Г.Аюурзана: Гоо зүй гэдэг эх оронч сэтгэлгээний үндэс

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.АЮУРЗАНАТАЙ ярилцлаа. Тэрбээр Монголын урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит сангаас олгодог “Гоо зүйн дээд шагнал’’-ын эзнээр тодорсон юм. Энэхүү шагналыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан утга зохиолын салбарынхнаас анхлан хүртжээ.

-“Гоо зүйн дээд шагнал” хүртсэнд баяр хүргэе. Энэхүү шагналын мөн чанарыг хэрхэн тодорхойлох вэ?

-Гоо зүйн сурах бичгийг Монголд анхлан туурвисан XX зууны нэрт сэхээтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит ес дэх шагналтан болсондоо баяртай байна. Монголчууд есийн тоог бэлгэшээдэг. Гоо зүй бол уран зохиолоор хязгаарлагдахгүй бүх салбарт чухал. Гэтэл бидний харах өнцөг өөр болжээ. Амьдралыг нандин талаас нь хардвг ухаанд сургадаг гоо зүйг өнгөцхөн дүгнэж буй нь харамсалтай. Гоо зүй бол амьдралыг сайхан талаас нь харж, сүүдрийг нь орхигдуулдаг зүйл биш. Энэ бол мөн чанарын ухаан. Сайхны эсрэг нь муухай, эмгэнэлийн эсрэг хошигнол байдаг нь гоо зүйн категори юм. Амьдралаас хамгийн нандиныг нь олж харсан, урлаг, утга зохиолоос дээд таашаал мэдэрсэн хүн л сайныг муугаас, зөвийг буруугаас ялгах чадвартай болдог.

 

-Монголын уран зохиолын түүхэнд гоо зүйг хэрхэн тусгаж байсан юм бол?

 

-Утга зохиол бол хүний мөн чанар, үнэний эрэл. Гоо зүй судлал 2500 жилийн өмнөөс хөгжихдөө ёс зүйн хөтөч болж ирсэн. Тиймээс баруунд эстетика, этика гэсэн ойлголт зэрэгцээ явдаг. Нэгэн яруу найрагч нас барахынхаа өмнө “Милоссийн Венера” гэдэг уран баримлыг удаан ширтэж амьдралтай салах ёс гүйцэтгэсэн байдаг. Тэр яруу найрагчийн хувьд амьдрал бол урлагийн төгс бүтээл, сайн сайхны охь байв. Амьдрал хүний харах өнцгөөс хамаардаг. Бид уран зохиолыг бүтээн туурвихдаа ёс зүйг чандлан сахих ёстой. Манай утга зохиолын уламжлал хичнээн баян болох тухай “Монголын нууц товчоо”-ноос эхлээд ярьж болно. “Нууц товчоо” бол домог, түүхэн эсээ, яруу найраг, эрхи товчисын хосгүй антолог.

 

Монгол түмний бичгийн уран зохиолын дээж, эрин үеийнхээ дээд эрэмбийн уран бүтээл юм. “Монголын нууц товчоо”-ны яруу найргийг гоо зүйн өндөр түвшинд бичсэн байдаг. Жишээлбэл, Бодончир харцгаар ан гөрөө хийлгэж буйг илэрхийлэхдээ “Баруунаас салхи гарахад түүний харцгаар бариулсан, хун галууны өд будрах цасан мэт бутран хийсч ирэвэй” гэдэг. Энэ бол монголчууд гоо зүйн мэдрэмжтэй ярьж байсны илэрхийлэл юм.

 

-Тэгвэл орчин үед Монголын урлаг, утга зохиолын салбарынхан гоо зүйг уран бүтээлдээ хэрхэн тусгаж байна вэ. Нийгэмд үзүүлэх гоо зүйн нөлөөллийг өөрийнхөөрөө дүгнэнэ үү?

 

-Монголчуудын сүүлийн хэдэн жил туулсан зам мөр эргэцүүлж үзвэл, шорон, номын сангийн алийг нь олон байгуулав. Бид хүүхдээ дагуулаад музей, хоолны газрын алинаар түлхүү үйлчлүүлж байна вэ. Насанд хүрсэн бид уран зургийн үзэсгэлэнгийн нээлт, уушийн газрын алинд илүү зочилдог вэ. Төр засаг байгалиа устгах ажиллагаа, нөхөн сэргээх төлөвлөгөөний алинд илүү хөрөнгө оруулсан бэ. Бид онгон байгалиараа бахархдаг. Үнэхээр ч манай орон дэлхийд гайхуулах байгальтай. Гэвч түүнийгээ хүн харахын эцэсгүй болгон сүйдэлж байна. Ингээд бодоход бид гоо зүйн хатуу үнэнтэй нүүр тулж байгаа юм. Бид гоо зүйн дээд категори ярих боломжгүй цаг үед амьдарч байгаа нь харамсалтай. Монгол Улсын хэмжээнд хүрэлцээтэй шорон байгаа ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байна.

 

Монголын ирээдүй давчуу танхимд шахцалдаад хичээллэж байна шүүдээ. Амьдрал биднээр дуусахгүй. Цааш үргэлжилнэ. Тэгэхээр гоо зүй гэдэг нь эх оронч сэтгэлгээний үндэс юм. Ахуй нь алга болохоор соёл нь амьгүйддэг. Энэ бол жам. Хамгийн чухал нь нүүдэлчин сэтгэлгээнээс үргэлжилсэн оюуны өв хэзээ ч баларшгүй мөнхөд үлдэх боломжтой.

