Ж.Амгалан: Зөрчил гаргах нь гэмт хэрэг үйлдэх, магадгүй амь насанд чинь аюултай байдалд хүргэнэ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалантай ярилцлаа.

-Зөрчлийн хууль батлагдаад нэлээд удлаа. Энэхүү хуулийн үүрэг нь юу вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс Үндсэн хуультай. Үндсэн хууль гэдэг бол монголын ард түмний төр улстайгаа байгуулсан том гэрээ. Эх суурь бичиг. Энэ дээр нийгмийн дэг журам хангахыг төр хариуцдаг. Төрийн үүрэг учраас төрөөс нийгмийнхээ, иргэдийнхээ олон төрлийн баталгааг хангаж өгөх ёстой. Хэрэв ямар нэгэн байдлаар эрх нь хөндөгдөх юм бол эрхийг нь төр сэргээж зохицуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийг гаргаж мөрдөж байгаа юм. Хуучнаар Захиргааны хариуцлагын тухай хууль шүү дээ. Өнөөдрийн байдлаар Зөрчлийн тухай хууль бол Монголын нийгэм, иргэний дэг журмыг хангах тулгуур хууль мөн. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн аюулгүй байдлын тухай хууль. Энэ хуулинд үндэслэж, энэ хууль зөв хэрэгжиж байж иргэд нийгэмшиж дэг журамтай, өөрийн эрхийг хамгаалахаас гадна, бусдын эрх чөлөө хүндэтгэж явах үүрэгтэй.

-Зөрчлийн тухай хуулийг шүүмжлэх хүмүүс олон харагдах юм. Өнөөгийн нийгэмтэй зарим нэг заалтуудаараа зөрчилдөөд байна уу?

-Энэ хуулийг зөв мэдэрдэг, зөв ухамсарладаг иргэдэд Зөрчлийн тухай хууль хамаагүй шүү дээ. Ямар ч саад болохгүй, амьдардгаагаа амьдарна. Үүнийг зөрчөөд байгаа, үүнтэй холбогдоод байгаа улсаас шалтгаалж буруу зөрүү ойлголт төрөөд байгаа юм. Манай иргэдийн нийтлэг ухамсрын түвшин ардчилал, зах зээлтэй холбогдоод хэтэрхий чөлөөт байдал руу явчихсан. Дэндүү чөлөөт байдал руу явчихаад эргээд эрхзүйт төртэй нийгэмд дасаад амьдрахад үзэл бодолтой нь харшлаад байна. Хүссэн ч, эс хүссэн ч иргэн тэнгэрийн дор амьдарч байгаа учраас хууль номоороо л амьдарна. Аль ч улс оронд адил. Би ийм эрхтэй, миний эрх чөлөө хязгааргүй гэж ойлгож болохгүй. Одоо манайхан үүн дээр хашир суух болсон. Хар ухаанаараа зөв амьдрах цаг ирсэн. Нийтлэг нь энэ. Хэн дуртай нь “Энэ Зөрчлийн хууль чинь болохгүй байна” гэж орилоод байдаг нь төгс ойлголт биш.

-Цагдаагийн байгууллага ямар заалтуудыг нь шалгадаг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллага бол нийгмийн дэг журам хангахтай холбогдсон, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамаарах Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8-аар зохицуулсан зөрчлийн хэргүүдийг шалгаж байгаа. Үүний хүрээнд урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байна. Явуулж байж нийгмийг дэгтэй байлгах иргэний эрх чөлөөг хангах зориулалттай хууль хэрэгжиж байгаа. Ер нь Зөрчлийн тухай хуулийг УИХ-аас батлаад Монгол Улсад мөрдөж байсан 230 гаруй хуулиар тогтоосон 800 орчим зөрчлийн шинж бүрэлдэхүүнтэй, тэдгээрт хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан зүйл байдаг. Цагдаагийн байгууллага өнөөдрийн байдлаар 214 төрлийг шалгаж шийдвэрлэж байна. Үүнээс 13 зөрчлийг тусгай журмаар хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж гүйцэтгэж байгаа. Зөрчлийн хэргийг ганцхан цагдаагийн байгууллага шийдвэрлээд байгаа юм биш. Зөрчлийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар 28 байгууллага хэргийг тухайн харьяаллаараа шийдвэрлэж байгаа. Улсын хэмжээнд шалгаж шийдвэрлэж байгаа зөрчлийн 96 орчим хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчид шийдвэрлэж байна. Тус байгууллагынхан нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл ахуйн журмын зөрчлийн зарим хэсэг, тээвэр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчлүүдийг хариуцаж шалгаж шийдвэрлэдэг.

