Малын хачигаар мөнгө "саахуй"

 

Эдүгээ арьсны шимэгч малын арьсыг үнэгүйдүүлсэн гол дайсан гэж малын “ерөнхий” болон “тархварын” эмч нарын төлгөнд бууж, ингэж төлөгдөхийг хачиг, шавьж, хууль барьцаалагчид эрүүдэн “зөвлөж” буй бололтой. Ийм төлөгдөл, зөвлөмж бүтэн нэг жаран үргэлжилж байна. Арьсны шимэгчийн халдлагад хамгийн бага өртдөг, бараг өртдөггүй адууны арьс илүү үнэгүйджээ. Хагас зэрлэг адуу ширхтэхгүй, бөөстөхгүй, хамуурахгүй, хүрддэхгүй. Хаварт бараг бүх адууны толгой, дэл, сойлго, суга, цавь, хярзанд асдаг цөөхөн хачиг арьсны чанарт бараг сөрөг нөлөөгүй. Адууны арьс үнэгүйдсэн нь арьсны шимэгчтэй ямар ч холбоогүй гэдэгт малчид итгэлтэй байна. 

 Үхрийн арьсч гуураас эрүүлжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэн, гууртай үхрийн хийгээд гуурын тоо эрс цөөрсөн. Үхрийн гуур “байхгүй болсон” ч үхрийн шир үнэгүйдэж буйг, гууртай, гуургүй үхрийн шир адилхан хямд бөгөөд стандарт бус ширний үнэтэй байгааг малчид гайхаж байна.  Амьд арьсны нийт гэмтлийн 30 гаруй хувь шимэгчийн халдварын улмаас, үүнээс 20 гаруй хувь нь бэлчээрийн хачигны халдлагаас үүсдэг гэж мал аж ахуйн бүтээгдэхүүний технологийн сурах бичигт буйг бид цээжилж шалгуулдаг байлаа. 

 

 Мал сүрэг жил тойрон арьсны шимэгчийн халдлагад өртөнө. Улирал бүр өөр өөр шимэгчид өртөөлөн довтолно. Өвөл хүрд, арьсч хачиг, ширх, бөөс, хавар гуур, бэлчээрийн хачиг, шалз, зун хэдгэнэ, дэлэнч, бургиус, хөх түрүү, шумуул, ялаа, батгана, намар арьсч хачиг идэвхжинэ. Олонхи малчид өдөр бүр мал сүрэгтээ зайны үзлэг хийдэг, арьс нь загатнасан амьтныг онцлож ажигладаг, биеэ олон удаа, удаан маажиж буй амьтныг барьж, үсэн бүрхүүлийг ярж үздэг, шимэгчийн халдварыг эрт оношилдог, цөөхөн шимэгчийг түүж устгадаг. Цөөнх малчид сүргээ хайхрахгүй, шимэгчид баригдсан цөөн мал, тэнд үүрлэсэн олон шимэгч өөрийгөө зарлана, үүнийг шимэгчийн онош гэдэг.

 

Цөөн амьтны олон шимэгчийг эмээр үхүүлж устгах, гэмтсэн арьсыг нөхөн сэргээх болон эцэж ядарсан малыг тордож эмчлэх хэрэгцээ үүснэ. Шимэгчид баригдсан цөөхөн амьтны төлөөнөө шимэгчгүй, цөөн шимэгчтэй олон амьтан эмжүүлэлтэнд өртөнө.  

 Бэлчээрийн хачигны хошуу, хялганын шивээ, харганын өргөс амьд арьсны хамгийн ноцтой гэмтээгчид гэдэг. Хачиг хаа сайгүй. Хачгийн идэвх жил бүр өөр, олон жилийн завсарлагатай идэвхжинэ, багцаагаар 7–8 жил тутамд 1–2 “хачиггүй”, 5–6 хачиг багатай буюу жирийн, 1–2 хачиг ихтэй жилүүд ээлжилнэ. Аливаа шимэгчийн халдварын тухайн сүрэг дэх тархварыг хэмжихэд шимэгчгүй, жирийн, эмнэл зүйн хөнгөн, дунд, хүнд, хэт халдвартай гэсэн 6 бүлэг ялгардаг. Шимэгчгүй амьтдын хувь бэлчээрийн хачиг, гуур, шалзны тархварт бага, ширх, бөөс, хүрднийхэд дундаж, өт, арьсч хачигныхад их байдаг. Шимэгчийн халдварт өртсөн амьтдын дийлэнх олонхи буюу 90 орчим хувь нь жирийн халдвартай буюу цөөхөн шимэгчтэй, эдгээрт эмнэл зүйн шинж илрэхгүй, арьс, үсэн бүрхүүлийн гэмтэл бага бөгөөд арьсны чанарыг гологдох, хямдрах хэмжээнд бууруулахгүй. Цөөхөн амьтанд буюу нийт шимэгчтэй амьтдын 10 орчим хувьд шимэгчийн эмнэл зүйн болон хэт халдвар үүсдэг, арьс, үсэн бүрхүүл гэмтэнэ, амьтан турна, эцнэ, үхэж ч мэднэ. 

