Д.Булганцэцэг: Прокурор хүн тууштай, зарчимч байх ёстой боловч сэтгэлгүй байж болохгүй
- 2019-09-10
- Үнэн
- 1
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн ажлын нэг өдрийг сурвалжилж, прокурор хүний ажил, амьдралын онцлогийн талаар ярилцлаа. Биднийг очсон өдөр шинэ долоо хоногийн эхлэл даваа гариг байсан бөгөөд өглөө 8 цаг 30 минутад тус дүүргийн прокурорын газрын хамт олон бүгд цугларсан, шуурхай зөвлөгөөнөө хийж байлаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг Шуурхай зөвлөгөөнөө дуусгаад багахан цаг гарч ярилцлага маань эхлэсэн юм.
Ярилцлага хийх хүсэлтийг хүлээн авсан танд баярлалаа. Таны шинэ долоо хоногийн эхний өдөр шуурхай зөвлөгөөнөөр эхэлдэг бололтой. Ер нь Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор ямар ажлын чиг үүрэгтэй байдаг, үүнтэй холбоотойгоор таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөө бүр дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, газруудынхаа мэдээллийг авч л ажлаа эхлүүлдэг. Даваа гариг бүрийн өглөө шуурхай зөвлөгөөн хийнэ. Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын хувьд оролцох хурлууд их байдаг. Сард нэг удаа заавал дүүргийн прокурорын газрын Зөвлөлийн хурал хийнэ. Мөн 14 хоног тутам Нийслэл, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуроруудын шуурхайд оролцдог. Сар болгон хяналтын харьяа байгууллагуудтайгаа хамтарсан зөвлөгөөн хийж олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор тухайн дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүн байдаг учраас сард нэгээс дээш удаа хуралд оролцоно. Дотооддоо прокурор, ажилчиддаа зориулан сургалт зохион байгуулна. Мөн бүхий л салбарт хяналт шалгалт хийнэ, гомдол хүсэлттэй танилцаж шийдвэрлэнэ. Мөрдөн байцаалтын хугацаа сунгасан хэргүүдтэй танилцана, ээдрээ төвөгтэй давхар хяналтанд орсон хэргүүдтэй танилцаж үүрэг, даалгавар өгнө. Дүүргийн Ерөнхий прокурорын хувьд биечлэн хэрэг нэг бүрд хяналт тавьж шийдвэр гаргадаггүй, зөвхөн хууль, заавар журамд заасан үндэслэлээр, шаардлагатай тохиолдолд хэрэгт давхар хяналт тавьж, хяналтын прокуроруудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг юм. Энэ бүх ажлууд мэдээж нэг өдөрт амжихгүй учраас төлөвлөгөөний дагуу хийгдээд явдаг.
Та хэзээнээс Прокурорын байгууллагад ажиллаж эхлэсэн бэ? Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
Би 1993-1997 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж төгссөн. 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор түр томилогдон ажиллаж байгаад долоо хоногийн дараа Баянзүрх дүүргийн прокурорын газарт томилогдож ажилласан. 1997 он бол их онцлог жил байсан. Учир нь төрийн албанаас хүмүүс ихээр гарч, төрийн байгууллагууд боловсон хүчний дутагдалтай, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх үед манай төгсөлтийн 20 гаруй залуус прокуророор томилогдож, ажлын гараагаа Прокурорын байгууллагаас эхлүүлж байлаа. Би тэдний нэг байсандаа баярладаг. Тэр үед Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр гуай байсан. Улсын Ерөнхий прокурор өрөөндөө биднийг хүлээн авч прокурорын үнэмлэх гардуулж байлаа.
1997 оноос хойш Баянзүрх дүүргийн прокурорын газарт гурван жил ажиллаад 2000 онд Улсын Ерөнхий Прокурорын газарт ажиллах болсон. Тухайн үед “Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг” гэж Олон улсын байгууллага сургагч багш бэлтгэх болж тэрхүү сургалтанд нь хамрагдаж байлаа. Одоогийн Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Энхтөр гээд бидний 6 прокурор сонгогдон энэхүү сургалтанд хамрагдаж Герман хэл сурч байлаа. Герман хэлнийхээ курсыг төгсөөд ХБНГУ-д дадлага хийсэн юм.
