсэн бодолтой болж. Түүнээс биш цаад хөнөөлийг мэдэхгүй байна. Энэ жилийн хувьд хоёр бөхөөс илэрлээ. Нэг нь түрүү бөхөөс илэрлээ гэж Баяр наадмын комисс, Шадар сайд мэдээлж байна. Ойлгомжтой болчихлоо. Нэг нь В сорьцынхоо шинжилгээг өгч байгаа юм байна, чухам ямар хүн гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ тэр хэн байх нь хамаа алга. Шударгаар өрсөлдөхийг манай ихэнх бөхчүүд хүсдэг, допингийн эсрэг байр суурь нэг байдаг. Ийм байхад допинг ороод ирж байгаа нь харамсалтай санагдаж байна. Нөгөөтэйгүүр түрүү бөхөөс допинг илэрч төр ёсны наадмаа гутааж байгаа нь бүр их эмгэнэлтэй, харамсалтай асуудал юм.

-Таны ид барилдаж байх үед ер нь ийм допинг, хүч сэргээх бэлдмэлийн асуудал яригдаж байв уу?

-Тэр үед ерөөсөө тийм зүйл мэддэггүй байсан. Байгаа ч үгүй. Одоо сүүлийн үед л допинг гэж яриад, эмнэлэг биеийн тамирын албанаас хүмүүс ирж сургалт зохион байгуулдаг болж. Яахав дэлхийн аварга, олимпийн наадамд явах тамирчдаас тодорхой хувь нь, эсвэл дээгүүр медальт байрт орсон хүмүүсээс шинжилгээ авдаг гэнээ гэж мэддэг болохоос биш баяр наадамд барилдаж байгаа бөхчүүдээс допинг илэрч байсан тохиолдол байхгүй. Жишээ нь, Пүрэвсайхан заан тэргүүтэй хэдэн бөх допинг хэрэглэсэн асуудлаар эрхээ хасуулаад эрх нь сэргээгдээгүй явж байгаа. Тэдний нэг нь сумын заан байгаа шүү дээ. Тэгэхээр залуучууд чинь уураг витамин уухаас гадна их бяр хүч, оруулдаг далдын хүч гаргая гэж боддог болчихож. Тэрийг болдоггүй юм байна гэдгийг хууль журмаар сайн зохицуулаад, бүр мэдрүүлж тухайн гал клубийн удирдлагуудад сургалт зохион байгуулж, тэд нар нь цааш шавь нартаа сургалт хийж наадмын өмнө “Допинг, ийм төрлийн эм элдмэл хэрэглэхгүй” гэсэн гарын үсэг авахад буруудахгүй.

-Допингийн асуудал жил дараалан яригдаж байна гэдэг монгол бөхийн жудаг алдагдаж байна гэж үзэж болохоор биз?

-Ер нь бөх ч адилхан, ямар нэгэн спорт, бусад салбарт ч ялгаагүй өөр, өөрийнхөө үеийг хамгаалж ярьдаг юм шиг байгаа юм. Тэр үе сайхан байсан, ийм байсан гэж. Мэдээж тухайн үед сайн юм байсан ч байх, муу ч юм бий байх. Гэхдээ цолны төлөө улайрдаг, хэтэрхий тийм үзэгдэл байна. Улсын цол битгий хэл аймаг, сумын цол руу хошуураад алга болдог болж. Түүнийг харж мэдсэний үндсэн дээр сая Шадар сайд хэвлэлийн бага хурлын үеэр ирэх жилээс эхлээд Баяр наадмын хуульд өөрчлөлт оруулъя, долдугаар сарын 11,12-ны өдөр ерөөсөө улс даяараа наадамладаг болно гэж мэдэгдлээ. Тэгэхгүй бол баяр наадмыг аймаг, сумдад хойно урд нь оруулаад хийхээр ийшээ тийшээ бөхчүүд цолны төлөө явчихдаг. Харин бидний үед тийм юм байгаагүй. Социализмын үе мэдээж хатуу дэг сахилгатай. Авах юм ч бий, хаях юм ч бий. Наадам бол долдугаар сарын 11, 12-ны өдрөө болдог. Яахав, тэмдэглэлт ой гээд хүндэтгэх шалтгаан байж болно. Тийм тохиолдолд Засгийн газрын тогтоолоор зарлаж хойшлуулдаг байсан. Одоо бол нэг хэсэг долдугаар сар дөнгөж гараад наадмаа хийгээд эхэлж байна. Бөхчүүд ч хошуурдаг болсон.