 

Угаасаа ч том орон зайтай сэтгэлгээнд тийм давуу тал бий. Уран зохиолыг ойлгох цэгнэх чадвар ч ялгаагүй, бидний дотоод сэтгэлээс хамаардаг. Сайхан зүйлийг олж харж чаддаг, зовлон ойлгодог, гуниглаж мэддэг, уудам сэтгэлтэй хүмүүс л хамгийн сайн уншигч байдаг. 

 

-Сүүлийн жилүүдэд сайхны тухай ойлголтыг гадаад үзэмжээр дүгнэж, дотоод чанарыг орхигдуулах болсон. Таныхаар сэтгэлийн гоо сайхныг хэрхэн бий болгодог вэ? 

 

-Ганган хувцасласан, гоё хүмүүсийг л зурагтаар үзүүлдэг болжээ. Монголчууд аливааг өнгөн талаас нь дүгнээд сурчихлаа. Магадгүй үүнийг хэвийн, байдаг л зүйл мэт болгосноор хүмүүс гаднаа гяланцаг байхыг эрмэлзэж, дотоод мөн чанараа гээж байна. Ийм өнгөжсөн ард түмэнтэй улс ирээдүй бүрхэг болно. Дотоод гоо зүйг урлаг, уран зохиолоор бий болгодог. Өнөөгийн монголчуудын дотоод ертөнц рүү өнгийвөл мөнгийг л амжилт гэж хардаг болжээ. Үнэт чулуу, торго, алт мөнгө шүтсэн утгаар л үндэсний баяртаа голчлон хандаж, хойч үедээ мөн л харагдах үзэмж, эд өлөгт ач холбогдол өгдөг хортой үлгэр дуурайл үзүүлцгээж байна. Үр хүүхдүүдийнхээ дотоод ертөнцийг урлагаар, уран зохиолоор, хүнлэг сэтгэлээр л баяжуулахгүй бол хэтэрхий ядуу энэ сэтгэлгээ маань үе дамжин архагшсаар хэзээ ч эдгэхгүй байх вий. Дотоод ертөнц нь баян иргэд л улс орноо өөд татдаг. Түүх зохиол ойлгодог, урлагийг үнэлдэг, хүнлэг ариун сэтгэлтэй хүмүүс л эх оронч байдаг. Бусдыг залилж, бусдыг дээрэмдэж, бусдаас хулгайлаад ч хамаагүй сайхан амьдрахыг хүсдэг хүмүүс яаж ч эх оронч байх билээ, яаж ч тэд хүүхдээ эх оронч болгож хүмүүжүүлэх билээ дээ. Тэдний дэргэд өсч буй хүүхэд эгэл даруухан мөрөөрөө амьдрахаас, бусдад тус дэм болохоос, бусдыг зөв зүйлд уриалан дуудахаас, бусдыг хайрлахаас айдаг хүмүүс л болцгооно. Хоёр жилийн дараа үр дүнгээ өгдөг зүйлийн хойнбос хөөцөлдөх хэрэггүй. Нидерландын дунд сургууль бүр уран зургийн дугуйлантай болсон хорин жилийн дараа эерэг үр дүнгээ өгсө.н. Хүүхдийн урлаг, гоо зүйн боловсролд өнөөдрөөс эхлэн анхаарах нь зүйтэй.

 

-Улс орнууд хойч ирээдүйгээ улсынхаа болон үндэсний өвөрмөц соёлд тулгуурлаж бэлтгэдэг. Нидерландад уран зургийн дугуйлан байгуулж байсан түүхийг та дурдлаа. Тэгвэл манайд ямар нөөц боломж байна вэ?

 

-Урлаг, уран зохиол гэдэг хүнийг өөр түвшинд хүргэдгээрээ агуу юм. Жинхэнэ дээд урлаг, ардын урлаг хоёрт нийтлэг зүйл бий. Гэхдээ тэдний дунд орших дундаж урлагийн тухай ярих хэрэггүй. Тэгэхээр бид хөөмий тэргүүтэй ардын урлагийнхаа сорыг орчин үеийн урлагтай хослуулж хүүхдээ хүмүүжүүлэх нөөц боломж байна. Харамсалтай нь, бид ялгаж салгаж чадалгүй нийтийн урлагийг хөгжүүлж байна.

 

-Яруу найраг, утга зохиолын нийгэмд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөлөл нь юу вэ. Тэр дундаа сэтгэлгээний яруу найргийн үүрэг, ач тус юу вэ?

 

-2000 гаруй жилийн өмнө томьёолсон, уран зохиолын зарчим байдаг. Тэр нь хүн гэгч чухамдаа хэн болохыг илчлэн харуулах. Уран зохиолыг ойлгож таньснаар хүн эцсийн эцэст амьдралыг таних ёстой юм. Амьдрал гэдэг бол их өргөн ойлголт. Энэ ойлголтын дотор үхэл ч багтана. Жинхэнэ уран зохиол философиос ангид байдаггүй. Тиймээс ч уран зохиол ойлгодог хүмүүс амьдралыг тэнүүн, өргөн утгаар нь хардаг, шуналгүй, бусдад атөархдаггүй, үхлээс айдаггүй байх гэх мэт сайн чанарыг олж чаддаг. Бид аман яруу найрагтай одоо болтол зууралдаастай байгаа болоод л сэтгэлгээний яруу найраг гэж онцлоод байгаа хэрэг шүү дээ. Уг нь яруу найраг гэдэг ерөөсөө л сэтгэлгээний  урлаг юм. Ер нь уран зохиолд байр суурь гэдэг бол ширээ сандал ч юм уу, албан тушаал, мөнгө хөрөнгө биш

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)