-Үр дүнгийн тухайд танилцуулахгүй юу. Хэдэн зөрчил илрүүлж хэдийг нь шийдвэрлэсэн бэ?

-2018 онд цагдаагийн байгууллага 198.1 мянган мэдээлэл хүлээн авсан. Үүний 127 орчим мянга буюу 64 хувийг нь нь зөрчлийн чанартай гомдол мэдээлэл байсан. Үүнийг шалгаж арга хэмжээ авсан. Өдөрт 340 орчим гомдлыг шалгаж арга хэмжээ авч байна гэсэн үг шүү дээ. Мөн цагдаагийн албан хаагчид өнгөрсөн онд нэг сая зургаан ерэн найман мянга нэг зуун далан найман зөрчил илрүүлж шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 27.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл өдөрт 4600 орчим, сард 141.514 зөрчлийг илрүүлж байна гэсэн үг. Энэ нь цагдаагийн алба хаагчдын ажлын ачааллыг зарим талаар илэрхийлж байгаа хэрэг л дээ

-Зөрчлийн тухай хуулийн ач холбогдлын тухайд илүү дэлгэрэнгүй ярилцъя л даа.

-Зөрчлийн тухай хуулийг нийгмээрээ зөрчихгүй байвал амар амгалан, айх аюулгүй тайван амьдарна. Хэрэв ийм хууль үгүй бол энэ нийгэм чинь зэрлэг хүн сүрэг гэдэг шиг юм болно шүү дээ. Хэн хэнийхээ эрхэд халдахгүй нийгэмшиж зөв амьдрахад энэ хууль шаардлагатай. Ач холбогдол нь үүнд л оршиж байна. Дотор нь төрөлжсөн салбарласан нарийн юм бий. Хуулийг хүн л хийдэг хойно зарим нэг нь хүндэдсэн, нэг талаараа хөнгөдсөн зүйл байна л даа. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийг бүхэлд нь хэрэгцээгүй хууль гэж болохгүй. 28 төрийн байгууллага хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд энэ хуулийг мөрдөж байгаа. Засч залруулах юм байгаа л байх.

-Зөрчлийн тухай хууль сэтгүүлчдэд хүнд тусч байх шиг. Сэтгүүлчийг “Гүтгэлээ” гээд л хоёр саяар торгочихдог айхавтар заалт байна?

-Зөрчлийн хуулийн 6.21 гэсэн заалтад “Гүтгэх” гээд заасан байгаа. Гүтгэх гэдэг маань нэг удаа гүтгэлээ хэдэн төгрөг санкцийн шийтгэл аваад салдаг юм биш. Хүнийг гүтгээд өш хонзонгийн хэлбэрээр үр дагавар гардаг. Үүнээс сэргийлж мэдээллийн аюулгүй байдалд улс анхаардаг. Нөгөө талаас хэвлэл мэдээллээр гүтгээд л муулаад байдаг. Энэ чинь гадна талдаа монголчуудыг эв нэгдэлгүй бусниулж болох нэг боломж онгорхой нүх шүү дээ. Ийм утгаар манай хэвлэлийнхэн хардаг байвал зүгээр. Ер нь цаг цагийн алдартай сэтгүүлчид эв нэгдэл рүү их анхаардаг байсан. Энэ талруу хэвлэлийнхэн ч анхаардаг байлгүй дээ. Сенсацилаад л шуугиад байвал Монголын ард түмнийг муухай замбараагүй зүйл рүү улам л турхирна.

-Хулгайлах гэмт хэрэг , тэр дундаа малын хулгайн хэрэг үйлдсэн этгээдийн учруулсан хохирлоос хамаараад торгоод явуулдаг. Энэ нь хулгайн хэрэг удаа дараа үйлдэх шалтгаан болж байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Малын хулгайтай тэмцэхэд тухайн хуулийн зохицуулалт алдаатай шийтгэл нь зөөлөн байна гэж үзэх хүмүүс байдаг. Малын хулгайн хуулийн шинэчлэл нь УИХ-дээр л явж байгаа. Энэ хууль батлагдахад асуудал шйдэгдэх байх. Мал сүрэг үндэсний баялаг. Хууль нь чангарах байх.