2002 онд шинээр батлагдан гарсан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн сургалтыг 21 аймаг, 9 дүүргийн Шүүх, Цагдаа, Прокурор гээд бүхий л байгууллага дээр очиж хийдэг байсан.
2002 оноос УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокуророор томилогдон 6 сар ажиллаж байгаад Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст шилжин томилогдож 2013 он хүртэл хяналтын прокуророор ажилласан. 2013-2015 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мэдээллийн технологи, дүн шинжилгээний албаны даргаар ажилласан. 2015 оны 4 дүгээр сард Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст хяналтын прокуророор, 2017 оны 1 сарын 09-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророор томилогдсон. Прокурорын байгууллагад 1997 оноос хойш тасралтгүй 22 дахь жилдээ ажиллаж байна.
Та яагаад прокурор болохоор шийдсэн бэ? Магадгүй таны аавын нөлөө байсан уу?
Миний аав Б.Доржготов 26 жил Прокурорын байгууллагад ажилласан. Аав маань 1973 онд Хууль зүйн дунд сургуулийг төгсөөд Архангай аймгийн прокурорын газарт прокуророор томилогдож ажилласан. 1981 онд манайх Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Аав маань Нийслэлийн прокурор, Тээврийн прокурор, Улсын Ерөнхий Прокурорын газарт газар, хэлтсийн дарга, туслах прокуророор ажиллаж байгаад 2001 онд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд шүүгчээр томилогдож 2010 он хүртэл ажиллаж байгаад бурхан болсон доо.
Энэ ажил мэргэжлийг сонгоход аавын маань “үлгэр дуурайлал” маш их байсан. Би прокурорын гэр бүлд төрж, өссөн мөртлөө “прокурор больё” гэж нэг их бодоогүй. Анагаахын их сургуульд ангийнхантайгаа хамт бэлтгэж конкурс өгөөд орж чадаагүй. Хүүхэд байхдаа өөрийнхөө өгөгдлийг олж харж чадаагүй “эмч л болох гоё” гэсэн бодолдоо автаад л явж байсан юмшиг байна лээ. Харин жилийн дараа Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд элсэн орж, өөрийгөө илүү их танин мэдэж, сургуулиа түүртэлгүй төгссөн дөө. Хуульч аавын нөлөө ч байсан байх.
Аавтайгаа хамт нэг системд, тэр тусмаа прокурорын байгууллагад ажиллана гэдэг хэцүү. Тэр “том” прокурор, шүүгч аавын нэр хүндийг “өндөр өргөж” үргэлж хичээж ажиллах асар их үүрэг хариуцлага байсан, одоо ч байгаа. Энэ хичээл зүтгэл, үүрэг хариуцлага миний ажил, амьдралын чиг шугам болсон төдийгүй прокурорын байгууллага, хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцсан ажлаа нэр төртэй хийх ухамсар, сэтгэлийг надад миний аав бий болгож, төлөвшүүлсэн гэж боддог доо. Би 22 жил прокуророор ажиллаж байгаа ч аав шигээ прокурор болоогүй л байна.
Прокурорууд үргэлж л ажил ихтэй, цаг наргүй ажиллаж байгаа харагддаг. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд их хүнд ажилшиг санагддаг. Таны хувьд анх прокурор болчихоод халшрах, шантрах үе байсан уу?
Цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна. Саяхан л их сургуулиа төгсөж байсан юм шиг санагдаж байна. Баянзүрх дүүрэг тухайн үед ч хамгийн их ачаалалтай дүүрэг байж. Анхан шатанд хяналтын прокурор болчхоод эхний хэдэн жил яаж өнгөрснийг ч анзаараагүй өнгөрөөсөн байна. Гэртээ харьдаг байсан юм уу мэдэхгүй /инээв/. Орой болтол ажил дээрээ сууна. Тэр үед байгууллагын хэмжээнд нэг л компьютертэй, тэр нь зөвхөн бичгийн машины үүрэгтэй. Хууль хүртэл өнөөгийнх шиг байсангүй. Тухайн үед хэвлэсэн хуультай прокурор цөөхөн байсан байх. Хууль өдөр тутмын сонинд хэвлэгддэг. Аав маань хуульч-прокурор байсан болохоор сонин дээр гарсан хуулиар хайчилбар хийгээд үдчихдэг, түүнийг л ашиглаж байсан. Прокуроруудад туслах ажилтан гэж байсангүй. Яллах дүгнэлт, тогтоол шийдвэр зэргийг “гараар” бичээд бичээчдээ өгнө. Бичээч бичгийн машин дээр цохож өгдөг байсан.
