Д.Уламбаяр: Монгол, ОХУ-ын харилцаа оргил үе рүүгээ шилжлээ
- 2019-09-05
- Үнэн
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 2-3-нд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалаар талууд 10 гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улс, ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулж Найрсаг, иж бүрэн стратегийн түншлэлд хүргэсэн юм. Хойд хөршийн Төрийн тэргүүний айчлалын үр дүн болон бусад асуудлын хүрээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор профессор Д. УЛАМБАЯРТАЙ ярилцлаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?
-Халхын голын дайны түүхэн ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож байна. Үүний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийж, 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ айлчлалын онцлог нь ОХУ, Монгол Улсын найрсаг харилцааг иж бүрэн стратегийн түншлэлд хүргэх гэрээнд гарын үсэг зурсан явдал байв. 2003 онд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр ОХУ-д айлчилж, хоёр орны хооронд сайн хөршийн уламжлалт түншлэлийн харилцааг тунхагласан бол 2009 онд Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч /тухайн үеийн/ Д.Медвеедев манай улсад айлчилж, стратегийн түншлэлийн талаар Улаанбаатарын тунхаг баталж байсан.
Харин энэ удаад стратегийн түншлэлийг иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ болгож баяжууллаа. В.Путиний хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд хоёр орны харилцаа чанарын шинэ шатанд гарч байна. Нөгөөтэйгүүр энэ гэрээг хоёр тал хугацаагүй байгууллаа. Аливаа улс орон гэрээ байгуулахдаа тав, арван жилээр байгуулаад хоёр талаас ямар нэгэн санал, зөвлөмж гаргахгүй бол автоматаар сунгаад явдаг. Манай хоёр улс ингэж хугацаагүй гэрээ байгуулж буй нь хэчнээн ойр дөт болохыг харуулж байгаа юм. Бас нэг онцлог нь өргөтгөсөн хэлэлцээр хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, хоёр орны Төрийн тэргүүний ганцаарчилсан уулзалт цаг 40 минут орчим үргэлжилсэн. Энэ нь хоёр орны харилцаа маш илэн далангүй төдийгүй ойр дотно байгааг илэрхийлсэн хэрэг.
Нэг ёсондоо өргөтгөсөн хэлэлцээр хийлгүйгээр ганцаарчилсан уулзалтыг илэн далангүй байдлаар хийчихэж байгаа юм. Айлчлалаас үүнийг яалт ч үгүй онцлох учиртай. Мөн ОХУ-ын мэдэлд байдаг орон сууцнуудыг хувьчлахаар тохиролцлоо. Үндсэндээ энэ айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа оргил үе рүүгээ шилжлээ гэдгийг эрх зүйн баримт бичгээр баталгаажууллаа.
-В.Путиний хувьд Халхын голын дайны ялалтын ойтой давхцуулан Монгол Улсад айлчилдаг гэх мэдээллийн тухайд та ямар байр суурь илэрхийлэх вэ. Түүний өмнөх айлчлалыг эргэн санавал?
-В.Путин Монгол Улсад дөрвөн удаа айлчилсан. 2000 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа намар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Улаанбаатарын тунхаг бичгийг гаргаж байсан. Үүний хүрээнд Монгол, ОХУ-ын харилцаанд удаан хугацаанд түвэг учруулж байсан их өрийг шийдэх үндсэн зарчмыг тохиролцсон. Ингэхдээ нэгдүгээрт, энэ өрийг Монголын эдийн засагт дарамт болохгүйгээр шийдэх, хоёрдугаарт, хоёр улсын олон жилийн найрамдлыг харгалзан үзнэ. Гуравдугаарт, олон улсын жишгийг харгалзана. Дөрөвдүгээрт, их өрийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдвэрлэх үндсэн зарчмыг тодорхойлж байсан. Үүний дараа В.Путин 2004 оны тавдугаар сард Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсад айлчилж байсан. Ингэхдээ манай улсын хөдөө аж ахуй буюу ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг манайд нийлүүлэх ажилд оролцож байсан. 2014 онд Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд оролцохоор манай улсад айлчилж байсан. Энэ үеэр Монгол, ОХУ-ын энгийн паспорттой иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулсан нь олон талын ач холбогдолтой зүйл болсон. Ингэснээр арилжаа наймаа хийх иргэдийн тоо үлэмж нэмэгдсэн. Харин энэ удаагийн айлчлал Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд боллоо. Энэхүү ойн баярт хоёр талаас маш өндөр ач холбогдол өгч, олон талын арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, ОХУ-ын "Роснефть” компанийн зүгээс 88 сая еврогийн өртөг бүхий Халх голын шинэ сумыг иж бүрэн тохижуулж өглөө.