-Иргэдээс Зөрчийн хуультай холбоотой ямар санар санал шүүмж ихэвчлэн ирж байна вэ?

-Худалдаа эрхлэгчдийн зүгээс торгуулийн санкцийг өндөр байна гэсэн гомдол их ирдэг. Гомдол мэдээллийн дийлэнхийг гэр бүлийн хүчирхийлэл танхай л эзэлдэг дээ. Сүүлийн үед байгаль очинтой холбоотой өргөдөл гомдол олон бүртгэгдэж байна.

-Гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх , таньж илрүүлэх боловсон хүчинг хэрхэн бэлдэж байна вэ?

-Зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл байдлыг харгалзаад цагдаагийн байгууллагаас хэд хэдэн арга хэмжээ авсан. Цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар зөрчил хянан шийдвэрлэх албан тушаалтнууд, тэдгээрийн эрх хэмжээг нь тусгайлан тушаалаар тогтоогоод өгчихсөн. Мөн зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг нарийн мэргэжлийн зохицуулагчтай болгох болохоор манай албан дээр зөрчил хянан шийдвэрлэх арга зүйн хэлтсийг шинээр байгуулсан. Прокурорын байгууллага, шүүхтэйгээ хамтраад гарын авлага гаргасан. Монголчууд төрийн албан тушаалтны алдар хүндийг хууль бус үйлдлээс хамгаалах цагдаагийн албан хаагчдын зөрчил шалгаж байгаа ачааллыг тэнцвэржүүлэх замаар болзошгүй эрсдэлийг бууруулж явах ёстой. Иймээс зөрчлийг мэргэшүүлж шалгахад бусад байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг тасралтгүй хийж, бүх газрууд маань нэгдсэн журам стандартаар явж байна.

-Зөрчил гаргачихаад албан хаагчийн өөдөөс маргах тохиолдол нийтлэг ажиглагддаг. Торгуулиа төлөхгүй удахаас авахуулаад өөрийнхөө гэм бурууг ухамсарлахгүй байх тохиолдол элбэг байдаг шүү дээ?

-Зөрчил үйлдсэн этгээд зөрчил зөрчлийн хээ шийтгэлийг 15 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй. Энэ дээр маргаан гардаг л даа. “Би яагаа ч гүй, дүрэм зөрчөөгүй, гээд” торгуулиа төлөхгүй байх их. Биелүүлэхгүй цаашлаад явахаараа хуульд заасан шийтгэлийн үр нөлөө багасах гээд байдаг талтай. Ийм бүдүүлэг байж болохгүй л дээ. Бидний ирээдүйд ч хэрэгтэй. Монголдоо сайхан төлөвшсөн хүн аль ч оронд очоод зөв амьдарна.

“Энэ жилийн тухай д эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?

-Энэ жилийн байдлаар эргэн төлөлт 83 хувьтай байна. Иргэдийн нөхөн төлөлт сайжраад байгаа. Соёлд суралцаж байгаагийн нэг илрэл нь энэ шүү дээ.

-Шалган шийдвэрлэх ажиллагаа олон улсад ямар байдаг вэ?

-ОХУ л гэхэд 15 хоногийн дотор гомдол гаргах боломжтой. Хоёр сарын хугацаанд төлөх үүрэгтэй. Барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хэмжээг нугалдаг. Эсвэл 15 хоног албадан хөдөлмөр эрхлүүлнэ. БНСУ –д бол сан дураараа төлөөгүй бо сар бүр 10 хувиар нэмэгдээд явчихдаг. Жилийн эцэст зөрчил гаргасан этгээдэд мэдэгдэл хүргүүлээд л тээврийн хэрэгслийг нь хураагаад авчихдаг. Аль ч оронд иймэрхүү зарчмаар л явдаг. Зөрчил гаргаад байвал цааш нь гэмт хэрэг аюулруу, магадгүй амь насанд чинь аюултай байдалд хүргэнэ гэдгийг иргэн бүр анхаарах хэрэгтэй. Зөрчил гэмт хэрэг хоёр харилцан урвуу хамааралтай.

О.Дашням

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)