Арьсч хачиг, ширх, бөөс, шалз арьсны гадар хөрсийг буюу эпидермисийг гэмтээнэ. Гадар хөрсний зузаан арьсны ихэнх талбайд нэг мм хүрэхгүй, нимгэн. Шимэгчээс амьтныг хамгаална гэдэг арьсны гадар хөрсийг нь бүтэн байлгана гэсэн үг. Хүрд, бэлчээрийн хачиг амьтны арьсны гадар хөрс, хөрс, дотор хөрсийг нэвт гэмтээнэ, дотор хөрсөнд цус хуруулна. Арьсч гуур арьсны дорх хөвсгөр холбох эдэд үүрлэж, улмаар арьсыг цоолж, “хамар”-аа цухуйлгана. 

Газарт өвөлжсөн өлөн хачиг амьтны үсэн бүрхүүлд асна, эр эмээ олж ханилна. Шинэхэн хосууд эх амьтны толгой, хүзүү, суга, цавь, хярзан зэрэг хэл, шүд, эвэр, туурайнаас хол, шөргөөх, хөрвөөхөд өртөхгүй, урт сахлаг үстэй, нүднээс далд хэсэгт амьдрах зайгаа сонгоно, олон эгнээ гэдрэг өргөстэй хошуугаа арьсанд нэвт шаана, тойруулж шүлсээрээ чигжинэ, шүлс нь царцаж, хатаж, хошууг арьсанд гагнаж бэхлэнэ. Арьсанд бэхлэсэн хошуу цус, шар ус зооглох соруул болно. Гагнаас бөх, хошууг хүчлэн татахад арьс өмөрч, цоорхой томорно. Хос хачигны амьтны арьсанд амьдрах хугацаа 5 – 7 хоног, ханийн жаргал эдлэх үе нь 3–4 хоног. Хошуугаа арьсанд бэхлэсэн эр хачиг 24–48 цаг, эм хачиг 48–72 цаг цус, шар усаар зоог барина. Эр хачиг эмээ хээлтүүлээд үхнэ. Хээлтэй хачиг хэвлийдээ бүрдсэн хэдэн мянган өндгөө бойжуулахын тулд цус, шар ус сорж, цүндийж, хувалз болно, улмаар газарт бууна, амаржих байраа хайна. Цадсан хачиг, хувалз хошуугаа арьсанд үлдээнэ. Богино хошуут хачигны 2–3 мм, урт хошуут хачигны 4–6 мм урт хошуу амьтны арьсны хамгийн хорлонтой гэмтээгч. Хачгийн болзох, нийлэх үе нь 4 сарын дундаас 6 сарын дунд хүртэл 60 гаруй хоног, Алтай, Хангай нутагт арай татуу, Тал, Говь, Голын нутгаар арай сунжруу, 5 сарын эхний 20 хоног “мал таталдуулдаг” оргил цаг нь. Энэ үед өдөр бүр шинэ хосууд болзоондоо ирж, таалал төгссөн эр хачиг, хувалз газарт бууна.   

Хачиг алах олон арга байна. Амьтны үсэн бүрхүүлд ассан хачгийг арьс гэмтээхээс өмнө түүж шатаах нь малчдын уламжлалт сонгодог арга. Үүнээс илүү ашигтай арга одоогоор алга. Амьтны үсэн бүрхүүлд асч буй хачгийг цуглуулж саванд хийнэ, арьсанд хошуугаа бэхлээд цус, шар усаар хооллож цадсан хачиг, хувалзыг хайчилна, үүнийг “мал хачиглах” гэнэ. Нэгэнт хошуугаа арьсанд гагначихсан хачгийг татаад хэрэггүй, хошуу үлдэнэ. Хувалзыг татаад хэрэггүй, хошуу нь аль хэдийн салчихсан байдаг, үүнийг “хачигны ам суларчээ” гэдэг. Эм хэрэглэх, гараар хачиглах хоёрт зарцуулах хөдөлмөр тэнцүү. Хувалзыг хайчлах хэрэггүй, түүний төрүүлэх 3000 – 5000 өндөгний хоёр нь амьтанд асч, ханилж, үр удмаа үлдээх хувьтай, бусад нь газрын олон амьтны идэш хийгээд хөрсний бордоо болно. 

