Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
- 2019-09-06
- Үнэн
- 0
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх улсын баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэхийг Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өнөөдөр шийднэ. Энэ жилийн улсын баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд албан ёсоор зарласан байдаг.
Гэвч Э.Оюунболд үүнийг эрс няцаан шээсийг нь сольсон гэж мэдэгдэн Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн юм. Тодруулбал, нийслэл 4 дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг долоо хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой. Тус хуулийн 55.1-т “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заажээ.
С.Аз
Сэтгэгдэл (0)