Манай ахмад бөхчүүд жудаг гэдэг юмыг өөрийн биеэр харуулдаг улс байлаа шүү дээ. Дамдин аварга, хоёр Мөнх аварга, Цэрэн аварга, Цэрэнтогтох аварга бүгд адилхан. Би бүгдтэй нь хамт бэлтгэл сургуулилт хийгээд л явдаг байсан. Үнэхээр сайхан жудагтай, сайхан улсууд байлаа. Тэгэхээр ахмад үеийн ёс жудаг, монгол бөхийн ёс жаяг дэгээс суралцах л хэрэгтэй. Заавал зах зээлийн чөлөөт нийгэм рүү орлоо, хүн бүр хэлэх үг нээлттэй чөлөөтэй. Миний цол авах эрх нээлттэй, би яаж авах нь хамаагүй, авч байхад л боллоо гэх маягаар ханддаг болж. Ер нь энэ чинь манай улс төрийн ялзарсан үзэгдэл бүх салбарт шингэж байгаагийн илрэл юм. Улс төрийн томчууд, сайд дарга нар нь янз бүрийн авлига албан тушаалын хэрэг хийгээд болоод байхад бид нар яагаад наадамд түрүүлчихэж болдоггүй юм гэх бодол байхыг үгүйсгэхгүй.

-Ерөөсөө үндэсний бөхийн нэр хүнд сүүлийн жилүүдэд унасаар байгаа нь дотроо хагаралтай, тэмцэлтэй байгаагаас үүдэлтэй гэж хүмүүс хэлдэг. Энэ удаагийн допингийн асуудал дээр ч харагдлаа. Бөхчүүд хоёр талд хуваагдаад л биесээ өмөөрч, нэгнийгээ баалж байх жишээтэй?

-Нэг юмны төлөө хамтдаа зүтгээд явах ёстой хүмүүс замаасаа салснаас л үүдэлтэй. Хоёр өөр холбоо болж хуваагдлаа. Үзэл бодлын зөрүүгээс болдог юм уу яадаг юм, үүнийг дагаад Монголын ард түмнийг хоёр хэсэгт хуваачихаж байна. Үндэсний бөх гэдэг дээр үеэс уламжлагдаж ирсэн ариун нандин их соёлын үнэт өв гэж бид үздэг. Манай бөхчүүдийг хамгийн жудагтай хүмүүс гэж ард түмэн хайрладаг. Гэтэл хоёр холбооны хэрүүл нэлээд олон жил үргэлжилж байна. Холбоо болохоос ч өмнө эхэлсэн асуудал шүү дээ энэ. Явсаар явсаар яаж ч шийдэж чадахгүй байдалд хүрчихлээ. Одоо энэ асуудлыг бөхийн ноён оргил болсон аваргууд өөр хоорондоо буулт хийж ойлголцоод явах ёстой. Монгол хүмүүс байна даа. Хамтраад ажилламаар санагддаг юм. Гэхдээ ийм байдал хүмүүст их муухай харагдаж байна. Найз нөхөдтэйгөө уулзсан ч холбооны зөрчил яригддаг. Нэг холбоог нь дэмждэг хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг тулгах, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх гээд улайрдаг. Ер нь энэ жилдээ багтаад нэг тийш болгох хэрэгтэй. Гол байгууллага нь бөхийн холбоо байж таараа. Эрчимтэй нэг баг болоод ажилламаар санагдаад байгаа юм.

-Э.Оюунболд аваргад унасан Н.Батсуурь авраг, Ц.Содномдорж арслан, харцага Д.Анар гээд бүгд түрүү бөхөд нэр нь тодорч байсан бөхчүүд. Одоо тэдний даваа яах билээ гэдэг асуудал эргэлзээтэй байна уу даа?