     

Хачиг ихтэй бэлчээрийг түүний ид асч буй 20 хоногт ашиглахгүй, хачигны халдлагад хамгийн их өртдөг төл малыг “хачиггүй”, хачиг багатай нутагт бойжуулна. Энэ нь хачигнаас сүргээ хамгаалах хоёр дахь уламжлалт шалгарсан сайн арга. Сум, баг, хот айл бүр хаваржааны бэлчээрээ “хачиггүй”, хачиг  багатай, хачиг ихтэй гэж зааглан сэлгэж ашигладаг. Хаваржааны бэлчээрээ дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл ашиглаад зусландаа гардаг, бэлчээр ашиглалтын сайн дэгтэй малчдын сүрэг хачигны халдлагад бага өртөнө. 

 

Хачиг хордуулж алах нь амьтны арьсыг хамгаалахгүй. Бүх шимэгч арьсыг гэмтээж цус, шар усаар цадтал хооллоод эмийн хорны үйлчлэлд өртөнө. Нэгэнт арьс цоолчихсон, хошуугаа гагначихсан, цус, шар ус сорж байгаа, цадчихсан хачгийг алах арьсны чанарт нэмэргүй, ашиггүй, ямаан дээр тэмээний гарзтай үйлдэл. Хачиг үхүүлэх эмийн бэлдмэлийг тарьж, түрхэж хэрэглэхэд цус, шар усанд орсон хорны хачиг саажуулж алах идэвхтэй, хүртээмжтэй байх хугацаа 48–72, хамгийн хүчтэй үйлчлэх хугацаа 24–36 цагийн хооронд байна. Хачиг алах хорыг тарьсан, тариагүй амьтны арьсанд байгаа хачиг 72  цагийн дараа нэгэн зэрэг үхнэ. Хачиг үхүүлэх бэлдмэлийг арьсанд “ганц дусаахад” нэвчсэн хорыг хачиг арьс цоолж, хошуугаа гагнаж, соруул үүсгэж байж л хүртэнэ, арьс цоолоогүй, цустай, шар устай харьцаагүй хачиганд хор үйлчлэхгүй. Хачиг, шавьжны амьсгалыг боож алах хорны уусмал, цийдмэгт амьтныг дүрж, умбуулж эмчлэхэд шимэгч удаан үхдэг, хачиг, шавьж үхтэл дүрвэл эмчилж буй хүн, эмчлүүлж буй амьтан түрүүлж үхнэ. 

Хачиг, шавьжны амьсгал боох, мансууруулах, саажуулах хор хольсон нунтаг бэлдмэл буюу дүүстийг арьсанд шимэгч үүрлэдэг хэсэгт цацаж хэрэглэнэ, хачиг, шавьж үхүүлэх, арьс хамгаалах хамгийн гайгүй арга. Дүүст цацсан хэсгээс хачиг, шавьж дайжиж дал, нуруу, сэрвээ, гэдэс, хээл, ууц, гуяны “сайн” арьсыг гэмтээдэг. Ямар ч хүчтэй хорыг амьтны арьс гэмтсэн хойно хэрэглэх нь ашиггүй, илүү гарзтай. Хачиг, шавьжийг мансууруулж, саажуулж үхүүлэх үйлчлэлтэй ДДТ, гехсахлораны дүүст, креолин хамгийн сайн бэлдмэлүүд болой. ДДТ, гексахлораны дүүст, креолиныг хаа сайгүй буруу хэрэглэсэн, амьтныг сүргээр нь, ургамлыг талбайгаар нь эмжүүлсэн, хачиг, шавьжны хамт хүн, мал, амьтан, ургамал, орчин бүгд хордсон, зөв хэрэглүүлэх гээд дийлээгүй, арга буюу хорьсон, сайн эмийг хор нь бус, буруу хэрэглээ хорьсон. Одоо эрх бүхий амьтан, ургамлын эмч оновчтой, зөв хэрэглэхийг сэргээж, зөвшөөрч байна. Хүчтэй хорыг зуугаас нэг амьтанд хэрэглэх хэрэгцээ байна, үүнийг жинхэнэ эмч л хэрэглэж чадна. 

 

Намар хэдгэнийн хоргоолт зогссоны дараах тэмээ, адуу, үхэр, хонины тарих, түрхэх, утах аргаар хийсэн гуургүйтгэх эмчилгээний үр дүн сайн байна. Зун, намрын “угаалга”, намар, хаврын дүүстийн боловсруулалт, хаврын гуургүйтгэх эмчилгээ малын арьсны чанарт нэмэр болоогүй. Засгийн газраас өгсөн эмийн бэлдмэлийг малын эмч малчдад хүргэж өгнө. Малчид өөрсдөө улаан гараараа, амьтны арьс гэмтсэн хойно, аливаа шимэгчийг жамаараа үхэж байхад нь оройтож хэрэглэнэ. Жилдээ тавь гаруй сая малын тоог шимэгчийн нэр барьцаалан эмжүүлж байв. Эмжүүлэлт малчны ахуйг, эрүүл сүргийг, хот бууцыг, нутаг ус, бэлчээрийг бузарласан. Хаягдсан онгоцноос креолин, төлийн пүнзнээс дүүст одоо ч үнэртэж байна гээд малчид бахархдаг. 