1997-1999 онд Б.Цэрэнбалтав прокурор /Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан-сурв/ манай Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор байсан. Би шинэ прокурор учир бүхий л тогтоол, шийдвэрээ хянуулна. Б.Цэрэнбалтав прокурор улаан балаар алдаагүй болтол нь дахин дахин засдаг байлаа. Тэгээд жилийн дараа гэхэд улаан балаар засах нь цөөрч, улаан балаар зуруулаагүй байвал өөртөө омогшино. Нүүрэн дээр болж байна гэж хэлэхгүй ч тэр улаан балны тэмдэглэл цөөрч байна гэдэг тухайн хүнд урам өгч байна гэсэн үг л дээ. Одоо би дүүргийн Ерөнхий прокурор болчхоод хүний бичсэн зүйлийг засах ямар хэцүү болохыг биеэрээ мэдэрч байна. Өнөө үед хүн бүр компьютертэй болсон учир аливааг засахад ч амар болж. Гэхдээ хэт амарчлаад ирэхээр толгой ажиллахгүй болсон нь харамсалтай. Тэр үед бид гараар их зүйл бичдэг байсан учир толгой их ажиллана. Б.Цэрэнбалтав прокурор заримдаа бидний бичсэн цаасыг ураад хаячихна. Цаасаа уруулсан хүн чинь харах юм байхгүй шүү дээ. Тэгээд л дахин бодож, боловсруулж бичихээс өөр аргагүйд хүрдэг байлаа.
Шийтгүүлээд баярлаад ирэх хүн ховор шүү дээ. Нэг өдөр ажил дээр сууж байтал шүүхээр шийтгүүлсэн нэг хүн өрөөнд ороод ирсэн. Тэгээд мэнд мэдсэнээ “Чи намайг таньж байна уу?” гээд “Гурван жилийн өмнө чи намайг яллаад шоронд явуулсан, гараад ирдэг л юм байна” гэж байна. Тухайн үед өрөөндөө ганцаараа сууж байсан болохоор эвгүй санагдаж байсан боловч “За болж дээ”гээд тайвнаар хүлээн авч, хэсэг ярилцсан. Нөгөө хүн маань ч тайвширч учир байдлаа яриад, дахин хэрэг төвөгт орохгүй гэдгээ хэлээд гарсан даа. Уул нь надад их л өс санаж ирсэн гэсэн. Харин өөдөөс нь уурлаж ундуйцан хүлээж авсан бол яах байсныг хэн мэдлээ. Ер нь прокурортой уулзахаар ирж байгаа хүмүүс ихэнхдээ л уурлаж, бухимдсан байдаг юм. Тэгэхээр “гал шиг ороод ирсэн хүний өөдөөс хэзээ ч битгий гал шиг бай! Тайван байж үгийг нь сонсож сур” гэж би прокурор, ажилтнууддаа хэлдэг юм.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 тоот тогтоолоор анх үүсгэн байгуулагдаж байсан. Одоо тус дүүргийн прокурорын газарт нийт 25 прокурор, 8 туслах ажилтан, захиргаа үйлчилгээний 14 ажилтан гээд нийт 47 хүний орон тоотойгоор ажиллаж байна.
Дүүрэг болгонд гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл харилцан адилгүй байдаг байх. Чингэлтэй дүүргийн тухайд ямар онцлогтой вэ?