Мөн Монгол, Оросын хамтарсан ‘‘Улаанбаатар төмөр зам”-ын 70 жилийн ойтой давхацлаа. Оросын мэргэжилтнүүд болон техникийн тусламжтайгаар Атар газар эзэмшсэний 60 жилийн ойтой мөн давхацлаа. Ингээд хоёр орны хамтын ажиллагаа урт удаан хугацаанд тогтвортой үргэлжилнэ гэдгийг илэрхийлсэн түүхэн айлчлал боллоо гэж дүгнэж байна.
-Талууд маш олон гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс та юуг нь онцлох вэ?
-Дэд бүтцийн салбарт маш чухал гэрээ байгууллаа. Энэ нь, хоёр улс үндэсний мөнгөн тэмдэгтээрээ хамтарсан сан байгуулахаар болсон явдал юм. Түүгээр дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн ОХУ-ын зүгээс Монгол Улсын дэд бүтэц, тэр дундаа төмөр замын босоо тэнхлэгийн дамжин өнгөрүүлэх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрлээ. Монгол Улсын Засгийн газраас 100 тэрбум рублийн зээл авах хүсэлтээ илэрхийлсэн. Түүгээр ‘‘Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, Зүүн баян-Ханги мандалын шинэ төмөр замыг өргөжүүлэх талаарх саналаа хэлсэн. Нөгөө талаас Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Оросын талын дарга айлчилж, хоёр орны хооронд асуудалтай байсан өмч хувьчлалынхаа нэгдүгээр үе шатыг хэрхэх тухайд тохиролцсон. Мөн ДЦС-IV-ийн дөрөвдүгээр генераторыг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус цахилгаан станцын хүчин чадлыг 90 мВт-аар нэмэгдүүллээ. Ирэх арваннэгдүгээр сард дараагийн генераторыг ашиглалтад оруулна гэдгээ хэлсэн.
Цаашлаад Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч бүрэн дэмжихээ илэрхийллээ. Хоёр талаас гарын үсэг зурсан гэрээний хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд терроризмын эсрэг тэмцэх талаар хэлэлцээр байгуулсан. Ингэснээр терроризмын эсрэг мэдээллийг талууд харилцан илэн далангүй солилцохоор болж байгаа нь онцлууштай.
Бүс нутаг, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа. Мөн Монгол Улсад зэвсэг, техникийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх тухай 2004 оны гэрээний үйлчлэлийг сунгахаар болсон. Монгол, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2019” хээрийн сургуулийг өнгөрсөн сард Дорнод аймагт зохион байгуулсан. 2009, 2014 онд ч энэ төрлийн хээрийн сургууль болж, ОХУ-аас зэвсэг, техникээ үнэ төлбөргүй шилжүүлж өгч байсан. Үүнийг цаашид ч үргэлжлүүлэхээр баталгаажууллаа.
-ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг манай улсаар дамжуулахыг ОХУ-ын талаас дэмжихээ илэрхийллээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцсон. Үүний хүрээнд болон мөн өнгөрсөн жил Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр байгалийн хийг Монголын нутгаар дамжуулах саналаа илэрхийлснийг В.Путин дэмжсэн. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлд энэ саналыг судалж үзэхээ илэрхийлсэн. Энэ бол стратегийн маш чухал ач холбогдолтой ажил. Цаашлаад Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридорын нэг чухал хэсэг нь хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах явдал. Тэгэхээр энэ удаагийн айлчлалаар дээрх асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч бүрэн дэмжээд холбогдох байгууллагуудыг ТЭЗҮ-ээ улам гүнзгийрүүлэхийг үүрэг болголоо. Ер нь хийн хоолой дамжуулж буй хоёр суваг өнөөгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Тийм учраас Монголын магистралыг тавих нь зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм. БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй нийцэхээс гадна дэлхийн зах зээлд байгалийн хийгээ гаргах ОХУ-ын ашиг сонирхолтой огглолцож байгаа учраас эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
-Худалдааны төлөөлөгчийн газрыг эргэн сэргээхээр болсныг хэрхэн харах ёстой вэ. Ямар шалтгаанаар татан буулгаад байсан юм бэ?