 

Арьсны шимэгчийн халдлагад өртөх байдал ба амьд арьсны чанарыг харьцуулахад шимэгчгүй, нэгдүгээр дэсийн арьстай амьтад дунджаар тухайн сүргийн 70 орчим хувийг, шимэгчийн жирийн халдвартай, хоёрдугаар дэсийн арьстай амьтад 20 орчим хувийг, эмнэл зүйн хөнгөн халдвартай, гуравдугаар дэсийн арьстай амьтад 5-6 хувийг, дунд халдвартай, дөрөвдүгээр дэсийн арьстай амьтад 2-3 хувийг, хүнд халдвартай, тавдугаар дэсийн арьстай амьтад 1-2 хувийг, хэт халдвартай, зургаадугаар дэсийн арьстай амьтад нэг хувийг тус тус бүрдүүлнэ. 

Малчид төл эх барьж авсан цагаас мал борлуулах хүртэл арьсыг нь бүтэн байлгахын төлөө ажилладаг, чаддаг. Ямар арьс авах захиалгаа малчдад тодорхой өгвөл тэд үйлдвэрлэсэн бүх арьсныхаа 90 хувийг 1, 2-р дэсэд тэнцүүлж чадна. Арьсны чанар бол малчдын хийгээд баг, сум, аймгийн өрсөлдөх чадварын нэг чухал үзүүлэлт. Үүнийг амилуулахыг, малынхаа арьсны чанараар өрсөлдөхийг малчид хүсч байна. Аймаг, сум, баг, хот айлыг малын арьсны чанараар нь эрэмбэлэж болно. Үйлдвэрлэсэн арьсны чанарыг өрсөлдөх чадварын нэг чухал үзүүлэлт болгож, зэрэглэн үнэлбээс малын арьсны гэмтэл маш бага, байхгүй шахам болно.       

Бүх хот айлын сүрэгт бүтэн арьстай амьтад зонхилно. Хашаанд ордоггүй, хотлодоггүй сүрэгт арьс нь шархалсан амьтад ховор боловч үйлдвэр, ченжүүд арьс шилэхгүй, голохгүй, бүх арьсыг дээр үеийн стандарт бус тарзны, өмнөд хөршийн 6-р дэсийн арьсны үнээр худалдан авч байна, малчид амьтны арьс тордох, арчлан хамгаалахад цаг, мөнгө зарах ямар хэрэг байна? 

Өдгөө шимэгчид баригдсан цөөн малаа малчид өөрсдөө эмжүүлнэ. Шимэгчид өртөөгүй малын тоог “малын эмч” нар “улсын эмээр”, “улсын зардлаар” эмжүүлнэ. Малын тоог үндэслэн хачиг, шавьж барьцаалагч нар хэрэгцээгүй эм, онгоц шахаж татвар төлөгчдөөс дээрэмдэнэ, түүнийг нь хуурамч малын эмч нар малчдад зарж үзүүр цохино (төсвийн хулгайг хулгайлна). Хачиг, шавьж барьцаалагчид хуурах, хулгайлах шуналаа малын өвчнөөр мөнгө “саах” хуулийн” (Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль) 21.4–т Шимэгчтэх өвчний тархалт, халдварлалтын байдал улсын эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрсэн талаар мал эмнэлгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын зөвлөмж болон энэ хуулийн 28.9-д заасан мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн тухайн өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжилтийг зохион байгуулна.”, 33.1.3.2.-т “энэ хуулийн 21.4-т заасан шимэгчит өвчний” зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж шургуулсаныг УИХ ёсоор болгожээ. 

Малчид аа, үйлдвэрлэгчид ээ, хачиг, шавьж, арьс, хууль барьцаалагчдаас хол байгтун. Тэдэнд малын тоо, гарын үсэг, тэмдгээ бүү ашиглуул. 

 

Доктор О. Уламбаяр 

 

Архангай аймаг, Цэнхэр сум, Цохиотын булаг 

 

2019.07.19 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.126.89.138)

    2019-09-07

    тэгээд яах юм бэ хачигт идүүлэх нь зөв юм гэ ойлголоо

  • b (66.181.168.8)

    2019-09-07

    sain bichjee, bayarlalaa

  • alah nee (202.131.251.130)

    2019-09-07

    DDTg haana yamar ulsad butsaaj nevtruuleed baigaa yum be, doktor guai hudlaa tsuurahgui shuu.