Чингэлтэй дүүрэг 19 хороотой. Эхний 1-10 дугаар хороонд төвийн орон сууцны хороолол, 10-19 хороонд Чингэлтэй, Хайлааст зэрэг гэр хороолол, Яргайт, Жигжид гээд зуслангийн бүс багтдаг. Манай дүүрэг хоёр Цагдаагийн хэлтэстэй. Цагдаагийн хэлтсүүдийн шалгаж байгаа хэргүүд ч харилцан адилгүй. Нэгдүгээр хэлтэст хулгай, залилангийн хэргүүд ихэвчлэн шалгагдана. Учир нь банк, санхүү, худалдаа, үйлчилгээний газрууд олонтой тул залилангийн хэргүүд нийт хэргийн талаас илүү хувийг нь эзэлдэг. Харин гэр хороололд гарч байгаа хэргийн тухайд хулгайн хэрэг мөн бусдын эрүүл мэндэд халдсан хэргүүд, гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд дийлэнх хувийг эзэлдэг.
Зарим тоон мэдээллүүдийг хүргэхэд 2019 оны эхний хагас жилийн байдлаар Чингэлтэй дүүргийн прокурорын газар 2760 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Харин өмнөх оны үлдэгдэлтэйгээ нийлээд нийт 4923 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьснаас 3362 хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс 833 хэргийг хааж, 728 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулсан байна. Хэргийн хувьд бусад дүүрэгтэй харьцуулахад бага ч гэлээ цөөн хяналтын прокурор ажилладаг тул ачаалалтай ажилладаг.
Мөн Чингэлтэй дүүргийн хувьд Зөрчлийн хэрэг ихтэй. Ялангуяа замын хөдөлгөөний эсрэг зөрчлийн гомдол, хэргийн шийдвэрлэлт өндөр байдаг. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах 13 байгууллага, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Мэргэжлийн Хяналтын газар, Улсын бүртгэлийн газар, Онцгой байдлын газар, Цэргийн байгууллагын 330 гаруй эрх бүхий албан тушаалтан ажиллаж байгаа. Гэтэл зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих 1 ахлах, 3 хяналтын прокурор л ажиллаж байна. Ихэнх дүүрэг, аймгийн прокурорын газарт мөн л ийм орон тоотой байгаа. Тэгэхээр зөрчлийн хэрэгт хяналт тавих прокурорын ажлын ачаалал маш их гэсэн үг. Дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэгт хяналт тавих хэлтэс 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 975 зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Зөрчлийн талаар гомдол мэдээлэл ирсэн цагаас эхлэн прокурорын хяналт шалгалтын ажил эхэлдэг. Үүнээс шийтгэл оногдуулсан 181, шүүхэд шилжүүлсэн 416 хэрэг байна. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хуралдаанд 100 хувь прокурор оролцсон. Тэгэхээр нэг прокурор ямар их ачаалалтай ажилладгийг харж болно.
Танай дүүрэгт залилангийн хэрэг их гардаг юм байна. Иргэд яагаадэнэ гэмт хэргийн хохирогч болсоор байна вэ, таны зүгээс сэрэмжлүүлэг болгож хэлэх зүйл байна уу?
Залилангийн хэрэг улс орны эдийн засагтай уялдаад өөрчлөгдөж, арга нь нарийсч байна. Нэг хэсэг “Солонгосын виз гаргаж өгнө”, “Тендер авч өгнө” гэж их залилдаг байсан бол одоо олон нийтийн сүлжээ ашиглаж залилах нь түгээмэл болсон. Хуурамч аккаунт нээж, хэдэн саяар нь залилж байна. Сүүлийн үед секундын зайтай залилах боллоо. Дансанд нь мөнгө байршуулж өгсний төлөө хувь авдаг хүмүүс байдаг. Тухайлбал 100 сая төгрөг байршуулаад таван хувийн шимтгэл авдаг. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс дээр очоод Солонгос болон бусад орны визэнд орох эсвэл өөр шалтгаанаар дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна гэдэг. Нөгөө хүн нь ямар ч гэрээ хийхгүй шүү дээ. Ингээд 100 сая төгрөг оруулангуут, тухайн данс нь өөр хамтран эзэмшигчтэй, тэр хүн нь байршуулсан мөнгийг нь авчихна. Дансанд нь мөнгө хийсэн хүн авсан хүнийхээ өрөөнд суугаад байдаг. Нөгөө нөхөр гарч явахгүй учир мөнгө нь байгаа гэж ойлгодог. Эсвэл хуурамч данс нээгээд утсаар шилжүүлчихэж байна. Ингээд хэдхэн секундын дотор мөнгөө алддаг.