-Хар ухаанаар бодоод үзэхэд ойлгомжтой. Тав, зургаа, долоо, найм, есийн даваа. Даваа бүрт унасан бөхчүүд яах юм. Манайд байдаг жишгээр бол цол өгөөд байдаг. Уг нь нэг бөх нэг хүнд аваад цол авах ёстой доо. Тавын даваанд Оюунболдод Баян-Өлгийн аймгийн арслан унасан санагдаж байна. Тэгэхээр бүгдэд нь цол өгөөд ахиулаад начин, харцага, заан, даян аварга гээд цолыг нэмээд өгчихөөр нэг тийм өмнө гарч байгаагүй үзэгдэл харагдах гээд байна. Нэг хүн допинг хэрэглэсний төлөө дөрөв, таван хүн цол авах уу яах уу гээд. Сошиал орчин хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн санаа таамаг явж байна. Нөгөө талаар энэ бөхчүүд допинг хэрэглэсэн хүнд унаад нэг ёсондоо хохирч үлдлээ. Спортын хүн гэдэг тодорхой хугацаанд ид үедээ амжилт гаргадаг. Бүтэн нэг жилийн хөдөлмөр нь талаар өнгөрч байхгүй болчихлоо.

-Зөвхөн тавын даваанаас дээш гэлтгүй, нэгээс дөрвийн даваанд унасан бөхчүүд яах вэ гэдэг асуудал бас бүрхэг байх шиг. Тэд ч бас хохирсон бөхчүүд болж таараад байна шүү дээ?

-Тэр бол яг үнэн. Унасан есөн хүн нэгийн даваанд унасан ч адил, үзүүрт унасан ч адилхан бүгд харамсалтай. Ялангуяа гурав, дөрвийн даваанд. Гэхдээ тавын даваанд нэг залуу бөхийг хаясан гэж бодвол түүнд цол өгвөл тэр нь эргээд маапаантай юм шиг санагдаад байдаг юм. Өнгөрсөн жил гэхэд Баянхонгорын аймгийн арслан Эрдэнэхүүд баяр наадмын өмнө улсын начин цол өгсөн. Тэгэхээр шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэсэн байгаа. Допинг хэрэглэснийг нь тогтоогоод нөгөө бөхчүүдэд цол олгоход бага даваанд уначихаад цол авч байгаа бөхчүүд допинг хэрэглэсэн, хэрэглээгүйг яаж мэдэх вэ. Логик ухаанаар бодоод үзэхэд ийм асуудал харагдаж байгаа. Өмнөх жилүүдийн байдлаас харахад допинг хэрэглэсэн нь тодорхой болсон ч бөхчүүд тийм ийм гэмтлийн улмаас эм тариа хэрэглэсэн гэж булзааруулж ярьдаг. Допинг хэрэглээгүй, өвчнөө намдаахын тулд хэрэглэсэн гэж олон нийтийг төөрөгдүүлдэг. Тэгэхээр ямар, ямар эм тариа хориотойг бөхчүүд, дасгалжуулагч галын удирдлагууд нь мэддэг байх хэрэгтэй. Ерөөсөө баяр наадмын тухай хууль, бөхийн найраа, допингийн асуудлыг нарийн дүрэм журмаар зохицуулахаар харагдаж байна. Бөхийн холбоо, Баяр наадмын комисс үүнд дорвитой шийд гаргах цаг нь болсон.

-Э.Оюунболдыг улсын аварга болоход монгол түмэн маш их баярлаж, биширч байсан нь саяхан. Гэтэл тэр олон хүний итгэлийг эвдсэн ийм үйлдэл гаргасан нь залуу бөхөд хүндээр тусч байгаа нь гарцаагүй болов уу?

-Оюунболдыг ямар ч байсан улсын наадамд түрүүлэхийн тулд юу ч хамаагүй хэрэглэе гэж бодоогүй байх. Санаандгүй, магадгүй ямар нэгэн хүн зөвлөснөөр хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Мэдээж допингийг нэлээд нарийн мэргэжлийн түвшний хүн гадарлаж мэднэ үү гэхээс хүн бүр учир зүйг нь олохгүй. Түүнийг яаж хэрэглэснийг мэдэхгүй байна. Өөрөө тодорхой тайлбар өгөх байлгүй. Бөх сонирхогч хүний хувьд Оюунболдыг улсын наадамд хэд түрүүлчих бөх гэж хардаг. Харцага болсон үеэс нь л харагдаж байсан. Дахиад ч Оюунболдод түрүү байгаа. Залуу хүн бэлтгэл сургуулиа чанартай чамбайруулж хийгээд, шударгаар өрсөлдөх юм бол түрүүлэх нас байна, хүч байна, бяр чадал байна. Өөрийн хөдөлмөр, ухаан бодол бүх юм нь байна, өгөгдөл нь өөрт байж байгаа л гэж хардаг.

Б.ЭНХЗАЯА

 

 

Б.ЭНХЗАЯА
Өдрийн сонин

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)