-Хоёр орны худалдааны нийт эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа. 2018 онд энэ тоо 1.6 тэрбум ам.доллар, үүнээс Монголын экспорт 42 саяар хэмжигдэж байсан. Тэгэхээр бид шатах, тослох материалын хувьд ОХУ-аас бараг 95 орчим хувийг нь авдаг. Ийм байдлыг өөрчлөх тухай асуудал бий. Үүний тулд Монгол Улс хойд хөршдөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох, тэр дундаа мах махан бүтээгдэхүүнийг хил орчмын бүс нутагт гаргах боломжтой. Үүний хүрээнд янз бүрийн өвчин гарч буй энэ үед ОХУ-ын талаас’ манай улсын малыг эрүүлжүүлэх талаар багагүй тусламж үзүүлж байна. Нөгөөтэйгүүр ОХУ-ын импортын татвар маш өндөр буюу 46-50 орчим хувьтай байдаг. ОХУ бол Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс шүү дээ. Тиймээс дээрх татварыг бууруулах эсэх нь дан ганц Оросын мэдлийнх биш. Өөрөөр хэлбэл, бид татвар ярихын тулд Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулах шаардлага үүсч байгаа юм. Энэ тухайд тус холбоотой гэрээ байгуулахыг ОХУ-ын тал дэмжлээ. Худалдааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд ОХУ Халхын голын дайны ялалтын хүрээнд хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр тохиролцсон. 1990 оноос өмнө ЗХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар гэж манай улсад үйл ажиллагаа явуулж байсан. Зах зээлийн эдийн засгийн хүндрэлтэй үед хаалгаа барьсан байсныг ийнхүү сэргээж байна. Хоёр талдаа Худалдааны төлөөлөгчийн газар нээх нь худалдаа, эдийн засаг төдийгүй бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал гэдгийг онцолъё.
-Таны хэлсэнчлэн бид шатахууны хувьд хойд хөршөөс бүрэн шахуу хараат. Дээрээс нь эрчим хүчний хувьд ч ихээхэн хамааралтай. Гэтэл энэ тухайд ахиц гарсангүй. Экспортын татварыг хөндсөнгүй, хүлээлтээс доогуур айлчлал боллоо гэж дүгнэх хэсэг байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Энэ талаар би дээр ярьсан. ОХУ бол Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон. Тиймээс энэ улстай худалдаа, эдийн засгийн хувьд дангаараа хэлэлцээр байгуулах боломжгүй юм. Холбоотойгоо гэрээ байгуулсан тохиолдолд гишүүн орнуудад нь хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилдэг гэсэн үг. Тиймээс манай улс тарифын хэлэлцээрийг дангаар байгуулах боломжгүй байх нь. Тийм учраас л Евразийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж болно гэж ОХУ-ын талаас хэлээд байгаа юм. Энэ тухайд айлчлалаар ярьсан нэгзүйл нь Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсч орох боломжтойг онцолсон явдал. Халхын голын дайны ялалтын ойн хүрээнд болсон айлчлал гэдэг утгаараа 10 гэрээнд үзэглэснээс гадна олон ажил, арга хэмжээг зохион байгууллаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалд Монгол Улс маш өндөр ач холбогдол өглөө. Ажлын өдрийг амралтынх болгосон зэрэг нь урд хөршийн хэт нөлөөг бууруулахад чиглэсэн алхам гэж зарим хүн дүгнэсэн. Ер нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалыг гаднын оронд хэрхэн хүлээн авч байгааг та судлаачийн хувьд дүгнэн хэлбэл?
-Энэ бол хоёр улс харилцаагаа сайжруулах тухай л асуудал. Бид амрах эсэх нь Засгийн газрын бүрэн эрхийнх. Айлчлал гэхээсээ бид чинь Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглээд байна шүү дээ. Баярын өдөр учраас л бид амарсан, энэ баярт зориулж, ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Энэ үеэр харин бид олон ажлыг амжууллаа.
Бид хойд хөрштэйгөө олон жилийн хамтын ажиллагаатай, үүнийгээ л сайжруулсан. Түүнээс үүнийг Хятадаас хараат байдлаа бууруулах гэх мэтээр тайлбарлаж болохгүй. Угаасаа бид хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах учиртай. Яах вэ, гаднын зарим хэвлэлд ОХУ Алс Дорнодод геополитикоо өргөжүүлэхийн тулд энэ удаагийн айлчлалд ихээхэн ач холбогдол өглөө гэх мэтээр дүгнээд байгаа юм.
Гэтэл бид 80 жилийн өмнө хамтарсан түүхэн ялалт байгуулсан. Ялалтын тэгш ой тохиож байгаа учраас л харилцаагаа сайжруулахын тулд холбогдох гэрээ хэлэлцээрийг байгууллаа. Халхын голын ялалтаар Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж бие даасан улс гэдгээ дэлхий дахинд харуулсан. Хоёрдугаарт, Халхын голын ялалт дэлхийн хоёрдугаар дайны үндэс суурь нь болсон байдаг. Энэ түүхэн баярыг бид маш өндөр түвшинд тэмдэглэх учиртай. Ийм чухал ойгоор бид зүгээр нэг шоу хийгээд өнгөрч болохгүй биз дээ. Одоо харин бид хоёр талаас тохиролцсон гэрээ хэлэлцээрээ ажил хэрэг болгох нь чухал. Эцэст нь хэлэхэд бид өнгөрсөн түүхээ бодитоор дүгнэж ойрын болон хэтийн төлөвөө өөдрөгөөр харах хэрэгтэй. Бидний дутагдалтай тал энэ. Өөрөө юу бүтээсэн нь тодорхойгүй мөртлөө бүгдийг өөлдөг байдлаасаа салах хэрэгтэй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)