Олон нийтийн сүлжээгээр хэн нэгнээс мөнгө нэхчихээд тэр мөнгөө зүгээр л гудамжинд таарсан хүнийхээ дансруу хийлгэж авдаг байх жишээтэй. Сүүлд данс эзэмшигчийг нь хөөж олоход “Би мэдэхгүй, гудамжинд тааралдсан хүнд хэрэглүүлсэн, царайг нь санахгүй байна” гэдэг. Энэ мэтээр залилан хийх арга улам нарийсч байгааг ард иргэд анхаарах хэрэгтэй.
Манай Чингэлтэй дүүргийн прокурорын газарт “Монгол Жи тайм”, “Стэнфорд”-ын хэргүүд хянагдаж байна. Тэд төвийн дүүргүүдэд оффисын байр түрээсэлж байгаад хэдхэн өдрийн дотор хэдэн тэрбум төгрөг авч иргэдийг залилсан байсан. “Монгол Жи тайм”-ын хохирогчид л гэхэд гурван мянгад хүрч, хохирлын хэмжээ нь 3 тэрбум төгрөг болсон.
Иргэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохгүйн тулд хууль эрх зүйн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Дүүргийн прокурорын газар иргэдэд зориулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, яриа, таниулга зэрэг арга хэмжээг тогтмол явуулдаг. Гарын авлага бэлтгэж тараах, эрх бүхий албан тушаалтан, иргэдэд мэдээлэл өгөх ажлыг ч хийж ирсэн. Цаашид ч иргэдийн хуулийг мэдлэгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөсөн.
Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор өглөөний шуурхай зөвлөгөөнийхөө дараа хэлтсийн дарга нартайгаа үргэлжлүүлэн хуралдаж, тусгайлан ажил, үүргийн чиглэл өглөө. Дараа нь Д.Булгацэцэг прокурор тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөөний дагуу Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Л.Цогтхүүтэй хамт Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төв дээр гэнэтийн шалгалт хийхээр явсан юм.
Иргэдийн хэлж заншсан Дэнжийн мянгын түр саатуулах байр нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Тээврийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн саатуулагдсан хүмүүсийг авчирдаг бөгөөд ихээхэн ачаалалтай ажилладаг юм байна. Нийслэлийн цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх, саатуулах төвийн ажлыг ахлах байцаагч, ахмад Д.Цэрэндаш танилцуулж байв.
Тус төвийн ахуй нөхцөл болон саатуулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд баримтлах холбогдох журам зааврын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж шалгасан юм. Д.Булганцэцэг прокурор тус төвийн барилгын зарим хэсэгт цууралт үүссэн, ашиглах боломжгүй байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа дүгнэлт гаргасан боловч одоог хүртэл ажиллаж байгаад зохих анхаарал тавьж ажиллах шаардлагатай байгааг анхааруулж зөрчлийг арилгах талаар тодорхой үүрэг, чиглэл өгч ажилласан юм.
Ер нь прокурорыг хүн ялладаг гэдэг утгаар нь нийгэм хүлээж авдаг. Угтаа бол хуулийг нэг мөр хэрэгжүүлэхийн төлөө, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг гэдэг талаас нь хардаггүй. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?
Прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчим бол хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах юм л даа. Прокурорыг яллагч гэдэг утгаар нь хүмүүс их ойлгож хүлээж авдаг. Нөгөө талаас нь аваад үзвэл яллагдаж байгаа хүнийг хуулийн байгууллагад шалгагдаад ирэхээр эрх нь хангагдаж байна уу гэдэгт прокурор хяналт тавьж ажилладаг. Тухайлбал, хэргийг шалгах явцад тухайн хүнийг дарамталж байна уу, хуулийн дагуу хэргийг шалгаж байна уу, бага насны хүүхдэд холбогдох хэргийг хуульд заасан тусгай журмын дагуу шалгаж байна уу, хүнийг хуулийн дагуу баривчилж, цагдан хорьж байна уу, хоригдож байхдаа эрх нь зөрчигдөж байна уу гээд маш олон зүйл дээр хүний эрх талаас нь хяналт тавьж, илэрсэн зөрчлийг засуулах, арилгах арга хэмжээ авч, буруутай албан тушаалтанд нь хариуцлага тооцуулж ажилладаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед ч, цагдан хоригдож байхад ч, шүүхээс ял авах эсвэл ялаас өөр төрлийн хорих ял авсан тохиолдолд ч прокурор хяналтаа тавьсаар байдаг. Хэдийгээр тухайн хүн гэмт хэрэг хийсэн ч “хүн” гэдэг утгаараа хуульд заасан эрхээ эдлэх ёстой. Нөгөө талаараа хохирогчийн ч эрхийг давхар хамгаалж байдаг. Бүх хуулийн хэрэгжилт дуусан дуустал нь хяналт тавьдаг субьект бол прокурор. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаад дуусдаг, Шүүх шийдвэрээ гаргаад болчихдог бол прокурор бүхий л шатанд ажилласаар байдаг онцлогтой.
Прокурор хүний хувьд прокурорын мэргэжил, ёс зүйн зарчмыг баримтлахаас гадна хувь хүнийхээ хувьд ямар зарчим баримталдаг вэ?
Би Улсын багшийн их сургуулийн сэтгэл судлалын ангийг давхар төгссөн, сэтгэлзүйч мэргэжилтэй. Сэтгэл судлалд хүнийг ерөнхийд нь дөрвөн төрөлд ангилж авч үздэг. Аль ч хэв шинжид өөрийн гэсэн давуу талууд байгаа. Хуульч хүний хувьд флегматик хэв шинжийн хүн байвал илүү тохирно гэж боддог. Өөрөөр хэлбэл илүү зарчимч байх ёстой. Хуульд заасан үндэслэл шаардлагын дагуу асуудлыг шийддэг байх ёстой. Гэхдээ сүүлийн үеийн чиг хандлагаар сургуулиа 100 хувийн оноотой төгссөн, алдаа гаргадаггүй, маш зарчимч, хуулийн үг үсгийг ягштал биелүүлдэг тийм хуульч хэрэгтэй байна уу, эсвэл ажилдаа чин сэтгэлээ зориулсан, хүнийг “хүн” гэж харьцдаг сэтгэлтэй хуульч хэрэгтэй байна уу гэдгийг бодож үзэх л хэрэгтэй. Хуульч хүн бол “жинхэнэ хүн” байх ёстой гэж Б.Чимид гуай хэлсэн байдаг. Прокурор хүн тууштай, зарчимч байх ёстой боловч сэтгэлгүй байж болохгүй. Дүүргийн Ерөнхий прокурорын хувьд прокурор, ажилтнууддаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хандлагаа өөрчлөх нь чухал болсон шүү гэдгийг захидаг даа.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд “Прокурорын албаны өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.
Баярлалаа. Монгол Улсын Прокурорын байгууллагад одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан нийт прокурор, ажилтнууд та бүхэндээ “Прокурорын албаны өдөр”-ийн баярын мэнд хүргэе.
Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурор Д.Булганцэцэг аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлж яваа удам дамжсан прокурор төдийгүй дүүргийнхээ анхны эмэгтэй ерөнхий прокурор юм. Гэнэтийн шалгалт, уулзалт зөвлөгөөн гээд ар араасаа ундарсан их ажлын хажуугаар бидэнд ярилцлага өгсөн бөгөөд ачаалалтай өдрийнхөө төгсгөлд ч тэрээр ажлаа үргэлжлүүлэн хийхээр үлдлээ...
Ярилцсан сэтгүүлч: Ю.Ариунзаяа
Сэтгэгдэл (1)
(202.179.24.64)
хамгийн гол нь хүний хувь заяаг дээдлэх ёстой